Хувьсгалын тохироо
2022/12/07
Цар тахалд бүх бурууг өгөхийг, эсвэл сэхэл авах нь өнгөрч байгаа улс төрийн намын буруугаас өнөөгийн муу муухай бүхэн үүсч бий болсон гэх ядмаг бөгөөд арга ядсан тайлбарыг ард түмэн хүлээн авахаас нэгэнт өнгөрчээ.
Төгрөг үнэгүйдэж буйг, талхны үнэ нугарч нэмэгдсэнийг, шударгаар хөдөлмөрлөж хууль ёсоор олсон орлогоороо амьдрахыг хичээвч, үнийн өсөлтөд нухлагдаж тамир нь тасрах дөхсөн энгийн иргэдийн цөхрөл, бухимдал аажимдаа хорсол, өшөө авалт руу шилжих дөхөж буйг бид бүгд өчигдөр, уржигдрын залуусын жагсаалын эргэн тойронд өрнөсөн үйл явлуудаас харсан.
Иргэд дараахь илт шударга бус байдлыг эсэргүүцэн тэмцэж, элдэв тайлбаргүйгээр ажлын ахиц дэвшил гаргахыг хүсч буй учир талбайд гаран тэмцэхээс айж цааргалахгүй болжээ. Үүнд:
Авилга, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах зэрэг түгээмэл үйлдэгддэг ч жинхэнэ эзэд, захиалагчдыг нь хууль, шүүхийн байгууллага тогтоохыг хүсдэггүй, эсвэл чаддаггүй гэмт хэргүүдийн улмаас орлогын шударга бус, тэгш бус хуваарилалтын үйл явц Монгол Улсыг ардчилсан тогтолцоонд шилжиж, зах зээлийн эдийн засгийн чиг баримжаатай болсноос хойшхи 32 жилийн хугацаанд амь бөхтэй оршиж, амьдралын салшгүй хэсэг болсныг,
Төрийн дээд, дунд түвшинд газар авч, амьдралын утга учир нь болоод байгаа дээрх хууль бус үйлдлийг 24 жил дангаараа засаг барьсан МАН таслан зогсоож, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах талаар ахиц гаргаж чадахгүй байгааг,
Төрийн албыг “төрлийн алба”, бүр байчихаад өөрсдийн “төлөөллийн алба”, “түр ажиллахдаа бүр идэгсдийн алба” болгосон намуудын үе үеийн дарга, сэтэртэнгүүдийн дундрашгүй шуналыг хазаарлахгүй байгааг,
2021 оноос хойш бүтэн жил хагасын хугацаанд нэг намын төдийгүй нэгдмэл үзэл бодолтой, хуурай нойтон ах дүүс, хувиршгүй найз нөхдийн нягт холбоотой төрийн 3 өндөрлөг нэгэн цул болж авилгатай тэмцэж гийгүүлэхгүй байгааг,
2022 оны 4 дүгээр сарын эхэнд болсон жагсаалд оролцогсдод өгсөн зардал хэмнэх зэрэг амлалтуудаа хэлбэр төдий биелүүлсэн болж дүр эсгэн арчаагаа алдаж буй засаг төрийг,
Хамгийн бага ирцтэй сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон одоогийн ерөнхийлөгчийн дүлий дүмбэ байдлыг,
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж эрх мэдэл, боломжоо нэмэгдүүлсэн ч ажилдаа нүдэнд харагдах үр дүн гаргахгүй байгаа Ерөнхий сайд бөгөөд намын даргыг,
Шударга ёсыг байнга ярьдаг ч ширээ нэгт нөхдөө удирдан чиглүүлж шийдмэг хуулиуд батлахгүй байгаа парламентын спикерийг,
Дээрх гурван даргын нийлж удирдлагыг нь томилсон, шүүмжлүүлсээр улиг болсон шүүх засаглалыг шинэчлэгдэж, сайжирч чадахгүй байгаа зэргийг энгийн номхон нь дэндсэн эгэл жирийн иргэд цаашид зүгээр хараад суух чадвар болоод тэвчээр нэгэнт үгүй болжээ.
Зарим хүний ярьж, бичиж байгаачлан дээрх асуудал парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалын хэлбэртэй, эсвэл засаглалын хэлбэрийг солихтой огт хамаагүй ээ.
Зөвхөн байгаа засаглалаа сайжруулахыг л иргэд хүсч буй. Ардчиллаас илүү улс төрийн дэглэм байхгүйтэй нэгэн адил хүчтэй гүйцэтгэх эрх мэдэлтэй парламентын засаглалаас илүү тохиромжтой нь өнөөгийн Монголд үгүй.
2010-аад оноос дэлхий даяар эрчимжсэн өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаалын шалтгаан нь төрийн албан тушаалтнуудын авилга, муу засаглалтай л холбоотой. Цар тахлын өмнөх 2018-2019 онуудад дэлхийн өнцөг булан бүрт буюу Өмнөд Америкийн Болив, Чили, Эквадор, Африкийн Гвиней, Камерун, Египт, Европын Испани, Англи, Ази тивийн Ливан, Иракт болсон асар өргөн олныг хамарсан тэмцэл хөдөлгөөн чухам яагаад өрнөв? Хариулт нь ердөө л иргэд үндсэн эрхээ эдлэх, эрх мэдэлтэй хүмүүсийг өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардах.
Одоогийн Ерөнхий сайдын бичсэн “Хуралдан буй хилэн” хэмээх нийтлэл 2018 оны сүүлийн өдөр Монголын шилдэг нийтлэлчдийн клуб (Baabar.mn)-ын цахим хуудаст байршиж байв. Тэгвэл одоо ард түмний дотор “хуралдан буй хилэн” шинэчлэл хийх хувьсгалын тохироог бүрдүүлж магадгүй болоод байх шиг.
Нам дотроо, нойтон ах, дүү нартайгаа нухацтай хэлэлцэж, ард олны дургүйцэл бухимдлын ар талын шалтгааныг хөдөлбөргүй тогтоож байж тулхтайхан шиг зөв, зоригтой шийдвэр гаргаж, тууштайхан шиг яг таг хэрэгжүүлээд явахгүй бол хорин дөрвөн оны сонгуулиар халаасанд нь тамга нь явдаг намуудын төлөөллийг хорссон түмэн хоёр гараа өргөн сонгох “хувьсгалын тохироо” чинь бүрдэж байж магадгүй шүү гэдгийг сануулчихья.
Рэнчинхандын МӨНХБАТ
Зочин · 2022/12/08
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй
Зочин · 2022/12/07
яг л ийм сонгууль болно доо