Монголд цаазын ял “гуйсан” хүн миний мэдэхийн ганцхан бий. Тэр бол ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар. Тэртээх 2006 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Ерөн­хийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчилж байхад шөнө дунд “Монголросцветмет”, “Полиметалл”-ийн гэрээг өөрчлөн факс илгээж Ас­гатын ордыг оросуудад “бэлэглэх” ажиллагаанд оролцон бүтэлгүйтэж байсан тэр цагаас хойш Д.Сугар ТӨХ-ноос салаагүй.

Түүний явуулсан факст чухам ямар утга агуулагдсан болоод үнэ цэнтэй байв. Үнэндээ учрыг мэдэхгүй хүн бол үнэлэхээргүй. Гэвч “Монголросцветмет”-ийн ерөнхийлөгч О.Эрдэнэ ОХУ-ын “Полиметалл”-тай хийсэн гэрээ айлчлалын чухал “бэлэг” байв. Уг гэрээний эхэнд дээрх хоёр компани Асгатын ордыг 50:50 хувиар эзэмших, хэрэв Монголын төр уг ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзээд жагсаалтад оруулбал манай тал “Полиметалл”-ын эзэмшлийн тал хувийг ч эзэм­ших эрхгүй. Харин “Монголросцветмет”-ийн эзэмшлийн 50 хувиас төр 51 хувийг нь авахаар байв. Гэтэл “Монголросцветмет”-ийн 49 хувь нь ОХУ-ын Засгийн газрын өмч гэсэн үг. Тэгэхээр Монголд ашигтай юу.

Дээр нь Асгатын ордын дөрвөн лицензийг “По­лиметалл”-д шил­жүүлэхээр заасан байдаг. Харин Д.Сугар энд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэвэл Монгол дахь “Монголросцветметчүүд” шөнө хуралдаж “Поли­металлтай хамтарсан ком­пани байгуулж Асгатын мөнгөний ордыг эзэмшихийг нь зөвшөөрч байна” гэсэн факс явуулсан. О.Эрдэнэ ч боломжийг алдалгүй хамтран ажиллах гэрээ, дүрэм зохиож, ТУЗ-өө хүртэл байгуулаад авсан. Гэтэл хэвлэлийнхэн энэ бүхнийг илрүүлж өнөөх “зовж” хийсэн гэрээгээ цуцлахыг тухайн үед Ерөн­хийлөгч Н.Энхбаяр Д.Сугарт даалгажээ.

 

О.Эр­дэнэ Женев рүү зугтаж Д.Сугар “Би Ерөнхий сайдын л үгэнд орох учиртай” гээд гэдийчихсэн үед бүх нууц гэрээ ОХУ-ын Төрийн Думын гишүүний гарт орчихсон байв. Н.Энхбаяр хүртэл түүний үгэнд орж байсан гээд бодоход Д.Сугар үнэхээр цагаа олж үнэд хүрсэн. Тэр үед авлигын үүд нь дөнгөж нээгдэж байж. Харин одоо тэрбээр их гарын авлигачин болсон. “МИАТ”-ийн Токио дахь төлөөлөгчийн газраас 12 жилийн турш  сар бүр 3000 ам.долларын цалин авч, Хонконгийн HSBC банкнаас хоёр удаагийн гүйлгээ хийж их хэмжээний ам.доллар гаргуулсан нь, Токиогийн Adachi дүүргийн Shinden дүүргийн элит хотхон худалдаж авсан байр энэ бүхэн түүнийг хэн болохыг таниуллаа.

Д.Сугар өмнө нь олон том хэрэгт холбогдож байсан ч “Би хуульч хүн. Тийм гоомой юм хийхгүй” гэж ам тагладаг байв. Гэтэл саяхнаас  харийн нутагт байршуулсан түүний  өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө чинээ, их хэмжээний цалин пүнлүүг харахад Монгол төрийн төлөө зүтгэсэн бүхэндээ хатуурхдаггүй л юм байна. Харин ч унацтай, удам судраараа эдлээд барахгүй баялгийг үлдээдэг юм бус уу.

Ямартай ч тэр “бутархай доллар”-ын “хүүхэд” биш аж. Д.Сугар энэ бүхнээ илчлэгдээд ирмэгц хүсээд ч өгдөггүй албан тушаалаа яаран хүлээлгэж өгсөн. Тэгээд ч зогсохгүй энэ оны эхээр телевизд  өгсөн ярилцлагадаа “Хэрэв би “МИАТ”-ийн гэх хэрэгт холбоотой бол Хятад улсад үйлчилдэг хуулийн дагуу цаазаар аваад өг” хэмээн айлгажээ. Яагаад Монголын ТӨХ-ны дарга Хятадын хуулиар шийтгүүлэхийг хүсэж, эртнээс ял шийтгэлийг нь судалсан юм бол гэдэг бас сонин байгаа биз.

Тэр бол өндөр зэрэглэлийн авлигачин төдийгүй маш цэвэрхэн ажиллаж чаддаг аж. Тийм биш байсан бол өдийд “баригдчихаад” сууж байхгүй. Харин ч “Би төрөлхийн шударга хүн. Хуульч мэргэжил сонгосон минь ч үүнтэй холбоотой” гээд сууж байх байсан биз.

Хамгийн аймшигтай луйвар нь өнөөдөр УИХ-ыг донсолгож, бараг орой бүр “төрийг тараачих” шахаж буйг та бүхэн харж буй. Одоогоос хоёр жил шахамын өмнө буюу 2011 оны наймдугаар сарын 4. Энэ өдөр “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг Хятадын “Чалко” компанид тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдах гэрээг байгуулж урьдчилгаа болгон тус компаниас Монголын Засгийн газрын дансанд 250 сая ам.доллар байргуулсан байв. Дээрх 250 сая ам.долларын дөрөвний гурвыг “Хүний хөгжил” санд оруулан иргэн бүрийн 21 мянган төгрөгийг олгоход зарцуулжээ. Гэхдээ тухайн үед уг гэрээг хийхэд гар бие оролцсон хүмүүс зөвхөн МАН-ыг л сонгуулийн “ мөнгө”-тэй болгохын тулд энэ бүхнийг хийсэн гэвэл хэн итгэх билээ. Ямартай ч Зүүн Цанхийн 795 сая тонн нүүрсийг ийнхүү “оршуулсан”-ыхаа хөлсийг хэрхэн үнэлсэн нь нууц. Харин үнэ цэнийн хувьд гэрээний дагуу лав таван жилийн турш Монголын нүүрсийг дэлхийн хамгийн хямд үнээр худалдана. Тэгэхээр түүний эх оронч болон авлигач чанарыг харьцуулах цаг ийн ирсэн бололтой.

Д.Сугар ерээд оны эхээр, чухамдаа “найзууд” нь амбийц гэдэг үгийг ч сонсоогүй амьжиргаагаа залгуулах гээд ядаж явах үед Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гээд албан тушаалуудыг ёстой л өрсөлдөгчгүй шахам  өрмийг нь сорчилж явсан нэгэн. Дараа нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад 2006 онд ТӨХ-ны даргаар сонгогдсон. Яг тэр өвлөө алдарт “Шөнө дундын факс”-ын хэрэгт хутгалдсанаас хойш өнгөрсөн оны тавдугаар сарын хүртэл ТӨХ-оос “алхам ч холдоогүй. Мэдээж үе үеийн Ерөнхий сайд нарт түүнийг “солих” хүсэл байсан. Гэвч болдоггүй, чаддаггүй жамтай.

Нэг жишээг дурьдахад 2010 оны есдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд Их Британид айлчилж явахдаа “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголын хөрөнгийн биржийг удирдах менежментийн багийн сонгон шалгаруулалтад Лондоны хөрөнгийн бирж ялах магадлалтай” гээд ам алдчихсан гэдэг. Тухайн үед Монголын хөрөнгийн биржийн сонгон шалгаруулалттай холбоотой бүх мэдээлэл ТӨХ-ны дарга Д.Сугарын мэдэлд байв. Мэдээж асуудал зүй тогтлоор шийдэгдсэн ч Ерөнхий сайд Төрийн өмчийн хорооны даргыг огцруулах гэж, үүнээс болоод дуу нь чангарч тэр ч байтугай Д.Сугар “Ажлаа авахгүй юу” хэмээн айлгасан сураг улс төрийн хүрээнийхнээс дуулдсан. Харин тэр үед Д.Сугар “Намайг хална гэсэн хүн байхгүй. Төрийн албаны хуулиар хамгаалагдсан, мэргэшсэн албан хаагч намайг алдаа гаргаагүй байхад хэн ч халж чадахгүй. Энэ суудалд  ирэх хүсэлтэй хүн олон бий ч үүнд би тайван ханддаг. Шаардлага гарвал, эсвэл надад өөр төлөвлөгөө, нөхцөл бүрдвэл ажлаа өгөхөд бэлэн” гэсэн юм.

Ямартай ч Д.Сугарт ажлаа өгөх нөхцөл нь бүрдэж “МИАТ” ТӨХК-ийн буурийг сахих бус ҮХЦ-ийн хамгаалалтад орох цаг болсноо мэдэрсэн бололтой юм билээ. Төд удалгүй түүний асар үнэтэй эдлэн газрууд илэрч хуулийнхан хуульч Д.Сугарын хэргийг илрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Үнэхээр учир мэдэх хүмүүсийн хэлж байсанчлан МАН ялагдах цагаар ТӨХ-ны Д.Сугарын ноёрхол илрэх учиртай байжээ. Онцлог нь мөнөөх МАН-тайгаа хамтран баялгаа худалдаж өнөөх яриад байсан хайрт эх орноо харийн нэгэн орны, тэр тусмаа Хятадын нэгэн компанийн барьцаанд “ломбард”-д тавьсан байв. Одоо МАН-ынханд Д.Сугарыг төрийн хууль цаазаас суллах “бяр” даанч алга. Тиймээс өөрийнх нь хэлж байсанчлан Хятадын хуулийн дагуу “цаазлах”-д хүрэх нь ээ дээ. 

 

У.Оргилмаа