Амжилтад хүрсэн хүн бүхний өмнө “Нэр хүнд-Үнэ цэнэ” хүндэтгэн мэхийдэг. Тэднийг тооны хэлээр тэрбумтнууд, урлаг соёлынхны хөрвүүлгээр од хэмээн дэлхий даяараа хүндэтгэдэг билээ.

Тэд “Феррари”, “Мерседес бенц”, “Ягуар” хөлөглөж, “Паркер”, “Монтбланк”-аар гарын үсгээ ихэмсэг хэр нь их л хээнцэр гэгч нь татална. Жаахан дэгсдүүлбэл, тэдний биеийнх нь хоёр дахь арьс “Валентино”, “Жоржио Армани” ч юм шиг, анхнаасаа “Ролекс” атгаад төрчихсөн мэт тийм л дүр төрх хэний ч санаанд буудаг. Тиймээс л сая сая хүн тэдний үлгэр шиг амьдралыг алмайран харж, амжилтад хүрсэн нууц буюу намтар түүхийг уншиж судлан, тэдэн шиг болохыг мөрөөддөг. Тийм ээ, тэд бол бодит мөртлөө дэлхийн сая сая хүний хувьд мөрөөдлийн баатрууд нь. Үүнтэй хэн ч маргахгүй. 

Брэндийн тухай ийнхүү эргэцүүлэх болсны учир нь сүүлийн үед монголчууд  ч дэлхийн иргэн болж, энэ эрхэмүүдийн хэрэглэдэг чамин тансаг, цаанаа л нэг нүнжигтэй, чансаатай эдийг хэдийнэ таних болсных. Нөгөөтэйгүүр, биднийг амжилтаараа түүчээлж яваа элэг нэгтнүүд маань ч зарим брэндийг нь хэрэглээд хэдийнэ  хэвшчихжээ. Тэгвэл ер нь  дэлхийгээр нэг тархсан энэ олон брэндээс аль нь хамгийн шилдэг нь юм бол. Жагсааж үзвэл ямар үр дүн гарах  бол. Энэ асуултад “Интербрэнд” хэмээх дэлхийд алдартай брэндүүдийг тодорхойлогч компани хэдийнэ хариулчихжээ. Өөрөөр хэлбэл, тэд дэлхийн брэндүүдийн жилийн ашиг орлого, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж зэргийг үндэслэн жил бүр  ТОП-100 брендийг нэр хүнд, бүтээгдэхүүний чансаагаар нь эрэмблэн жагсаадаг юм байна.   

Энэхүү жагсаалтыг Купертиногоос гаралтай “Apple” компани “Google”-ийн хамтаар тэргүүлжээ. Өнөөдөр хүн бүр л “Apple”-ийн бүтээгдэхүүнийг андахгүй. Өдөр тутмын хэрэглээтэй нь холбоотой учраас арга ч үгүй биз.  Жаахан цаашлаад үзвэл, сүүлийн 13 жилийн турш дэлхийн шилдэг 100 брэндийн жагсаалтыг тэргүүлж байсан “Кока Кола”-гийн үнэ цэнэ өнгөрсөн онд хоёр хувиар өсчээ. Ингэснээр компанийн үнэлгээ 79 тэрбум ам.доллар болсон байна. Харин автомашин үйлдвэрлэгчдээс, энэ жагсаалтын хамгийн дээгүүрт Японы “Тоёота” корпораци оржээ. Үүний араас “Мерседес бенз”, “БМВ” компаниуд тус тус 11, 12-т оржээ. Загварын ертөнцийнхнөөс “LV” брэнд 24 тэрбум ам.долларын үнэлгээгээр, 17-д жагссан байна.  

Тэгвэл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч брэндүүдээс хамгийн шилдэгт нь “Американ экспресс” орсон байх юм. Тус байгууллага  Дэлхийн ТОП-100 брэндийн 23-т жагсчээ. Тодруулбал, тус брэндийн үнэ цэнэ өмнөх оноос 12 хувиар өсч, 17,6 тэрбум ам.долларт хүрч, нэр хүнд нь нэг байраар урагшилжээ. Харин санхүүгийн үйлчилгээгээр дэлхийд шилдэгт тооцогддог брэндүүд болох HSBC, “JP Мorgan” нар жагсаалтын 32, 33-т бичигдсэн байх жишээтэй.

Түүнчлэн дэлхийг хэрсэн Visa, MasterCard-ууд санхүүгийн салбартаа тэргүүлэгч  баймаар атал хойгуур байр эзлээд байдаг. Үүний учрыг нягталлаа. Гэтэл “Американ экспресс” нь нийгэмд хэдийнэ өөрийн байр суурийг эзэлсэн олны танил тэргүүн баячууд, бизнес эрхлэгчид болон  компанийн захирал,  улс төрчидэлит хүмүүсийн сонголт ажээ. Ийм хүмүүсийн чансааг илэрхийлэх дээд зэрэглэлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, кредит, дебит карт болон аяллын чекийн үйлчилгээг үзүүлдэг, нэг үгээр хэлбэл, бэлчээр томтой брэнд аж. Өдгөө дэлхийн 90 гаруй орны шилдэг банкууд алдар хүнд, амжилтын үнэ цэнийн өмнө хүндэтгэл үзүүлэн “Американ экспресс” картаар харилцагчиддаа  “бэлэг барьсан” төдийгүй олон улсын санхүүгийн үйлчилгээний зиндааг тодорхойлогч гэдгээрээ алдаршжээ.

Ийнхүү дэлхийн ТОП-100 брэндийн жагсаалтыг ухаж үзэхэд аргагүй л шилдгийн шилдгүүд л өнгөлдөг аж. ТОП-100 брэнд гэдэг үнэндээ тодоос ТОД-100 бүтээгдэхүүн, үйлчилгээ л гэсэн үг. Хэдэн арван, хэдэн жаран, хэдэн зууныг дамжин өвлөгдөн ирсээр өнөөдөр ч үнэ цэнэ, нэр хүндээ алдаагүй юм, тэд. Эдгээр ТОД-100 брэндийг хэрэглэгчид ч бас хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн тод, сод хүмүүс л байдаг билээ.        

 

Г.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: Зууны мэдээ сонин - 2014/06/13-ны  дугаар

“APPLE” ДЭЛХИЙН БРЭНДҮҮДИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ.