Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч, хямрал нүүрлэжээ. Гэвч эрх баригчид ДНБ-ний үйлдвэрлэл буураагүй бол хямрал гэж үзэхгүй , бага зэргийн л хүндрэл, байх л зүйл хэмээн үл тоосон царайлж байгаа.

Хэрвээ дээр, дооргүй бужигнавал хожихоосоо алдах нь их хэмээн тооцоолж, болж, бүтэж байна гэж ам тагладаг ч байж мэднэ. Энэ нэг талаараа зүйтэй юм шиг  боловч нөгөө талаараа үнэнийг улайран нууж болохгүй. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болд ёстой нэг оносон хариулт өгсөн байна. Тэрээр  Манай эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгааг ам.долларын ханш харуулж байдаг. Нэг ёсондоо халууны шил гэсэн үг” гэжээ. Түүний тайлбарласнаар эдийн засаг муу байвал ханш халуурч өсдөг, сайн байвал буурдаг гэж дүгнэсэн байгаа юм.

 

Яг үнэндээ ам.долларын ханш сав хийвэл халуурах гээд байдаг шинж тэмдэг олон жил үргэлжилж байгаа.  Хүчээр шахуу торгоож, нөөцөд байгаа валютаа гөвөх нь холгүй интервенц хийж, бодлогын хүүг өсгөж, хяналтаас гаргахгүй гэж  аргацааж ирсэн гэж дүгнэж болно. Монголбанк ингэж мөнгөний хатуу бодлого барих нь үйлдвэрлэл эрхлэгч нарыг “ боомилдог” гээд сөрөг нөлөө ихтэй.

 

“Ноён” ам.доллар гуайн ханш  2013 оны долдугаар сараас өссөөр одоо бүүр 1830 төгрөгт хүрч, өмнөх жилийнхтэй харьцуулахад  монгол төгрөгийн ханш 30 гаруй хувиар уналаа.   Зах зээлийн жамаар  яваг гэхээр өнөөдрийн ийм байдалд хүргэж байна. Энэ нь тэгэхээр М.Болд эдийн засагчийн хэлсэн шиг Монголын эдийн засаг “өвчилж” халуун өндөртэй байна аа гэсэн үг.  

 

Уг нь ханшийг аль нэгэн байгууллага, хүн тогтоодоггүй.  Саяхны нэг тооцоогоор Монголын 650 мянган өрх ямар нэг хэмжээгээр валют авч, өгч арилжаанд оролцож байна гэсэн дүн гарсан байна лээ. Дээр нь хувийн компаниуд худалдаа, наймаа хийж валютын арилжаанд оролцоно. Мөн Засгийн газар тэрбум, тэрбумаар нийлүүлнэ, оруулна гээд бодохоор иргэн, хувийн компани, байгууллагууд, төр гэсэн гурван субьект энэхүү валютын ханш гээчийг тогтоож байгаа хэрэг шүү дээ.

 

 Манай эдийн засаг өндөр хэмээр халууртлаа өвчилсөн ужиг шалтгааныг олохгүйгээр, өнөө маргаашаа харсан арга саам эрэлхийлж, түр зуурын гал унтраасаар байвал ноён доллар гуай ч данагар , монгол төгрөг үнэгүйдсэн хэвээрээ, хямрал гээч ужиграад 2015, 2016, 2017,2018  он гээд үргэлжлээд ч байж мэдэхээр байгаа юм.

Өнөөдөр манай улсын эдийн засаг зөвхөн уул уурхайд  хэт түшиглээд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унахаар ганхаад, сэргэхээр өндийдэг л байдалтай байна. Орост ханиад хүрэхэд Монголд найтаадаг гэдэг шиг хэврэгхэн, эмзэгхэн байдалтай. Тэгэхээр монголчууд өөрсдөө юм хийж, бүтээж, түүнийгээ гадаад зах зээ дээр худалдаж, борлуулж, валют гаднаас оруулж ирдэг болмоор байна. Тэр цагт ноён долларын данагар байдлыг номхотгох арга нь болно. Аpple брендтэй  өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой юм чинь үр тариа, хүнсний ногоо, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт хийж, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаж болж байна. Нүүрсээ боловсруулаад эрчим хүч Хятадад зарж болж байна.  Олборлож байгаа газрын тосоо боловсруулаад бага ч гэсэн шатахуун үйлдвэрлэж болж байна. Эрдэнэт, Оюу толгойгоос гарч байгаа зэсийн баяжмалыг боловсруулж болж байна. Энэ мэтчилэн гарц өчнөөн байна гээд эдийн засагч, инженер, мэргэжилтнүүд нь хэлээд байгаа юм.

 

Хэдийгээр Монгол улс далайгаас алслагдсан ч гэлээ боломж их бий. Монголын эдийн засгийг тойроод Хятад, Орос, Япон, Солонгос,  Энэтхэгийн зах зээл гэж байгаа. Гурван сая монгол хүнийг тойроод хамгийн ойроор бодоход  гурван тэрбум гаруй хүн оршин амьдарч байна.

 

Монголчууд бид чинь үнэхээр баян хүмүүс.  Гурван сая хүн амтай гэлээ ч  Монголын эдийн засагт  11 орчим тэрбум ам.доллар эргэлдэж байна. Хүнээсээ хэд дахин буюу 45 сая толгой малтай. Газар доороо асар их нөөцтэй “үүцүүдтэй”. Бас болоогүй ээ, нар, салхи,  усны эрчим хүчнийг ашиглах боломж их. Нийт хүн амын дийлэнх нь хөдөлмөрлөх залуу насныхан. Ийм олон чадавх,  боломжийг яагаад ашиглаад бид хөгжихгүй байна аа  гэсэн асуултыг ээлжлэн засаг барьж ирсэн улстөрийн хүчнүүд, эрх мэдэлтнүүдээс асуумаар байгаа юм. Судлаачдын судалгаа, Дэлхийн банкны тайлан, МУИС-ийн багш нарын  эдийн засагт хийсэн анализ, эрдэмтэн мэргэдийн ярилцлагаас тольдоход Монгол эдийн засаг сэргэх шатандаа ороод улстөрчдийн алдаатай алхмын уршигаар  эвдэгджээ гэж дүгнэж болохоор байна. Учир нь аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбар 1990-ээд оны сүүлээс сэргэж эхэлсэн. ДНБ-ний 20 орчим хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбар 2000-2002 онд ган, зудны улмаас хүндхэн цохилтод орсон бөгөөд үүний дараагаас хурдацтай өсч эхэлжээ. Мөн банкны салбарт итгэх итгэл сэргэж, эдийн засаг өсөхийн хирээр санхүүгийн зуучлал гүнзгийрсэн. Олон улсын зах зээлд суурь бүтээгдэхүүн, ялангуяа Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ өссөн нь 2004 оноос Монголын эдийн засаг улам эрчимтэй өсөхөд нөлөөлжээ. Суурь бүтээгдэхүүний өндөр үнэ экспортын орлогыг нэмэгдүүлж улмаар импорт, төсвийн орлого, гадаад валютын нөөцийн огцом өсөлтийг дагуулсан. Монгол улс энэ үеэс төсвийн болон мөнгөний тэлэх бодлогыг улам эрчимтэй явуулж эхэлсэн байгаа юм. Мөнгөний нийлүүлэлт эрчимтэй өсч байсан бөгөөд 2005-2008 оны хооронд жилд дунджаар 40 хувиар нэмэгдэж байв.

 

Ерөнхийдөө 2007 он хүртэл Монголын эдийн засаг зөв гольдрил руугаа ороод тэр чигээрээ алсыг харсан бодлого явуулж ирсэн бол арай л гэгээлэг дүр зураг угтах байжээ гэмээр. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгээс Монголын эдийн засгийг хэзээнээс, хэн эвдэж эхлэвээ гэж асуухад  “2006 оны сүүл хүртэл их аятайхан болж байсан юм.Гэтэл 2007 онд  Бүтээн байгуулалтын жил зарлаад, төмөр зам ачаагаа дийлэхээ  болиод, орон сууцны үнэ өсөөд , төсвийг хэт тэлээд буруу замаар будаа тээх эхлэлээ тавьсан гэхүү дээ. Ер нь М.Энхболдын үеийн Засгийн газраас  эхэлсэн гэж хэлж болно. МАН-ын нөхдүүдийн эдийн засгийн бодлого амьдралаас хол зөрүүтэй байлаа. Үүнийг нь  АН-ынхан засах ёстой байсан ч  чадсангүй ээ” гэж хариулж байна.

 

Эдийн засагт хийсэн тайлан, дүгнэлтийг харахад  “Эрэлт талаас төсвийн болон мөнгөний тэлэх бодлого явуулсан, нийлүүлэлт талаас суурь бүтээгдэхүүн, ялангуяа нефть болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байснаас шалтгаалан 2007 оны 2-р хагасаас инфляци огцом өсч эхэлсэн байна” гэж дүгнэж болох юм.

 

Үнэндээ эдийн засгийн доройтлын бодит шалтгааныг зөв тодорхойлж, буруу арга барилаа үндсээр нь засч сайжруулахгүй бол 100 хоног байтугай 100 жилд эрүүлжихгүй шүү дээ.

 

Ер нь нөхцөл байдлыг ажиглахад Монголын эдийн засаг хямрахад түүхий эдийн үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан гээд хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй ч хамгийн гол шалтгаан нь төр засгийн эрх баригчдын бүрдүүлж, удирдан ажиллуулдаг улс төрийн байгууллын чадамжтай  шууд хамаатай. Шулуухан хэлэхэд муу засаглалд хамаг учир бий. Эдийн засагч Д.Жаргалсайхан одоогийн нөхцөл байдлыг“Эдийн засгийнх биш ээ, институцийн хямрал” хэмээн дүгнэсэн байна. Энэ нь илүү бодиттой дүгнэлт  гэж бодож байна.

Дараагийн дугаарт Эдийн засгийг эвдэж, өнөөдрийн Монголын эдийн засгийг хүндээр “өвдүүлсэн”  буруутнуудыг цувралаар хүргэх болно.