ГХЯ: Алтанбулаг боомт дээрх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ямар нэгэн цуваа, дараалал үүсээгүй
2022/09/22
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.09.21/ “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж цэрэг татлагын үйл ажиллагаа эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Оросын жуулчид Алтанбулаг боомт дээр хил нэвтрэхийн тулд цуваа үүсгэсэн байна гэх зураг, бичлэг нийгмийн сүлжээнд тархсан.
Нөхцөл байдлыг илүү тодруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын эх сурвалжтай утсаар холбогдоход "ОХУ-аас Монгол руу орж ирэх иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд ихээр нэмэгдсэн. Яг одоо тоо хэлэх боломжгүй байгаа ч шалган нэвтрүүлэх боомтын ачаалал эрс нэмэгдсэн.
Ингэхдээ зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар мөн орж ирж байна.
Мөн ОХУ-ын Буриадын Монгол Улстай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомт буюу Хиагт дээр ОХУ-аас манай улсыг зорьсон иргэд нэлээд урт дараалал үүсгэсэн гэсэн мэдээлэл бол үнэн. Манайх ОХУ-ын иргэдэд визгүй учраас өмнөх шигээ хэвийн журмаар нэвтрүүлж байгаа" гэлээ.
"Монгол руу ирэх гэсэн иргэд дараалал үүсгээгүй. Хэвийн байна"
Харин Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн мэдээллээр "Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-аас 263 иргэн орж ирсэн бол 585 иргэн буцаж гарсан.
Мөн есдүгээр сарын 21-22-ны өдрийн 08:00 цаг хүртэл 261 хүн хилээр орж ирсэн бол 643 хүн эргэн гарсан. Өөрөөр хэлбэл, тоон мэдээлэлд өөрчлөлт гараагүй байна. Хилээр орж ирэх гэсэн иргэд урт дараалал үүсгэсэн зүйл байхгүй. Хэвийн байна" гэлээ.
2022 оны гуравдугаар сараас ОХУ-ын эхлүүлсэн дайнтай холбоотойгоор тус улсаас Монголыг зорих ОХУ-ын иргэд, жуулчдын тоо эрс нэмэгдсэн.
Тухайлбал, гуравдугаар сард манай улсын хилээр нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.5 дахин өссөн талаар албан эх сурвалжууд мэдээлсэн.
Мөн өнгөрсөн долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд ОХУ-аас хамгийн их буюу 56,714 жуулчин ирсэн талаар БОАЖЯ-аас өмнө нь мэдээлж байсан юм.