Хүүхдүүдийг үнэртэй усанд агуулагдах химийн бодисоос хордсон байж болзошгүй гэв
2023/10/05
Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид өнгөрсөн есдүгээр сарын 21-нд ангидаа байхдаа хордсон. Хордлогын шалтгаан нөхцөлийг тодруулах хүрээнд тус сургуулийн дунд анги буюу 6-8 дугаар ангийнхны хичээлийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа билээ.
Сурагчдын хордсон шалтгааны дүгнэлт гарсны дараа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимд шилжүүлнэ гэсэн юм. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас шинжилгээний хариу гарсан эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр, "Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол дээд сургуульд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүд шалтгаан тодорхойгүй хордлогын улмаас эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд түрээслүүлэгч Монгол дээд сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис, физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд болох аммиак, хүхэрт устөрөгчийн илрүүлэх шинжилгээ хийхэд стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй бөгөөд анги танхимын агаарт бохирдуулагч бодис илрээгүй байна.
Урьдчилсан дүгнэлтээр анги танхимын агаарын чийгшил бага, агаар сэлгэлт муу, ариун цэврийн хангалтгүй байдал, анги дүүргэлт их байхаас шалтгаалан нүүрсхүчлийн хийн агууламж ихэснээс ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон, агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдах химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа.
Харин хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Ариун цэврийн өрөөнүүд агааржуулалтын системд холбогдоогүй, гар угаагуурын тоо хүрэлцээгүй, анги танхимын агаар сэлгэлтийн хоолойд үзлэг, үйлчилгээ хийдэггүй, ангид цэвэрлэгээг хийдэггүй, шал, хана, ширээ бохир, дээрх ангиудын хогийн сав, цэвэрлэгээний материалууд бохирдол ихтэй, ялгаатай, угааж, халдваргүйжүүлдэггүй нь Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, Сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байсан байна. Иймд хяналт шалгалтын явцыг үндэслэн хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргаж, ХУД-ийн Цагдаагийн хэлтэст хүргүүлж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд албан шаардлага бүхий хугацаатай үүрэг өгсөн байна" гэж ярив.
18-р сургуулийн захирал Д.Ган- Уяа "Анги танхимын хүрэлцээгүй байдлаас үүдэн 18-р сургууль гурван жил Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэсэн. 6В ангийн 2-р цагийн хичээл эхлэх үеэр ангиас эвгүй үнэр үнэртэж эхэлсэн. Ангидаа үнэртэй ус цацаад үргэлжлүүлэн хичээлээ орсон. Ингээд тус 30 минут орчмын дараагаас хүүхдүүдэд бөөлжих, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн" хэмээн тухайн үед ярьж байсан юм.