“Талд ассан түймэр” номын нээлт болно
2014/06/18
Өдөр: 2014 оны 06 сарын 20
Цаг: 16:00 цаг
Байршил: Интерном төв салбар
Эрхэм уншигчид та бүхэнд Улсын Их Хурлын гишүүн Ёндонгийн Отгонбаяр, Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийнхээ эхний дэвтрийг болох “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номыг өргөн барьж байна.
Энэхүү бүтээлийг Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн мэндэлсэний 145 жилийн ойд зориулан Булган аймгийн нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж гаргаж байгаа билээ.
Бараг 2 жилийн өмнөөс УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттер сүлжээгээр Монголын эрт эдүгээ түүхийн баримтуудыг маш сонирхолтойгоор жиргэж хэвшсэн билээ. Энэхүү түүхийн жиргээг нь унших дуртай мянга мянган дагалдагчид уншигчдийн хувьд олон ЯАГААД? гэсэн асуултын хариуг энэхүү цуврал бүтээлүүдээс харж болох нь ээ.
Энэхүү бүтээлийг туурвих болсон учир шалтгааны тухай зохиогч хэлэхдээ “....Монгол улсын маань тусгаар тогтнолын төлөө эцэг өвгөд, ихэс дээдсийн маань тэмцэл, ялалт, ялагдлын үнэн түүхийг өгүүлэхийг эрмэлзэхээс гадна олон улсын харилцаагаар мэргэжсэн хүний хувьд улсынхаа түүхийг тухайн үеийн дэлхийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдалтай холбон өгүүлэх хэрэгцээ байна гэж үзсэн билээ. Түүх эргэн давтагддаг хэмээдэг. Энэ цагт бид Оюу Толгой, Таван толгой гэх мэтийн ордууд, төмөр замын тухай маргалдан мэтгэлцэж буй үед ХХ зууны эхэнд мөн л яригдаж ирсэн “Монголор”-ын алтны уурхай, Дорнод Хятадын төмөр зам Монгол орны хувь заяанд ямархуу үүрэг гүйцэтгэснийг уншин эрэгцүүлж, нэгийг бодох нь бас чухал гэж бодсон юм...” гэжээ.
ХХ зууны эхэнд дэлхий даяараа их гүрнүүдийн дарлалд улс орнууд нухлагдан байсан үед өөрийнхөө тусгаар тогтнолыг зарлан гарч ирсэн цөөхөн улс байсны нэг нь Монголчууд байсан юм. Дөнгөж зарласан тусгаар тогтнолоо хамгаалах, гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бүтэн жарны турш ээдрээтэй бэрхшээлтэй замаар замнан, алдаа онооны нугачаанд бүрдэрч боссон түүхийг энэхүү номд өгүүлсэн байна.
Бичиж найруулахдаа эсээ буюу нийтлэлийн хэлбэрийг өргөн ашиглаж, ямар ч нас, мэргэжлийн хүн уншихад ойлгоход хялбар дөхөм, уншууртай туурвиж чадсан тус бүтээл Таны Монголын түүхийн мэдлэгийн санд чухал хандив болон орж, улс үндсээ хэмээсэн үзэл бодлыг тань улам ирлэж өгөх нь дамжиггүй. Үзэх мэргэд хянан толилмуй.
yguhyjmk · 2014/06/19
goyo nom bhdaa hedeer hudaalj bgaawe