Японы хөрөнгө оруулалттай гэгддэг  "Ньюком" группыг Монголчууд "Мобиком" корпорацийн толгой компани гэдгээр нь сайн мэднэ.

Үүрэн холбооны салбарт анхдагч болсон "Мобиком" өдгөө ч уг салбартаа тэргүүлэгчийн байр суурийг эзэлж байна. Монголын зах зээлд орж ирээд 20 шахам жил болсон  "Ньюком" групп энэ хугацаанд их хэмжээгээр өргөжиж, уул уурхай, иргэний агаарын тээвэр, эрчим хүчний салбарт байр сууриа эзэлж, "Мобиком" "Изинис Эйрвейз", "Клин Энержи", "Ньюком Проперти", "Ньюком Майнинг сервис", "Цэгц", " Эй-Юу-Эм", "Клин Энержи Ази" гэсэн охин компаниудтай болсон.


Гэвч "Ньюком"-ыг зах зээлээс шахах ажиллагаа сүүлийн 2 жилийн туршид маш хүчтэй явагдаж эхэллээ  гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн дүгнэж байна.
"Изинис Эйрвейз" компанид олгосон байсан гадаад нислэгийн чиглэлийг  2012 онд шинээр томилогдсон Зам, Тээврийн сайд цуцалснаар уг компаний санхүүгийн байдал ярвигтай болж, улмаар сарын үйл ажиллагаагаа зогсоосон юм.
Мөн тус группын  салхин цахилгаан станцын төсөл ч ахиц тийм сайнгүй байгаа аж.
Тэгвэл "Ньюком"-ын хувь заяанд тун сөргөөр нөлөөлж мэдэх шийдвэрийг УИХ гаргаж мэдэхээр болоод байна.


Өчигдөр Засгийн газар УИХ-ын даргад  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан билээ.
Хуулийн өөрчлөлтийн гол заалт нь дугаартайгаа шилжих үйлчилгээ гэгч юм.
Энэ нь  хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүртгүүлэн) шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжийг уг хуулийн өөрчлөлт олгох ажээ.


Энэ нь үнэ цэнэтэй хэрэглэгчдийн /9911-ын дугаар бүхий/ дийлэнхийг эзэмшдэг "Мобиком"-д ашиггүй тусна.
Өөрөөр хэлбэл хэрэв Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар  батлагдвал "Ньюком" группын үйл ажиллагаа явуулдаг  гол салбарт маш том бэрхшээл учирч, тэргүүлэгчийн байр сууриа алдах ч эрсдэлтэй болж буй юм.
Харин "Ньюком"-ын эдгээр эрсдлүүд "МАК" группын "Хүннү Эйр", "М-Си-Эс" группын "Юнител", Сү.Батболд, Г.Батхүү нарын "Скатейл" компаниудад эерэг боломж олгож буй нь нууц биш.
Гэхдээ "Мобиком" корпорацийн үйлчилгээ, нэн ялангуяа үнийн бодлогын асуудалд иргэд тун ам муутай байдаг билээ.
Мөн нэр бүхий уран бүтээлчид тус компанийг оюуны өмчийн хуулийг байнга зөрчдөг хэмээн шүүмжилдэг юм.

Ийнхүү яваандаа Японы хөрөнгө оруулалттай гэгддэг нэгэн томоохон групп Монголын бизнесийн салбар дахь орон зайгаа алдаж магадгүй болжээ.

М.Гал