Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй өдөрлөг боллоо
2014/06/15
2014 онд “Монголдоо бүтээцгээе” уриа дэвшүүлсэн Барилга, хот байгуулалтын яам салбарын нээлттэй өдөрлөгөө өнгөрсөн хагас сайн өдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 14-нд Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яамны харъяа газрууд, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр иргэд шинээр баригдаж байгаа хорооллуудын байршил, шинэ суурьшлын бүсүүд хаана байгуулагдах талаар ихэд сонирхож байсан юм. Мөн шинэ хорооллуудыг хэрхэн цахилгаан эрчим хүчинд холбох, цэвэр усны хангамж, цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар анхаарал татсан сэдэв болж байлаа. Энэ чиглэлийг хариуцан ажиллаж байгаа Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн нэгж энэ талаар иргэдийн асууж сонирхсон зүйлд мэдээлэл өгч байсан юм. Тус төслийн нэгж нь 7 хорооллын инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийж, гүйцэтгэж байгаа бөгөөд энэ жил 1121 га талбайд Яармагийн шинэ хороолол, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүхбаатарын талбайгаас 9 км зайд орших 20 орчим га талбайд төлөвлөгдсөн “Солонго”, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 68.44 га талбайд баригдах 6748 айлын орон сууц бүхий “Ирээдүй”, МҮОНРТ орчмын хорооллууд хамрагдаж байна.
Төслийн хүрээнд Баянгол, Буянт-Ухаа, Шинэ-Яармаг, Яармагийн гүүр орчим, Ирээдүй, Солонго, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, VII хороолол хамрагдсан байна.
Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан орон сууцны хотхон хороолол, гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээ баригдснаар нийт 60300 айлын орон сууц, 31000 хүүхдийн сургууль, 15000 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, ахуйн үйлчилгээ, олон нийтийн барилга байгууламжууд баригдахаас гадна 2 гэр хорооллын айл өрх инженерийн хангамжтай болсоноор хүн амын орон сууцны хангамж, хүртээмж нэмэгдэх юм.
Мөн өдөрлөгийн үеэр иргэд барилгын материалын чанарт тавигдах шаардлагад төрөөс хэрхэн анхаарч байгаа болон шинэ орон сууцны үнэ тогтворжуулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар холбогдох албаны хүмүүс иргэдэд танилцууллаа.