УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-“Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн иргэд төв талбайд эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд арав гаруй хонож байна. Та өрнөөд байгаа үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Нүүрстэй холбоотой жагсаал, цуглаан яг л өрнөх ёстой цагтаа өрнөлөө гэж харж байна. Арай эрт эхлүүлэх ёстой байсан ч байж магадгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэс таван толгой компанид нүүрсний тээврийн хулгай, оффтейк гэрээний хулгай, нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой хулгай явагдаж байгаа талаар байнга ярьсаар ирсэн. Эрдэнэс таван толгой компанийн захирал Б.Ганхуяг Монголын төрийг худалдаад авчихсан. Монголын бүх том дарга нарт гэрээ маягаар авлига өгчихсөн байсан учраас намайг хоёр ч удаа цагдаад өгсөн. Тэрээр “Манай компани ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй. Ариухан, цэвэрхэн компани” хэмээн өөрсдийгөө өмгөөлж байсан. Өнгөрсөн хугацаанд ЭТТ компанийн хулгай луйвартай холбоотойгоор 10 гаруй удаа УИХ-ын чуулган дээр үг хэлж байсан. Тэр ч бүү хэл төв талбайд гарч жагсаал хийж иргэдэд энэ талаар сануулж байсан. Харамсалтай нь тухайн үед хүмүүс миний хэлээд байгаа асуудлыг төдийлөн сайн ойлгож, ийшээ анхаарал хандуулахгүй байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчдын хоорондын зодооноос үүдэн нүүрсний хулгайн асуудал олны анхаарлын төвд орлоо.

Хэрэв эрх баригчид хоорондоо эвтэй байсан бол ЭТТ-н асуудал ингэж иргэдийн анхаарлын төвд орохгүй байсан. Бүр асуудлыг намжааж, нам дарах байсан байх. Тиймээс өвлийн хүйтнийг үл ажран төв талбайд шударга ёсыг шаардаж байгаа иргэдийн жагсаалыг миний хувьд дэмжиж байгаа. Гэхдээ энэ жагсаал эрх баригчдын хоорондын зодоон намжмал байдалд шилжих үед алга болчихвий гэж санаа зовж байна. Битгий ийм зүйл болоосой гэж хүсч байна.

-Эрх баригчдын хоорондын зодоон гэдгийг тодруулж хэлбэл, хэн хэнтэй юунаас болж зөрчилдөж байна гэж ойлгох вэ. Ямар асуудлаас болж тэдний эрх ашиг хөндөгдөж байна вэ?

-Намын дотоод эрх мэдлийн хуваарилалтаас болоод энэ асуудал гарч ирсэн болов уу хэмээн таамаглаж байна. Нүүрстэй холбоотой гурван төрлийн хулгай бий. Нэгдүгээрт, тээврийн хулгай. Өөрөөр хэлбэл, нүүрсний уурхайн амаас нэг тонн нь 60-70 ам.доллараар зарагддаг. Гэтэл дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрсний ханш нэг тонн 600 ам.долларт хүрчихээд байдаг. Тиймээс энэ зөрүүг хэрхэн хулгайлж болох талаар албан тушаалтнууд бодож байгаад Цагаанхад- Ганцмодны хоорондох тээвэрт өндөр үнэ тогтоох замаар хулгайлахаар хоорондоо тохиролцсон.

Үүнийгээ ч хийсэн. Өмнө нь 29 километр газарт гурван сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол 120 сая төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, таныг “Төв талбайгаас Найрамдал хүрэх газарт 120 сая төгрөгөөр гэрээ нүүлгэ” гэвэл та зөвшөөрөх үү. Гэтэл ийм л юм болсон. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд шатахууны үнэ өссөн нь үнэн боловч тээврийн зардал 3-120 сая төгрөг болж өсөхөөр хэмжээнд очоогүй. Гэтэл яагаад ийм өндөр үнээр тээвэрлэх болов гэдэг нь сонирхолтой санагдах байх. Нүүрсийг худалдаж авах эрэлт хэрэгцээ их, үнэ нь өндөр болчихсон байхад уурхайн аман дээрээс тонныг нь 60-70 ам.доллараар авах гэрээ байгуулж, хилийн цаана хүрэх тээврийн мөнгөө шингээж ашгаа хилийн цаана хувааж авдаг болсон. Гашуунсухайт боомт дээр 9000 ширхэг тээврийн хэрэгсэл тээвэр хийдэг. Үүний 8200 орчим нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын автомашин байдаг. Тиймээс БНХАУ-ын компанийн захирлууд тээвэр хийж байгаа 120 сая төгрөгийнхөө талыг нь авдаг. Талыг нь Монголын албан тушаалтанууд, хил гаааль, хуулийн байгууллагуудад шилжүүлдэг. ЭТТ компани энэ жил 10 сая тонн нүүрс тээвэрлэсэн гэж тооцвол 5-7 их наяд төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Хэрэв нүүрсээ бид уурхайн аман дээрээс дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа шиг өндөр үнээр буюу тонныг нь 300 ам.доллараар зарсан бол ЭТТ компани ашигтай ажиллаж, улсын төсвийн орлого нэмэгдэж, иргэд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх байсан. Харамсалтай нь хэдхэн эрх мэдэлтэй албан тушаалтнууд ЭТТ буюу нүүрсний баялаг дээр эзэн сууж хулгайлсан.

-Ганцхан тээврийн үнийн зөрүүг хувааж баяжсан, хулгайлсан гэвэл өрөөсгөл болох байх л даа. Нүүрс хулгайлах арга замууд нь таны хэлснээр хэд хэдэн төрөл байх шиг байна?

-Тийм л дээ. Хулгай дээр хэлсэнчлэн олон янз. Хоёрдугаар төрлийн хулгай бол оффтейк гэрээтэй холбогдоно. ЭТТ компанитай холбоотой 10 гаруй оффтейк гэрээ байгуулагдсан. Үүнээс 7-8 нь 2022 онд байгуулагдсан гэрээ байгаа. Түүнчлэн төмөр замтай холбоотой дөрвөн оффтейк гэрээ байгаагийн хоёр нь өмнө нь байгуулагдсан бол, сүүлд хоёр гэрээ нууцаар байгуулсан байсныг Засгийн газраас зарласан. Эдгээр гэрээнүүд дандаа хоёр дахин үнэ нэмэх зарчмаар явсан гэрээнүүд байгаа.

Тухайлбал, "Таван толгой Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ТЭЗҮ-д дурдагдсанаар анх нэг тэрбум 68 сая ам.доллар шаардлагатай гэснийг 2020 онд оруулсан өөрчлөлтөөр ТЭЗҮ-ийн тодотголд заасны дагуу 213 сая ам.доллар нэмэх шаардлагатай хэмээн өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, нэг километр төмөр зам 4.5 сая ам.доллараар барих оффтейк гэрээ байгуулсан.

Нэг ёсондоо километрийг нь хоёр сая ам.доллараар барьсан замаа 4.5 сая ам.доллар болгож гэрээ байгуулсан. Үүгээр зогсохгүй уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 60 ам.доллараар авч хилийн цаана 300 орчим ам.доллараар зарах буюу хэд дахин өндөр үнээр зарах боломжтой гэрээ хийсэн. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй том луйвар. Ийм учраас ЭТТ компанитай оффтейк гэрээг байгуулах санаачилга гаргасан, түүнийг нь дэмжиж гарын үсэг зурсан хүмүүүсийн амаар нь гартал авлига өгсөн байх боломжтой хэмээн хардаж байгаа.

Эцэст нь нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой хулгайд УИХ-ын гишүүд, сайд дарга нар, хуулийнхан, өндөр албан тушаалтай хүмүүс холбогдоно. Тэд ЭТТ компанийн захирал Б.Ганхуяг дээр хадаг сүүтэй очиж “100-500 мянган тонн нүүрс худалдах гэрээнд гарын үсэг зураад өгөөч. Би тонн тутамд нь 2-5 ам. доллар авмаар байна” гэдэг асуудал тавьдаг. Тухайлбал, 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ойролцоогоор 100 орчим сая тонн нүүрс гаргачихсан гэж тооцвол хамгийн багадаа 300-400 сая ам.долларын авлигын асуудал энд хөндөгдөнө. Гэрээ байгуулж өгөөд БНХАУ-ын талаас мөнгө авдаг. Ийм гурван төрлийн хулгай, луйвар ЭТТ компанид үүсээд байгаа юм. Эцэст нь энэ бүх хулгай луйвар БНХАУ-тай холбогддог. БНХАУ-ын төрийн өмчийн компани Комминуст намынхаа дор байдаг учраас удирдлагууд нь гаргасан зардалтайгаа холбоотой бүх тайлангаа намдаа тайлагнадаг. Тэд Монголын албан тушаалтнуудад хэдэн төгрөг өгснөө тайлагнадаг. Тиймээс ЭТТ компанитай холбоотой хулгай луйвар хийсэн хүмүүсийн асуудал тун удахгүй ил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өчигдөр холбогдох байгууллагуудаас нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлалаа. Нэрсээс харахад Ардчилсан намаас ч нэлээд хүний нэр харагдаж байна.Зарласан нэрсийг хэр бодитой гэж бодож байна?

-Оффтейк гэрээний тухайд цэвэр Х.Баттулгатай холбоотой. Энэ асуудал дээр Х.Баттулгыг өмгөөлж хамгаалаад байх юм алга. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга оффтейк гэрээгээр дамжуулж хулгай хийж болдог гэдгийг МАН-ынханд зааж өгөөд явсан. Түүнийг суудлаасаа буусны дараа Х.Баттулгын үед байгуулснаас ч том хэмжээний оффтейк гэрээг МАН-ынхан байгуулсан. 2012-2016 онд Ардчилсан намыг засаг барьж байх үед С зөвшөөрлийг хэн ч тоодоггүй, хил гаргадаг зөвшөөрөл байсан. Гэтэл 2016 оноос хойш үүнийг авлигын хэрэгсэл болгосон. Өөрөөр хэлбэл, С зөвшөөрлийг хил дээр хүнд суртал үүсгэх хэрэгсэл болгож, уг зөвшөөрлийг авахын тулд хоёр сая төгрөгийн авлига өгдөг болгосон. Ингээд түүнийгээ өөрсдийнхөө хүмүүст өгдөг болгосон. Цагаан хад- Ганц мод боомтын хооронд 2012-1016 онд гурван сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Энэ үед нүүрсний бизнест оролцож авлигад оролцож ашиг хүртэх боломж байхгүй. Тэр үед нүүрсний үнэ тонн нь 27 ам.доллар байсан. Тийм учраас гэрээтэй холбоотой авлигын асуудал яригддаггүй, явдаггүй байж. Гэтэл 2016 оноос хойш МАН-ынхан өөрсдийн зодооны хэрэгсэл болсон нүүрсний хулгайг Ардчилсан нам руу түлхээд өөрсдөө цэвэрхэн хоцрох оролдлого хийж байна. Наанаа хэдхэн хүний нэр зарлаж жинхэнэ хулгайчид нь тэдний ард үлдэхээр санаархаж байгаа бол над мэтийн хүний амыг таглаж чадахгүй гэдгийг эрх баригчдад сануулъя. Та нар шударгаар нэрийг нь зарлаж чадахгүй байгаа бол сөрөг хүчнийхэнд зарлах боломж хангалттай бий.

-Гэхдээ оффтейк гэрээ байгуулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр байгуулах боломжтой гэсэн шүү дээ. Ингээд бодохоор одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар нүүрсний хулгайчдыг хэн гэдгийг хайгаад байх боломжтой юм уу?

-Оффтейк гэрээний асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдвэрлэсэн эсэх талаар материал, бичиг баримт алга. Эдгээр гэрээг хэний санаачилгаар төрийн нууцад хамруулахаар болсон, ямар албан тоотоор гэх мэт мэдээллүүд одоогоор ил болоогүй байна. Хэн үүнийг санаачилсан нь дараагийн асуудал. Хэрэв нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдсэн бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав гурвуулаа гарын үсэг зурж зөвшөөрсөн байж гэмээнэ албажиж, шийдвэр нь хүчинтэй болдог. Тийм учраас хулгай, луйврын асуудал явагдаж байхад дуугүй суугаад гарын үсэг зурсан бол ҮАБЗ-ийн гишүүд асуудалтай л гэсэн үг.

-Манай улс байгалийн баялгаар арвин. Нүүрс бол зөвхөн нэг төрөл нь. Тэгэхээр бусад төрлийн байгалийн баялаг дээр ийм төрлийн хулгай гараагүй гэх баталгаа байна уу. Цаашид гаргахгүйн тулд тогтолцооны ямар өөрчлөлт хийх нь зүйтэй вэ?

-Хулгай луйвар гарвал төрийн өмчит компаниудаас л хайх хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудад УИХ-ын гишүүний цүнх барьж байсан, сонгуулийн менежерээр нь ажиллаж байсан хүмүүс томилогддог. Тэд төрийн өмчийн компанид хоноцын сэтгэлээр хандаж хоосруулдаг, цөлөмдөг, дампууруулдаг, шамшигдуулдаг.Тиймээс төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, олон нийтийн хяналтад оруулах нь хамгийн чухал байна. Хоёрдугаарт, ийм хяналтыг бий болгоход тогтолцооны өөрчлөлтийг айхтар хийх шаардлага байхгүй. Ерөнхий сайдын хэлээд байгаа сонгуулийн системийг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудал нүүрсний хулгайд яг ямар хамаатай юм бэ. Ингэж өөрсдийн дотоод хэрүүл зодооноо бусад зүйлд нялзаадаг байж болохгүй. Харин тогтолцооны өөрчлөлт гэхээс илүүтэй иргэдийг төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх замаар УИХ-ын гишүүдийн тоог тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, тэр нь гурван оронтой тооноос ихгүй буюу 99 дотор байх, сонгогчдын санал гээгддэггүй холимог тогтолцоотой болох зэрэг асуудлууд байж болох юм. Гэхдээ нүүрсний хулгай одоогийн тогтолцооноос болж гарсан уу гэвэл үгүй л байхгүй юу.

-Шүүхийн шийдвэрээр нүүрсний хулгайчдыг эцэслэж, хариуцлага хүлээлгэж чадах болов уу. Эсвэл хэсэг хугацааны дуулиан болоод замхрах уу?

-Нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүс хууль шүүхийнхэнд авлига өгч байгаад хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлчихнэ хэмээн бодож байж магад. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Тийм амархан зүйл хаана ч байхгүй. Хоёрдугаарт, алдагдсан боломжийг тэднээс нэхэх хэрэгтэй. Нүүрсний хулгай анх 40 их наядаар яригдаж байсан, одоо 40 тэрбум төгрөгийн ч хохирол төлүүлэхгүй байх магадлалтай болчихлоо. Ийм байдалд хүрвэл жагсагчдын уур бухимдал дээд цэгтээ хүрнэ. Тиймээс хулгайчдаа нэрлэж, алдагдсан боломжийг тодорхой зөв тооцоолох тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй.

Монгол Улсын нийт иргэдийн өмнө алдагдсан боломжийг заавал нөхөн тооцож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.