Онцлох тоглолт: Нисдэг Голландууд Испани аваргуудыг бут ниргэв
2014/06/13
ИСПАНИ 4 ЖИЛИЙН ӨМНӨ Ч ЭХНИЙ ТОГЛОЛТДОО ЯЛАГДАЖ Л БАЙСАН. ГЭХДЭЭ ИЙМ ГУТАМШИГТАЙГААР, ИЙМ ИЛТ ДАВАМГАЙ БАЙДЛААР ХОЖИГДОЖ БАЙСАНГҮЙ. ЛУЙ ВАН ГААЛЬ ТЭРГҮҮТЭЙ НИДЕРЛАНДЫН ШИГШЭЭ БАГ 4 ЖИЛИЙН ӨМНӨ ЯЛАГДСАН ХАРИУГАА ЧАНГАХАН АВСАН НЬ ЭНЭ БАЙВ.
Хэдий Аргентин 1990 онд, Франц 2002 онд дэлхийн аварга болсныхоо дараа ялагдал хүлээж байсан ч ийн "гутамшигтайгаар" ялагдаж байсангүй. Энэ өдөр Луй Ван Гаалийн цэргүүд байрлал бүрт "том нэрт" өрсөлдөгчдөө илүүрхэж, ялалт байгуулах бүрэн эрхтэй баг нь байв. Харин Испаний шигшээ багийн энэ хожигдлоос хэрхэн сэргэлт авч, дараа дараагийн тоглолтууддаа яаж тоглох нь ихээхэн сонирхолтой байна. Хэрвээ тэд улбар шаруудыг дагаж 2-оор гарлаа гэж бодоход талбайн эзэн Бразилын багтай таарах магадлал өндөр боллоо. Гэхдээ бөмбөг бөөрөнхий, бид үүнийг биелэх эсэхийг удахгүй харах болно.
Хэрвээ та тоглолтын эхний үеийн тоглолтыг үзсэн бол тоглолтын үр дүн ийм байна гэж огтхон ч төсөөлөхгүй байх байсан байх. Үнэндээ тоглолтын эхэнд Испаничууд өөрсдийн сүүлийн 6 жилийн хугацаанд дэлхийд ноёлж буй тоглолтоо гаргаж илүү давамгай тоглолтыг гаргаж байсан юм. Шнэйдер хаалгачийн эсрэг гарсан ч гоол оруулж чадаагүй боломжийн дараагаар Д.Коста торгуулийн талбайд унаж багтаа пенальти авчирсан. С.Де Врэй түүний даралтыг тооцоолж чадалгүй хөл хийсэн бөгөөд Бразилаас татгалзаж, үзэгчдийн ундууцлыг ихээхэн хүргэсэн нь илт мэдэгдэж байсан Д.Коста ч "амархан" уначихав. Шүүгч эргэлзээгүй пенальти заажээ. Уг цохилтыг Шаби Алонсо алдалгүй гүйцэтгэж, Испаний баг тоглолтыг тэргүүлж эхлэв.
Үүний дараагаар Испаний багт тооны харьцааг 2:0 болгох сайхан боломж гарч ирсэн. Челсигийн шинэ цэрэг Фабрегасын оронд гараанд гарсан Ситигийн плэймэйкэр Давид Сильва хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч Я.Силлесенийг аргалж чадсангүй, давуулах гэж байгаад хаалгачихав. Хэрвээ энэ довтолгоо орсон бол тоглолтын үр дүн огт өөр байх байлаа.
Улмаар үүний дараахан шигшээгийн туслах дасгалжуулагчдын нэг Данни Блиндийн хүү Дэйли Блинд өөрийн нэрийн хуудас болсон хөндлөн дамжуулалтаараа гоолын момент үүсгэсэн. Талбайн төвөөс шахуу өгсөн бөмбөгөнд торгуулийн талбайн захаас Робин Ван Перси нисэлттэйгээр мөргөн шууд хүрч, гоол оруулсан нь энэ байлаа. Манчестер Юнайтедын талисманы энэхүү гоол энэ дэлхийн аваргын шилдэг гоолуудын нэгээр тодрох нь гарцаагүй биз ээ.
Энэ гоолоос хойш тоглолт эргэсэн гэж хэлж болно. 2-р үед сэтгэл зүйн илт давуу байдалтай талбайд гарч ирсэн нь мэдрэгдэж байсан Нидерландын баг удаа дараалсан довтолгоогоороо аварга цолыг хамгаалагчдыг "шийтгэсэн" юм. Эхлээд Дэйли Блиндын өөр нэг оновчтой дамжуулалтаар Арьен Роббен гоол оруулсан. Торгуулийн талбай дахь бөмбөг тогтоолт, Пике, Рамос гэсэн дэлхийн шилдэг хамгаалагчдыг даран хуурч цохиж байгаа нь Роббены классыг харуулсан хэрэг болов. Түүний цохилт хачир аван, хаалганд орж, улбар шарууд тоглолтыг тэргүүлж эхэлжээ.
Зочин · 2014/06/14
Сайхан тоглолт болжээ