Хорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч болсон. Сайн тал олонтой ч уг хөгжил нь гэмт хэрэг үйлдэгчдийн орон байр, үүр уурхай болжээ.

Чухам цахим ертөнцөд л хамгийн ээдрээтэй хамгийн их сөрөг үр дагавар дагуулсан хэргүүд сүүлийн үед үйлдэгдэж байна. Дээхэн үед хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарч хаана юу хийж байгааг нь хянахад хангалттай байдаг байсан бол өнөө цагт гэртээ томоотойхон компьютерийнхээ урд суугаад, ухаалаг утсаа бариад маш том эрсдэлд орчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй болжээ.

Цахим хэлбэрээр насанд хүрээгүй хүүхэдтэй танилцаж гэмт хэргийн хохирогч болгох хэрэг нэмэгдсээр байна. Насанд хүрээгүй хүүхдийн гэнэн байдлыг соргогоор ашиглан нүцгэн зургыг нь авч олонд дэлгэх, сүрдүүлэх гээд янз бүрийн аргаар гэмт хэрэгт татан оруулж байна.

Гэмт хэрэг үйлдэгсэд нүүр зургандаа өөрийнхөө зургыг хэзээ ч байрлуулдаггүй бөгөөд ихэвчлэн гадаадын залуухан охин, залуучуудын зургыг ашигладаг байна.

 

     Цахим гэмт хэргийн талаар сүүлийн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын зарим албад хүчтэй ярих болсон, энэ нь ч аргагүй юм, энэ төрлийн гэмт хэрэг зарим нэг хэлбэрээр үйлдэгдээд эхэлсэнтэй холбоотой. АНУ-д яг 2 жилийн өмнө хор хөнөөлөөрөө асуудал дагуулж байсан зүйл нь Террорист халдлага, харин энэ үед цахим халдлага, гэмт хэрэг жагсаалтын 7, 8-д жагсаж байв, харин өнөөдөр 1-т жагсаж байна.
Дэлхийд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадамж, арга аргачлалаараа тэргүүлэгч 3 улс байгаа нь АНУ, БНХАУ, ОХУ байна. 

 

    Тэгвэл манай улс ямар түвшинд яваа бол? 900,000 гаруй интернэт хэрэглэгч, 19 интернэт үйлчилгээ үзүүлэгчтэй, төрийн мэдлийн интернэт үйлчилгээ эрхлэгч байхгүй, иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дунд мэдээллийн аюулгүй байдал тэр дундаа цахим мэдээллийн аюулгүй байдлын ойлголт сул.Нийт үйлдэгдэж байгаа цахим гэмт хэргийн 90 орчим хувийг гадаад улсаас үйлдэж, дотоодод энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл боломж өдрөөс өдөрт нэмэгдэх чиг хандлагатай болж байгаа, нөхцөл байдалтайгаа уялдуулж 2011 оны сүүлээр Эрүүгийн цагдаагийн газрын бүтцэд энэ чиглэлийн тасгийг байгуулсан, энэхүү тасаг нь Монгол улсын хэмжээнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

 

     Нэгэн эрхэмийн хэлснээр: “Кибер терроризм, төрийн кибер тагнуулын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тухайн улсын батлан хамгаалах салбар, төрийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тагнуулын байгууллага /манай улсад ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар/, хамгийн доод түвшинд буюу цахим гэмт хэрэгтэй Цагдаагийн байгууллага нь тэмцдэг” гэж билээ үүнтэй их санаа нийлж байна. Манай улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадамж нь дээшлэхэд саад учруулж байгаа хамгийн том асуудал нь хөрөнгө мөнгө, мэргэжлийн боловсон хүчин, хууль эрх зүйн зохицуулалтаас илүүтэй хүн нэг бүрийн ойлголт байгаа юм, өөрөөр хэлбэл ганц энэ тасаг, хэсэг бүлэг хүмүүс ойлголттой байснаар бүрэн хэмжээнд тэмцэж чадна гэж бодохгүй байна, тиймээс бид энэ чиглэл рүү стратегийн түвшинд тодорхой ажлуудыг зохион байгуулах шаардлагатай.

 

     Ер нь түүхчилж үзвэл энэ төрлийн гэмт хэргийг 3 үе шатанд хуваан харж болно, нэгдүгээр үе: Уламжлалт гэмт хэрэг интернэт орчинд шилжсэн үе, хоёрдугаар үе: Интернэт гэмт хэрэг, тэгвэл гуравдугаар үе бол одоо цаг буюу Виртуал ертөнц, энд бид хиймэл оюун ухаан, дэлхийн нэгдэлтэй тэмцэх болно /гэмт этгээдүүд бүх талаар нэгдэн нийлж байна/, харин бид хаана нь байна гэж та харж байна?
1900-2000 онд хүн техник хэрэгслийн эсрэг, 2000-2010 онд хүн хүнийхээ эсрэг, өөрөөр хэлбэл техникийг хүн орлож эсэргүүцэх чадамж дээшилсэн үе, 2010 оноос мэдрэхүй ба программ хангамж гэж үзэж болно. Зарчим бол “Хэн өнөөдрийн ойлгож чадна тэр маргаашийг бүтээх болно”.

 

     Эрүүгийн цагдаагийн газрын цахим хэрэгтэй тэмцэх алба өдөр бүр шинэ цахим гэмт хэрэгтэнг илрүүлэн фейсбүүк хаягыг нь ил болгож байгаа аж. Ийм төрлийн гэмт хэрэгт зөвхөн охидууд бус насанд хүрсэн эрэгтэйчүүд ч өртөөд байгаа. Сүүлд энэ цахим хэлбэрээр хэрэгт холбогдсон 28 тохиолдол бүртгэгджээ. Эрчүүдийн холбогддог цахим хэлбэрийн хэргийг Кибер секс гэж нэрлэдэг.

 

      Кибер секс хийж бусдыг дарамтлах гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Энэхүү гэмт хэрэг нь ганцхан Монгол улсад бус дэлхийн дийлэнх улсуудад түгээмэл үйлдэгдэж байгаа бөгөөд таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь ард иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголтыг бий болгох ажил юм.

 

    Эрчүүд интернэтээр танилцсан бүсгүйтэй цахимаар дотно харилцаа үүсгэж нэг нэгнийхээ нүцгэн зургыг болоод бичлэгийг үздэг байна. Ингээд өөрийн бусдад үзүүлж боломгүй ичгүүртэй зураг бичлэгийг гэмт хэрэгтний гарт өгсөнөөр хохирогч болон хувирдаг. Гэмт хэрэгтэн харилцагчын зургыг авмагцаа мөнгө нэхэн дарамталдаг байна. Ингээд өөрийн нэр хүндэд сэвтэй хувийн зургаа олонд дэлгэхийг хүсээгүй хохирогч мөнгө өгөх маягаар гэмт хэрэг даамжирдаг байна .

А.Алтанзул