Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Friday Fights 17" арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэхэд өчигдөр боллоо. 

Тус арга хэмжээнд манай улсын тамирчин Б.Энх-Оргил "One championship" холбооны хоёр дахь тулаанаа Филиппин улсын тамирчин Рокки Бактолтой хийж эхний үед хүнд цохилтоор ялалт байгуулав. Ингэснээр манай тамирчин тус холбоонд 2-0 гэсэн амжилтыг үзүүлээд байна.

"Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" Холбооны аварга, "Шандас ММА" клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой өнгөрсөн сард хийж шүүгчдийн саналаар ялалт байгуулж байв. 

Б.Энх-Оргил нь "One championship" холбоотой зургаан тоглолтын 100 мянган долларын гэрээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулсан юм.