П.Алтанчимэг: Сонгуулийн үр дүнг автоматаар тооцох систем хөгжүүлсэн
2023/12/21
Сонгуулийн үеийн мэдээллийн аюулгүй байдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэгтэй ярилцлаа.
-Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаад арав гаруй жил болж байна. Нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын тал дээр хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Сонгуулийн үечлэлийг харвал саналаа өгдөг, социалист маягийн, ардчилсан гэж хувааж үзэж болно. Ардчилсан сонгуулийн үед намын төлөөллүүд санал авах байранд ажиллаж, саналын хуудсыг тоолох үед маргаан гарч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг асуудал гарч байсан учраас хүний хамаарлыг багасгаж автоматжуулсан системийг ашиглаж эхэлсэн. Ингэж 2012 оноос эхлээд сонгуулийн автоматжуулсан системийг ашигладаг болсноор төрийн албан хаагчдыг санал авах байранд ажиллах, мөн гадаадад байгаа иргэдийн саналыг авах зэргээр сонгуулийн нэгэн шинэ үе эхэлсэн гэж үзэж болно.
2010 оноос иргэний шинэчилсэн бүртгэлээр хурууны хээ ашигладаг систем рүү шилжсэн байсан учраас сонгуулийн автоматжуулсан систем ямар нэг саад бэрхшээлгүй бүрэн нэвтрэх боломж бүрдсэн. Үүний үр дүнд ардчилсан буюу нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох, хамгийн гол нь сонгогчийн санал нууц байх зарчмыг хангасан гэж үздэг.
Сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэхээс өмнө 2011 онд бие даасан хуулийг баталж нэмэлт өөрчлөл оруулж ирлээ. Хуулийн дагуу автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх, үйл ажиллагааны найдвартай байдлыг хангах үүргийг Мэдээллийн технологийн төв хариуцахаар болж СЕХ-ны дэргэд шинээр байгуулагдан ажиллаж байна. Харин автоматжуулсан системийг ашиглах эрх УИХ-д хадгалагддаг. Сонгууль товлон зарласны дараа 2024 оны сонгуульд автоматжуулсан систем ашиглах эсэхийг шийдвэрлэх тогтоолын дагуу бэлтгэл ажил эхэлнэ гэсэн үг.
-Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой шүүмжлэл маргаан их гардаг. Тухайлбал, сонгогчийн саналын хуудсыг тоолохдоо кодоор нь ч юмуу хамаарлыг нь мэдэх боломжтой юу?
-Сонгуулийн автоматжуулсан систем хоёр иж бүрдэлтэй. Сонгогчийн бүртгэлийн систем, санал тоолох иж бүрдэл гэсэн хоорондоо хамааралгүй бие даасан хоёр хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, Бат гэдэг хүн санал өгөхөөр бүртгүүллээ гэхэд саналын хуудас нь ямар кодтой гэдгийг мэдэх боломжгүй. Хоёр систем хоорондоо ямар ч хамааралгүй ажилладаг. Мөн хариуцаж ажилладаг байгууллагууд тусдаа.
Сонгогчийн бүртгэлийн системийг УБЕГ бэлтгэж, хадгалж, хариуцдаг. Нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргэгдэх хүртэлх процессыг бүртгэлийн байгууллага хариуцна. Санал тоолох төхөөрөмжийн иж бүрдэл буюу саналын хуудсыг таньж уншаад өөр дээрээ зурган файлыг хадгалдаг төхөөрөмжийг бэлтгэх, баталгаажуулах, түгээх, найдвартай ажиллах процессыг манай байгууллага хариуцаж байна.
Сонгогчийн нэрийн жагсаалтын давхцлыг шалгахад тагнуулын байгууллага хяналт тавьдаг. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас Сонгуулийн ерөнхий хороонд сонгогчийн мэдээлэл ямар ч хувилбараар ирэхгүй. Зөвхөн санал авах байранд хүргэгдэнэ. Санал тоолох төхөөрөмжийн баталгаажуулалтад хүний ямар нэг оролцоо байхгүй. Тагнуул, харилцаа холбооны төв байгууллагууд код бүрээр нь нэг бүрчлэн шалгадаг. Туршигдаагүй баталгаажаагүй төхөөрөмжийг сонгуульд ашиглахыг хориглодог хуультай. Автоматжуулсан системтэй холбоотойгоор 2012 оноос хойш ямар нэг асуудал үүсээгүй. Сонгуулийн үр дүнг хэд хэдэн алхмаар баталгаажуулдаг.
-Зурган файлыг өгөхөд тавдугаарт санал өгсөн хүнийх тэр дарааллаараа санал төхөөрөмж дээр гарах уу?
-Үгүй. Зурган файл хоорондоо холилдоно. Ямар нэг байдлаар хэн нэгнийг зурган файлаар нь таних боломжгүй. Сонгогчийн бүртгэл санал тоолох төхөөрөмж тусдаа учраас хэн ямар дараалалд санал өгснийг мэдэхгүй. Сонгогчийн санал нууц байх зарчмыг бүрэн хангаж чаддаг. Хэн аль нэр дэвшигчид санал өгснийг сонгуулийн төв байгууллага ч мэдэх боломжгүй.
-Сонгогчийн нэрийн жагсаалтыг намуудад өгдөг нь маргаан дагуулдаг. Шинэ хуулиар сонгогчийн мэдээллийг тараахгүй байх, хамгаалах ямар нэг дэвшилтэт зохицуулалт орж байгаа юу?
-Шинэ зохицуулалтаар намуудад сонгогчийн нэрийн жагсаалтыг 2-3 удаа олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр сонгогчийн нэрийн жагсаалт гурван удаа өөрчлөгддөг юм байна. Тэр өөрчлөлт болгонд нь өгөх юм билээ. Энэ бүхэнд улсын бүртгэл болон тагнуулын байгууллага хяналт тавина. Ер нь бол улс төрийн намуудад нэрийн жагсаалтыг өгөхдөө хувилж авах боломжгүй цахим хэлбэрээр өгөх юм билээ.
-Сонгуулийн саналын хайрцгийг замаас нь авч зугтаажээ гэдэг мэдээлэл гардаг. Ялангуяа, хөдөө орон нутагт их гардаг. Ер нь замаас нь аваад задлах боломжтой юу?
-Сонгуулийн дүн дамжуулах процесс санал авах байранд өдрийн турш ямар нэг сүлжээнд холбогдохгүй. Оффлайн горимд байна. Харин 22:00 цагт санал хураалт хаагдаж үр дүнгээ хэвлэж өгсний дараа дүн дамжуулна. Өөрөөр хэлбэл, тусгай бэлтгэгдсэн аюулгүй VPN сүлжээгээр дүн дамжуулдаг. Төхөөрөмжөөс дүнг хэд хэдэн хамгаалалтын системийн нууцлалтайгаар төв серверт дамжуулснаар задалж таньж уншина. Тусгай кодоор хөрвүүлэгдсэн саналын хуудасны дүнг замаас нь авлаа гэхэд 5-6 өдөр зарцуулж байж задлах хэрэг гарна. Мөн сонгуулийн санал тоолох төхөөрөмж алхам тутамдаа баримт үлдээдэг учраас саналын хуудасны дүнг өөрчлөх ямар ч боломжгүй. Санал хураалтын дүн төв серверт ирсний дараа өөр программаар харуулдаг.
Сонгуулийн жил улсын хэмжээнд ашигладаг 2500 төхөөрөмжөөс дурын сонголтоор нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл туршдаг. Төхөөрөмж болгон тус бүртээ гэрчилгээтэй. Тиймээс хэн байхаас шалтгаалж юу ч өөрчлөгдөхгүй.
Сонгуулийн байгууллага 2012 оноос хяналтын тооллого хийж эхэлсэн. Энэ хугацаанд нэг ч удаа дүн зөрж байгаагүй. 2016 оноос өмнө тухайн тойрогт хоёр хүртэлх хэсгийг санамсаргүй авч тоолдог байсан бол 2021 он хүртэл 50 хувь, түүнээс хойш өнөөг хүртэл 100 хувь хяналтын тооллого хийж байна.
-Сонгуулийг цахимжуулахтай холбоотой хөгжүүлэлт хэр хийж байна вэ. Ирэх сонгуулиар техникийн ямар дэвшил ашиглах бол?
-Сансарын холбоо ашиглах, сонгогчийн нэрийн жагсаалтын ирцийг цаг тутам газар зүйн мэдээллийн систем дээр харах боломжтой болсон. Бүх санал авах байр камертай. Үүнээс 700 орчим нь сүлжээний боломжтой онлайнаар хянадаг. Өмнө нь насны бүлгийг дөрвөн ангиллаар ирцийн мэдээллийг хардаг байсан бол одоо статистикийн тоон өгөгдөлтэй нэгтгээд найман ангиллаар харах, харьцуулах боломжтой. Цаг тутам онлайнаар харж байна.
Хамгийн сүүлд сонгуулийн мэдээллийн системийг хийж байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт байгаа сонгуулийн байгууллагуудтай мэдээллээ цахимаар солилцох, сонгуулийн нээлттэй өгөгдөл бий болгохоор хөгжүүлж байна.
-Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор үр дүнг тооцох аргачлал өөр арга хэлбэрээр явагдах байх?
-Шинээр хөгжүүлж байгаа сонгуулийн мэдээллийн систем нэр дэвшигчид цаасаар материалаа илгээхээс гадна онлайнаар бүртгүүлэх боломжийг олгоно. Харин улс төрийн намууд биечилж бүртгүүлнэ. Гэхдээ ашиглах эсэхийг Сонгуулийн хороо шийдвэрлэнэ. 2024 онд сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж байгаа. Холимог системээр явуулахаар болсонтой холбоотойгоор сонгуулийн үр дүнг автоматаар бодох системийг цахим хуудас дээрээ тавихаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн нам нийт сонгогчийн хэдэн хувийн санал аваад тэр нь хэдэн суудал болж очих вэ гэдгийг автоматаар тооцож харуулахыг зорьж байна. Гэхдээ энэ системийг ирэх оны сонгуульд ашиглах эсэхийг Сонгуулийн хороо шийдвэрлэдэг. Тиймээс эцсийн байдлаар шийдсэн гэж хэлэхэд эрт байна.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин