Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байсан ХУД-ийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч өнгөрсөн есдүгээр сарын 21-нд хичээл дээрээ бөөлжиж, суулгалт өгсөн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Мөн энэ сарын 12-нд дахин шинж тэмдэг илэрч дээрхээс гадна гар, хөлний булчин нь суларч  ЭХЭМҮТ-д хүргэгдэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр эцэг эхчүүдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа. Тэд "өнөөдрийг хүртэл хүүхдүүдийг минь юунаас болж хордсон талаарх шинжилгээний хариу гараагүй. Хурдан гаргаж өгөхийг шаардаж байна. Хүүхдүүдийг минь Хотын орлогч дарга Төмөртөмөө нь газ үнэрлэсэн гэх буруу мэдээллийг нийгэмд өгсөн. Үүнээс үүдэж хүүхдүүд минь одоо сургууль хичээлдээ ч очихоос ч айж эхэллээ. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд яагаад юу ч дуугарахгүй байгаа юм. 

ЭХЭМҮТ-ийн шинжилгээгээр газ гэж гараагүй. Шүүх шинжилгээний хариунаас хамаарч ямар эмчилгээ хийхээ тодорхойлно гэсэн. Юунаас болж хордсоныг мэдэхгүй байгаа учраас одоо хүртэл эмчилгээ хийгдэхгүй цаг алдаж байна. Эцэг, эхчүүд судлаач нартай холбогдоход хүхэрт хордсон байвал төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн. 20 гаруй хоноход хүүхдүүдийн эрүүл мэнд гарсан зовуурь нь нэмэгдэж байна. Жишээлбэл гар хөл бадайрах, толгой эргэх, бөөлжих шинж тэмдэг илэрч байна. Бизнесийн дээд сургуулийн анги руу ороход 54 хүүхэд уйлсан, дотор муухайрсан байдалтай байсан.

Хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтлээ бүгд шантарч байна. Хүүхдүүдийн эрүүл мэндэд толбо суучихлаа. Энэ толбо нь жоохон үнэр үнэртэхээр л сэдрээд эмнэлгийн үүд сахидаг болчихлоо. Бид нар шинжилгээний хариугаа хурдан авч яг зөв оновчтой нарийн эмчилгээг хурдан хийлгэх шаардлагатай байна.  Тэгэхгүй бол хугацаа алдаад эрүүл мэнддээ насан туршдаа суурь өвчтэй болоод үлдэх, төв мэдрэлийн системд нь нөлөөлөх өндөр эрсдлийг дагуулж байгаад харамсалтай байна" гэлээ. 

Тус сургуулийн хүүхдүүдийн хувьд дөнгөж бага боловролоо эзэмшээд дунд ангид шилжин суралцаж буй насныхан гэдгийг онцлоё. Монгол бизнес дээд сургуулийн байр нь чанарын шаардлага хангахгүй хичээлийн барилгатай байсанд эцэг эхчүүд бас гайхаж буйгаа илэрхийлж байв. Хоёрдахь хордлогын шинж тэмдэг нь өнгөрөгч долоо хоногт Нийслэл хотод үл мэдэгдэх үнэр дэгдсэнээс сэдэрчээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн анхны хордлого бүрэн эмчлэгдээгүй байгаагийн улмаас ийн дахин хордлогын шинж тэмдэг илэрсэн гэсэн үг юм. Чухам юунаас хордсон эсэхийг тухайн үед Монгол бизнес дээд сургуулийн байран дээр хичээллэж байсан шинжилгээний хариунаас мэдэхийг л эцэг эхчүүд хүлээгээд сар гаруй хугацааг өнгөрүүлээд байна. Эмчилгээг сайн хийхийн тулд уг шинжилгээний хариу үнэн бодитоор гарч байж, хүүхдүүдийн эрүүл мэндийг цаашдын аюулаас хамгаална гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл ярьсан юм.

 

 

Холбоотой мэдээлэл:

18-р сургуулийн өмнөх хордсон хүүхдүүд булчин нь суларч хөл, гар нь мэдээгүй болж эмнэлгийн тусламж авч байна

Хүүхдүүдийг үнэртэй усанд агуулагдах химийн бодисоос хордсон байж болзошгүй гэв

Сурагчид нь хордсон гэх 18-р сургууль цахимаар хичээлээ явуулж байна

18-р сургуулийн хордсон хүүхдүүдийн гурван ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэв