Баабарын хэлсэн шиг Монголчууд хөргөгчгүйдээ л зун мах иддэггүй байсан юм биш шүү
2024/01/02
"Баяртай үдэш" яриаг хальт сонсоод өнгөрөв. Бүтэн биш. Миний үзсэн хэсэг дээр Баяр дарга монголчууд зундаа мах бага иддэг, бараг иддэггүй нь ходоод гэдсээ хамгаалсан хоолны соёл байсан эсэх тухай сэжүүр өлгөхөд Баабар иймэрхүү утгатай хариу хэлж байна.
- Монголчууд зун цагаар мах бага иддэг, бараг иддэггүй байсан нь тэр эрүүл ахуйн танин мэдэхүй, соёл энэ тэртэй огтхон ч хамаагүй юм билээ. Зүгээр л хөргөгч байхгүйтэй холбоотой гэсэн утга бүхий санаа хэлээдхэв.
Үүнд залруулга хийхгүй бол залуус буруу зөрүү ойлгоод явчих вий. Ялангуяа монгол ёс заншил, соёлыг бүр нэг байж ядан үгүйсгэдэг "шинжлэх ухаанч" сүрхий мэдлэгтэй хэсэгт бол сайхан далим болно. Улмаар өөрсдийн соёлын үнэт нандин зүйлсдээ эргэлзэх эргэлзээг улам лавтгаж мэдэх юм.
Ер нь бол монголчууд хөргөгч байхгүй учраас л зун цагаар мах иддэггүй, хэдэн зуун, мянганаар оршиж ирсэн гэдэг ойлголт огтоос биш юм.
Маш ойрхны жишээ татъя. Маний хүүхэд байх үед буюу 1970-80-аад онд л гэхэд хөдөөгийн суманд орой 6 цагаас л мотор асна. Тэгээд 11 цаг гэхэд Төрийн дуулалтай зэрэгцээд унтардаг байлаа. Тэгэхээр тийм орчинд яаж хөргөгч байхав дээ. 1980 оны сүүлчээр л цахилгааны хангамж сайжирч, сумын төвийн зарим айлууд хөргөгчтэй болж байлаа. Тэр үед тэгвэл хөдөөний малчид бүү хэл алслагдсан сум, багийн төвийнхөн бүгд хөргөгчгүй учраас мах иддэгүй байсан гэсэн хэрэг биш.
Баг сумынхан ч, малчид ч махаа идэхээр бол хөргөгчтэй эсэхээс үл хамааран чөлөөтэй идэх боломжтой байсан. Үүнд хэд хэдэн арга бий.
1. Ойр саахалтынхан, хот айлаараа ээлжилж малаа гаргадаг. Дондогийнх энэ долоо хоногт мал гаргасан бол саахалтын дөрвөн айл, эсвэл хаяа дэрлэсэн бүгд хуваагаад л идчихнэ. Дараа долоо хоногт Доржийнх, түүний дараа нь Довчингийнх гээд. Зуны мах ялаа батгана л баалгачихгүй бол долоо хоногтоо тэснэ. Бага зэрэг хуучирдаг ч яг үнэндээ тэгэж хуучирсан мах нь илүү амттай байдаг. Орой өглөөн сэрүүн дээр малаа гаргачихаад, сайн сэрвээчихэд, дээр нь жаахан аргал хомоолийн утаа май амсуулчихад яах ч үгүй долоо хононо.
Тэгээд ч зун цагт нас гүйцээсэн бүдүүн даадар ирэг гаргах нь нэн ховор. Ихэвчлэн бага мал гаргаж иднэ. Даадар иргийг чинь ихэнхдээ хаврын тарчиг цагаар гаргадаг, мөн өвлийн идшэнд, намрын найр, цагаан сараар голчлон гаргана.
2. Хэрвээ ойр саахалт айлгүй ганц гэр айлууд бол гаргаад нарийн зүсээд униныхаа дунд, тоононы салхин дор түүхий гуриланд дүрээд өлгөж, аргал хомоолын утаагаар утна. Ихэнхдээ ямаа гаргадаг. Зуны утаа зуусан ямааны хар махны амт хичнээн сайхан бэ. Долоо хоногтоо байтугай тэснэ. Ихэнхдээ борлон, шүдлэн гаргах учир яах ч үгүй. Хэрвээ хонь гаргавал эхний хэд хоногийнхоо хэрэглэх нэг хоёр хөл махыг нойтон чигт нь үлдээгээд бусдыг нь шуузална. Яг зөв шуузалсан мах долоо хоног байтугай бүтэн сар хадгалсан ч яадаг ч үгүй. Мөн зуны цагаар үхэр, ямааны борц хэрэглэнэ. Хонь адууны мах борцолдоггүй, чанар мууддаг гэж үздэг. Үхэр, ямааны мах борцлох тусам илүү чанарлаг болдог. Энэ мэтийг манай хүнсний салбарынхан лаботори энэ тэрдээ судлаад, шинжлэх ухаанч дүнгээ танилцуулж баймаар юм.
3. Манай малчидийн ихэнх нь зуны цагаар уулсын сэрүүн зоод гарч зусдаг. Хөвөнтэй дээлнээс салдаггүй тэр зоод мах тийм ч амархан муудахгүй.
Тэгэхээр юу хэлж байна вэ гэхээр хөргөгчгүй учраас л монголчууд зуны цагт мах иддэггүй байсан гэдэг нь буруу дүгнэлт юм.
Хэрвээ ийм юм бол "Монголчууд урин дулаан цагт мах бага, бараг иддэггүй байсан нь худлаа болох нь ээ? Тэр эрүүл ахуйн танин мэдэхүй энэ тэр ч худлаа байх нь ээ?" гэсэн логик асуулт гарч ирнэ.
Үгүй юм.
Зун цагаар идэх нэг нь махаа идэж л байсан хэрэг.
Миний дурдсан 1980-аад он чинь хуучин уламжлалаасаа нэлээн төсөөрч дөнгөж эхлээд байсан үе шүү дээ. Хууччуул, (хуучин үе уламжлалаа сайн мэддэг настайчуудыг ингэж дуудах нь олонтаа) маш тодорхой хэлж, ярьдаг байв. Юу хэлдэг байв гэхээр,
- Бидний багад зун цагаар мах маш бага иддэг, онцгой үед л гэхээс биш. Ялангуяа хүүхэд залуус бол зуны цагт махны бараа бараг хардаггүй байлаа. Учир нь идэх махгүйдээ ч биш, хүүхэд багачуудын ГЭДЭС ЦАЙЛГАНА гэдэг байлаа. Тэр цагт одоотой адил янзан бүрийн хоол байх биш, мах голдуу. Мах нь хүйтэн сэрүүнд шингүүртэй байдаг. Харин халууны улиралд шингэц муутай. Халуун цагаар ихэнхдээ ямааны махаа иднэ. Учир нь ямааны мах сэрүүн чанартай. Халуун зунаар хонь, адуу идвэл хүн дотроосоо бээнэ гэдэг байлаа. (Энэ нь ходоод, гэдэсний хоол шингээх чадвар суларч, аажмаар ходоод гэдэсний эмгэгтэй болно гэсэн утга.) Одоо бол өвөл, зунгүй л өмхийртлөө мах идэх гэх юм хэмээн үглэж байхыг хоёр чихээрээ сонсож өслөө дөө. Бас тэр үед буюу 80-аад онд залуу бага ч байж, хөгшчүүлийнхээ энэ мэт үгийг яршигт шаан боддог, элэглэдэг, үгүйсгэдэг ч байв.
Тэгэхээр юутай ч Монголчуудад хүнд хоол болох махыг өвөл зунгүй идээд байхаар ходоод гэдэсний шингээх чадвар мууддагийг ажиглаж, идээ цагаа элбэг зуны дулаан халуун цагаар ходоод гэдсээ амраадаг байсан "ГЭДЭС ЦАЙЛГАНА" гэдэг нэг туршлага, ажиглалтаас үүдсэн танин мэдэхүй байсан хэрэг. Бас бүгдээрээ цагаан мацаг бариад байсан юм бол огт байхгүй байх. Ер нь ямар ч соёлыг нийтээрээ 100 хувь бүрэн дагана гэж үгүй. Зарим нь идэх махгүй ядуу зүдүүгийн эрхээр зун цагт боз, хусмаар гол зогоодог байж. Ялангуяа хуучин хамжлагат ёстой үед бол айлын цагаа долоож амьдардаг борчуул, харц ардуудад тэгэж "тансаглаад" байх боломж нэн ховор байсан. Тэднийг ходоод гэдсээ бодоод зуны халуунаар цагаан мацаг барьдаг байсан гэж дүгнэвэл доромжлол болно. Нөгөө "Дэлгүүрт дүүрэн торт, чихэр байхад энэ хүмүүс яагаад авч идэхгүй байгаа юм бэ" гэж гудамжны гуйлгачинг хараад гайхсан тансаг айлын эрх хадагтай шиг юм болно.
Тэгэхээр Монголчууд хөргөгчгүй дээ л зун цагаар мах иддэггүй байсан юм биш шүү. Харин ч зуны цагаар мах идэх бүрэн боломж байсаар атал бага иддэг, зарим нь огт хэрэглэдэггүй байсан нь огт өөр учиртай. Тэр нь ГЭДЭС ЦАЙЛГАХ арга уламжлал. Монгол ахуй, соёлын онцлогыг сайн судлахгүйгээр эдүүгээчилж, эсвэл суурин газрынхны үнэлэмж, үзэмжээр дүгнэх нь алдаа гаргах магадлал нэлээн өндөр юм.
Б.Наминчимэд
Иргэн · 2024/01/02
Баатар хэт мэдэмхийрэх юм даа. Будаач будаач гэхээр....шиг
Зочин · 2024/01/02
Нэг нь мах иддэггүй байсан нөгөө нь заавал иддэг байсан гээд л ингэлцээд байвал яаж хөгжих вэ дээ