Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшсэн Ш.Түвдэндоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Харин үүнийг нь АН-ынхан нэг их тоосон шинж алга. “Ерөнхийлөгч тэгж хэлнэ лээ, харин бид УИХ-дээрээ аваад гарчихна” гэсэн маягтай үг чулуудан сууцгаах ажээ. АН-ынханы бодлого УИХ-дээр унаж, буцан тэдний засаглах чадамж хагарахай шаазан шиг тарамдан, тарах болсон. Албан ёсны эсэргүүцэгчдээс гадна дотоодын эсэргүү нар нь тэднийг ихээр зовоох болсон. Гэтэл өөрсдийг дэмжиж байгаа ганц “манай тал”-аа эсэргүүцэх аян зарласан юм шиг аяглах ажээ. Дан дээлтэй байх хууль санаачилсан Ерөнхийлөгчид давхар дээлтэй сайдаа томилуулахаар санал хүргүүлснийг зөөлөн хэлбэл “өдөөн хатгалга” хатуу хэлбэл “басамжлал” юм.

 

Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “сайд нараа гаднаас оруулж ирэхийг” эелдэгээр зөвлөсөн.  Гэвч түүний хэлсэн үгэнд нь алга ташихаас өөр ач холбогдол өгөөгүй. “Уг нь ч Ерөнхийлөгчийн зөв шүү” гэж хэлж байгаад л 17 сайд, гишүүнтэй танхим байгуулж билээ. Түүний санаачилсан “шилэн дансны” хуулийг нэр нь муухай гэж сөрөг намынхан гоочилсноос айн мухардаж, буцаасан. Давхар дээлийг тайлах хуулийг эцсийн хэлэлцүүлэг дээр нь унагаж ухаалаг төрийн хамгийн анхны санаачлагыг нь унтраав. Харин “тэнэг чигээрээ 2016 он хүртэл, тэрнээс цаашаа ухаалаг төррүү” гэж ичихгүй “гүлдийсэн” нөхдөөсөө Ерөнхийлөгч ухаалаг төрөө горьдсон хэвээр. Нэмж төрийн өмчит компани байгуулахыг хориглох хуулиа УИХ-д өргөн барьсан яг тэр өдөр Засгийн газар төрийн өмчит даатгалын корпораци байгуулах шийдвэр гаргаж байлаа. Хөндлөнгөөс харвал үнэхээр Ерөнхийлөгчийг өдөөд байна уу? Гэмээр үйлдлийг түүний журмын нөхөд нь хийх ажээ. Харин үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдийг хүртэл тэдний найдвартай ар тал байсаар ирсэн.  Засгийг чиглэсэн элдэв дайралтын урдуур цээжээрээ орж “хэн нэгнийг огцруулснаар юу ч сайжирдаггүй” хэмээн хамгаална. Мөн их итгэл, найдвараа?

 

 

Улс орны эдийн засгийг галтайгаа хамт тахисан Н.Батбаярыг огцруулах хэрэгтэй гэдгийг МАН-аас өмнө Ерөнхийлөгч санаачилж хариуцлага нэхэж эхэлсэн. Харин АН-ынхан “тив тэнгэрээ” ямар ч үнээр хамаагүй аваад гарах гэнэ.Ер нь Н.Батбаяр Монгол Улсын хамгийн  үнэ цэнэтэй иргэн, АН-ын хамгийн үнэ цэнэтэй гишүүн болж хувирав. Тэр Ерөнхийлөгчөөс ч үнэтэй, Эдийн засгаас ч үнэтэй, төмөр замаас бүр их үнэтэй болжээ. Түүний унагасан эдийн засгийн босгох гэж Ц.Элбэгдорж хоёр хөршөөсөө бадар барин царайчилж байхад Засаглачид нь харин тэгэхээс тэг гэсэн мэт хэлсэн бүхнийх нь эсрэг явах ажээ. Хэлсэн үгэнд нь алга ташихаас цаашгүй, хийж хэрэгжүүлдэггүй эрх баригчдад тэр найр тавьсаар байх уу? Хариуцлага тооц гэсэн лүндэнг нь биелүүлэхгүй бол тэр яах вэ? Юу хийх вэ? ийм асуулт үнэхээр улс төрийн хүрээнийхэний сонирхолыг татаж байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрх баригч АН-ынханы хооронд ажил хэрэг, улстөрийн зарчим, үзэл бодлын ямар ч уялдаа үгүй болжээ.

 

Манай улсад 20 жил ажилласан дэлхийн банкны ажилтан “Монголчуудад асуудал байсаар ирсэн. Гэхдээ өмнө нь хэзээ ч ийм ойлгомжгүй болж байгаагүй” гэж өөрийн бодлоо илэрхийлжээ. Дарга нь сайддаа, сайд нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь УИХ-даа баригдахаа больж дур зоргын сайн дурын компанит аянаар төрийн мөнгийг тээрэмдэж устгах ажиллагаа улс орон даяар өрнөж байна.  УИХ хууль батлах биш, буцаах үүрэгтэй байгууллага шиг болж, улстөр золбин хэрүүл, явган ховонд живж дууслаа. Харин энэ бүхнийг төрийн тэргүүн маань зүгээр хараад л суусаар байх гэж үү? “Шударга байх ёстой” “Авилгатай тэмцэх ёстой” “Иргэндээ үйлчилдэг ухаалаг төртэй болох ёстой” “Давхар дээлээ тайлах ёстой” .... түүний хэлсэн олон ёстойнууд онч мэргэний номноос нь халихгүй,  оюун баясгахаас цааш ид шидгүй хий цуурай болон үлдэх вий.

 

 

 

                                О.Цагариг