Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумын цахилгаан эрчим хүчний тулгуур багана унасныг засахаар ажиллаж байна гэв
2023/12/07
Өнгөрсөн шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болсон талаар Цаг уурын байгууллагаас мэдээлээд байгаа билээ.
Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн гурван сум, Говь-Алтай аймгийн нэг суманд цахилгаан эрчим хүч хязгаарлагджээ. Гэмтлийн шалтгааныг тогтоохоор өнөөдөр 08:38 цагт Ховд аймгийн төвөөс “ББЭХС” ТӨХК-ийн Ховд салбарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бригад гарсан байна.
Бригад үзлэг хийхэд 35 кВ-ын Манхан-Зэрэг ЦДАШ-ын 403, 404 тулгуур багана унаж, 405-р тулгуур цуурсан болохыг тогтоожээ. Гэмтлийг засахаар ажиллаж байгааг Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээллээ.