Хагас сая орчим дагагчтай “ARDIIN ANIA GIGI” YouTube сувгийн эзэн, контент бүтээгч, санхүүч Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.


-Таны YouTube сувгийн дагагчдын тоо өнөөдрийн байдлаар 449 мянгад хүрчээ. Анх хэдэн оноос YouTube суваг хөтөлж эхэлсэн бэ?

-Миний бие 2019 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д байхдаа YouTube сувгаа эхлүүлж байлаа. Угаасаа шийдэмгий зан чанартай болохоор олон дахин бодож, эргэлзэлгүйгээр амьдралынхаа дурсамжуудыг бичлэг болгон хадгалж үлдээе гэж шийдсэн. Ирээдүйд 30, 35 нас хүрээд эргээд үзэхэд тухайн үеийн мөчүүд, мэдрэмжүүд хамгийн үнэ цэнэтэй дурсамж болж үлдэнэ гэж бодсон хэрэг. Анхны бичлэг маань шинэ жилийн үеэр нийтлэгдэж байлаа. Хүмүүст бодит тус болох контент бүтээхийг хүссэн. Ингээд АНУ-ын их, дээд сургуулиудад хэрхэн элсэх, өргөдлөө яаж зөв бэлдэх, эсээгээ хэрхэн бичих талаар өөрийн туршлага дээр үндэслэн бичлэгүүд хийж эхэлсэн юм.

-Тухайлбал?

-Тэр үед АНУ-д суралцахтай холбоотой мэдээлэл Монголд маш хомс байлаа. Мэдээлэл авах хамгийн түгээмэл арга нь зуучлалын агентлагт хандах байсан. Хүүхэд залуус гэрээ байгуулан биеэр очиж уулзаж байж л зөвлөгөө, мэдээлэл авдаг байв. Би ч мөн адил анх хэлний бэлтгэлд явахдаа зуучлалын газраар дамжиж явсан. Хэлний бэлтгэлээ дүүргээд, дараа нь өөрөө хэд хэдэн их сургууль руу өргөдлөө өгч, эсээ бичиж, АНУ-д суралцахын тулд яг юу хэрэгтэй байдаг талаар биечлэн ойлгосон. Би өөрийн YouTube сувгаар дамжуулан залууст үнэгүй мэдээлэл хүргэх боломжтой байсан юм. Зарим айлын хүүхдүүд зуучлалын байгууллагад төлөх төлбөргүй байхыг үгүйсгэхгүй. Эцэст нь би АНУ-ын Миссури мужийн Сент Луис хотын Saint Charles Lindenwood University их сургуульд суралцахаар шийдэж, тэндэх оюутны амьдрал, өөрийн туулж буй бүх туршлагаа бичлэгээрээ дамжуулан хүмүүст хүргэсээр ирсэн

-Та их сургуулиа яаж сонгосон бэ?

-Миний хувьд АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа залууст өгөх хамгийн эхний зөвлөгөө бол шууд сургуулиа сонгохоосоо өмнө хаана амьдрахаа сайтар бодож, судлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Учир нь АНУ-ын муж, хот бүр өөр өөрийн онцлог, давуу болон сул талтай. Жишээлбэл, Сиэтл хот жилийн ихэнх хугацаанд үүлэрхэг, бороо хур ихтэй бол Сан-Франциско хотын амьдрах өртөг гэхэд өндөр. Тиймээс зөвхөн сургуулийн нэр хүндээр шийдвэр гаргах биш, өөртөө нийцэх хотыг сонгох нь хамгийн чухал.

-Их сургуулийн эхний жил төсөөллөөс нь хэр өөр байсан бэ?

-Хэлний бэлтгэлээ төгсөөд би өөрийгөө “Одоо англи хэлээ хангалттай сурчихсан, мундаг болсон” гэж бодож байлаа. Гэхдээ их сургуульд орсон хойно бодит байдал арай өөрөөр эхэлсэн. Америк хүмүүстэй шууд ярилцах үед тэдний яриаг ойлгохгүй бол яах вэ, мэргэжлийн хичээлүүдээ үзэж эхлэхээр хоцроод эхэлбэл яах вэ, муу сурчихвал яах вэ гэсэн айдас дотор минь байсан. Өөрийгөө англи хэлдээ сайн болсон гэж итгээд явж байсан ч нэг герман охинтой танилцсаны дараа би өөрийгөө бага зэрэг түүнтэй харьцуулсан. Англи хэлний оноо, туулсан туршлагыг хараад “Би бусдаас ямар билээ” гэж бодож байв. Гэхдээ эргээд бодоход ийм үе хүний амьдралд зайлшгүй тохиолддог юм шиг санагдсан. Магадгүй ихэнх хүн өөрийгөө бусадтай харьцуулж, дутуу мэт мэдэрдэг үеийг туулдаг байх. Харин тэр бүхний дараа ойлгодог зүйл нь хүн өөрийнхөө замыг бусдынхтай харьцуулах хэрэггүй юм. Нэг хэсэг өөрийгөө голдог, бусадтай харьцуулдаг байсан бол дараа нь би ингэх шаардлагагүй юм байна гэдгээ ойлгож, ухаардаг.

-Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ. Төгсөөд шууд ажилд орох нь АНУ-д хэр том сорилт байв?

-Би бизнесийн удирдлагаар сурсан ч төгсөх үедээ яг ямар салбарт ажлын гараагаа эхлүүлэхээ сайн мэдэхгүй байсан. Нэг ёсондоо шийдэж чадахгүй явсан гэсэн үг. Хэрвээ нарийн мэргэжил сонгосон бол тодорхой ажлын байр руу шууд чиглээд явах боломжтой байдаг шүү дээ. Харин миний хувьд сонголт олон мөртлөө яг юунд төвлөрөхөө олох амаргүй байсан. Түүнээс гадна миний амьдарч байсан хотод олон улсын оюутан, тэр дундаа дөнгөж төгссөн хүмүүсийг ажилд авах боломж харьцангуй бага байлаа. Тиймээс би өөр хот руу нүүж, өөрийгөө шинэ орчинд сорьж үзэхээр шийдсэн. Төгсөөд Сиэтл болон Вашингтон мужийн олон газар руу ажлын анкетуудаа явуулж эхэлсэн юм. Ингээд нэг өдөр Amazon-оос ажлын ярилцлагын санал ирсэн. Гэхдээ ярилцлагын урилга ирлээ гээд шууд ажилд орно гэсэн үг биш шүү дээ. Ажилд авах эсэх нь тодорхойгүй хэвээр байсан ч би эргэлзэлгүй шийдвэр гаргасан. Байгаа тавилгуудаа зарж, үлдсэн хувцас болон цөөн хэдэн хэрэгтэй зүйлсээ машиндаа ачаад Сент Луис хотоос Сиэтл рүү хөдөлсөн.

Сиэтлд очоод байрныхаа түрээсийг төлсний дараа миний халаасанд ердөө 500 ам.доллар үлдэж байлаа. Тэр мөнгөнөөс автомашины даатгалд 100 ам.доллар, хоол хүнсэндээ дахиад 100 ам.доллар зарцуулахаар маш хурдан дуусах нь ойлгомжтой байсан. Гэхдээ тэр үед надад айдсаас илүү догдлол, эрч хүч их байсан санагддаг. Яг тэр үед би YouTube сувгаа идэвхтэй хөгжүүлж эхэлж байсан болохоор шинэ байрандаа нүүж орж буй бичлэг хүртэл байдаг. Одоо эргээд тэр бичлэгээ үзэхээр “Мөнгөгүй, ажилгүй байжээ” гэж бодогдохоос илүүтэй “Би илүү том хотод ирчихсэн, одоо эндээс бүхнийг эхлүүлнэ” гэсэн гал цогтой харц, баяр хөөр хамгийн тод үлдсэн байдаг. Гэхдээ бодит байдал дээр Сиэтлд очсоныхоо дараа би дахиад хоёр сар ажилгүй явсан(инээв).

-Амазонд нийт хэдэн ярилцлагад орж байж тэнцсэн бэ?

-Амазонд нийт гурван удаа ярилцлагад орсон. Анхны ажлын ярилцлага маань одоо хүртэл санаанаас гардаггүй. Үнэхээр хэцүү санагдаж байлаа. Зөвхөн ярилцлага өгөхөөс гадна компьютер дээр тусдаа шалгалт өгсөн. Ялангуяа “What if…” буюу “Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл чи яах вэ?” гэсэн төрлийн асуултууд асууж байв.

Нэг ярилцлагын үеэр хоёр менежер зэрэгцэж суугаад асуулт асууж байсан нь бүр ч амаргүй санагдаж байлаа. Гэхдээ тэр бүхнийг давж гарсны эцэст би Амазонд ажлын гараагаа эхлүүлэх боломжоо авсан. Ажилдаа тэнцсэн хариугаа сонсоод их уйлсан. АНУ-д сургуулиа төгсөөд ажилд орно гэдэг олон залууст том сорилт. Зарим нь удаан хугацаанд ажил олдохгүй шантраад Монгол руу буцах шийдвэр гаргадаг. Миний хувьд ч гэсэн буцах сонголт үргэлж хамгийн амархан нь байсан ч хичээсээр ажилдаа орж чадсан. Одоо эргээд харахад тэр үед бууж өгөөгүй өөртөө баярладаг.

-Амазоноос хуулийн фирмд ажиллах хүртэлх зам хэр урт байсан бэ?

-Амазоноос гараад debt col­lector буюу өр цуглуулдаг ажилд орсон. Тус ажлын байранд дээр их зүйлс сурсан. Тухайлбал, ажлын шугамаар хүнтэй хэрэлдэж сурсан (инээв). Тэр ажлаас би нэг том зүйл ойлгосон нь дахиад өөрийгөө хөгжүүлж, илүү нарийн мэргэжилтэй болох хэрэгтэй юм байна гэдгийг маш тодорхой мэдэрсэн явдал байлаа. Ингээд би магистраа санхүүгийн чиглэлээр Seattle University их сургуульд сурч, төгссөн. Санхүүгийн чиглэлд хамгийн их ажилд авдаг, сайн цалин санал болгодог компаниуд ихэвчлэн АНУ-ын зүүн эрэгт, ялангуяа Вашингтон болон Нью-Йорк хотод төвлөрсөн байдаг. Харин Вашингтон мужид манай ахын гэр бүл амьдардаг байсан тул би шууд Вашингтон руу нүүхээр болсон. Баруун эргээс зүүн эрэг рүү машинаар аялахад тав хоног явдаг юм байна лээ. Тэр аяллыг эргээд харахад зөвхөн газар зүйн хувьд биш, амьдралынхаа дараагийн шинэ үе рүү орж байжээ.

-Өмнөх шигээ хоёр сар ажил хайсан уу. Эсвэл энэ удаа нөхцөл байдал өөр байв уу?

-Харин энэ удаад 14 хоногийн дотор би шинэ ажлаа олсон. Энэ удаад санхүүгийн фирмд billing specialist буюу төлбөр тооцоо хянагчийн албан тушаалд орсон юм. Тэр ажлын байр надад өмнөхөөсөө өөр түвшний олон шинэ зүйл зааж өгсөн. Жишээлбэл, санхүүгийн гэрээ унших, ойлгох, бүр тодорхой хэмжээнд бичих чадвар сууж эхэлсэн. Гэхдээ энэ бүхний хажуугаар миний амьдралд маш сонирхолтой нэг эргэлт гарсан нь хуулийн фирм рүү “санамсаргүй мөрөөдөл” шиг чиглэсэн түүх байсан юм.

Би кино их үзэх дуртай хүн. Тэр үеэр миний амьдралд хүчтэй нөлөөлсөн гэж хэлж болох “Suits” цувралыг үзэж эхэлсэн. Хуулийн фирмийн орчин, өмгөөлөгчид, ажлын уур амьсгал нь надад маш сонирхолтой санагдаж, дүр бүрд нь дурлаж байлаа. Ялангуяа Donna Paulsen гэх эмэгтэй шиг өөрийгөө төсөөлж, хувцаслалтаараа хүртэл түүнийг дуурайж үзэх болов. Гэрээсээ ажилладаг байсан учраас заримдаа уйтгартай санагдах үедээ “Би хуулийн фирмд ажиллавал ямар байх бол?” гэж бодох болсон.

Тэгээд нэг өдөр “амьдралдаа хэзээ ч хуулийн фирмд орно гэж бодож байгаагүй ч… why not?” гэж өөрөөсөө асууж байсан юм. Нэг үгээр хэлэхэд, АНУ-ын хуулийн салбарт хөл тавихад “Suits” кино хүчтэй нөлөөлсөн. Ийнхүү хуулийн фирмүүд рүү ажлын хүсэлтүүдээ илгээж эхэлсэн. Indeed, Linke­dIn болон албан сайтуудаар маш олон өргөдөл явуулсан ч эхэндээ хариу бараг ирэхгүй байсан. Удаан хугацааны дараа хэд хэдэн ярилцлагын үр дүнд “Хуулийн фирмд туршлагагүй тул тэнцээгүй” гэсэн хариу хэд хэдэн удаа сонсогдсон. Ингээд дөрвөн сарын турш хийсэн тэр оролдлогоо түр орхисон.

-Яагаад оролдлогоо зогсоосон юм бэ?

-Америкт ажилд авах “улирал” байдаг гэдгийг би тэр үед анзаарсан. Жишээлбэл, арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл шинэ ажилтан авах нь харьцангуй бага байдаг. Учир нь зул сарын баяр, шинэ жилийн үе таарч, хүмүүс амралтаа авч аялалд явдаг. Дөрвөн сар өнгөрөөд миний өмнө нь ярилцлагад орсон газар нээлттэй ажлын байр зарласан байхаар нь менежер рүү шууд зурвас бичээд дахин ярилцлагад орсон. Гэсэн хэдий ч харамсалтай нь нөгөө л нэг хуулийн салбарын мэдлэггүй, туршлагагүй байна гэх шалтгаанаа хэлж байсан. Долоо хоногийн дараа гэнэт ажилд тэнцсэн гэсэн хариу ирсэн. АНУ-ын 35 орчим хуулийн фирмд хандаж, олон удаа татгалзсан хариу сонссоны эцэст хуулийн фирмд ажилд орж чадсан юм. Тус ажил намайг маш их өөрчилсөн. Өмнөх бичлэгүүдээ үзэх юм бол галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байсан охин илүү намбалаг, төлөв даруу болсон. Хуулийн фирмд ажиллах нь миний зан чанарт маш том нөлөө үзүүлсэн. Учир нь би өдөр бүр томоохон үйлчлүүлэгчидтэй харилцдаг болсон. Тэдний хувьд шийдвэр бүр нь маш том хэмжээний мөнгө, эрсдэл дагуулдаг учраас тоглоом шоглоом огт байхгүй. Тийм орчинд ажиллана гэдэг өөрөө асар их хариуцлага, төвлөрөл шаарддаг зүйл байсан.

-Одоо хоёулаа илүү хөнгөн сэдэв рүү шилжицгээе. Таны хамгийн дуртай топ гурван киног нэрлээч гэвэл?

-Rush Hour, Self Made болон Shrek. Rush Hour инээдмийн кино учир их бодол дундаас гаргаж, өөр ертөнцөд хэсэг хугацаанд авч ирдэг. Self Made киноны хувьд Madam C.J. Walker гэх бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэсэн кино юм. Тэрээр амьдралаа тэгээс эхлүүлж, ам.долларын саятан болж чадсан тухай өгүүлдэг юм. Shrek зэрэг хүүхэлдэйн киног яагаад эргүүлж үзээд байгаа учир нь тэд цаанаа маш гүн гүнзгий утгатай байдаг нь анзаарагдсан.

-Таны үнэт зүйл юу вэ?

-Миний хувьд хамгийн чухал үнэт зүйл бол гэр бүл. Одоо Монголд эргэн ирсэн болохоор хүмүүс надад “Ийм бизнес хий”, “Тэр салбарт ор” гэх мэт олон санал, зөвлөгөө өгч байна. Нэгдүгээрт, би тайван тогтуун баймаар байна. Хоёрдугаарт, өвөө эмээ, аав ээжтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж дурсамж бүтээмээр байна. Учир нь миний хувьд гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлсэн дурсамж зөвхөн хүүхэд насанд л үлдсэн байдаг. Би 17 настайдаа Америк руу явж, тэндээ сурч, магистраа хамгаалж, ажлын гараагаа хүртэл эхлүүлсэн учраас гэр бүлээсээ олон жил хол байсан. Тэр хугацаанд өдөр тутмын энгийн мөчүүдээ хуваалцах боломжгүй байсан гэж хэлж болно. Одоо бол гэр бүлтэйгээ дурсамжаа бүтээх цаг юм. Ажил хийх цаг бол хэзээ ч олдоно. Тиймээс олон зүйл рүү үсчихгүйгээр цөөн зүйлс дээр анхаарч байна.

-Монголд буцаж ирэх шийдвэрийг яагаад гаргав?

-Америкт амьдарч байх хугацаанд надад байнга нэг төрлийн бодол төрдөг байсан нь “Хэрвээ би эх орондоо байсан бол яах байсан бол?”, “Өвөө, эмээ маань өвдөхөд би шууд очоод хамт байж чадах байсан болов уу?” гэх мэт энгийн хэрнээ хүний дотоод мэдрэмжтэй холбоотой асуултууд байсан. АНУ-д би ганцаараа амьдарч, залуу насандаа карьераа хөөж, зорьсон зүйлсээ хийж ажилтай, амжилттай явж байсан ч дотор нэг л “хүйтэн” мэдрэмж байсан юм. Энэ амьдралыг ганцаараа л туулаад байгаа юм шиг мэдрэмж байгаад байсан. Үгүй шүү дээ, гэр бүл минь Монголд байна. Монголд ирсэн шалтгаан маань ерөөсөө л дээрх бодлуудаа бодит болгох гэж ирсэн. “Хэрвээ тэгсэн бол” гэдэг бодол надад одоо үлдээгүй. Харин үйлдэл хийх л үлдээд байна. Төмөр хатагтай буюу Iron woman гэдэг үг байдаг. Эмэгтэй хүнийг төмөр гэхээсээ илүү байгалиасаа эх хүн болох тавилантай, хүнийг энэрэх, асрах, хайрлах инстинкттэй гэж би итгэдэг.

 

Н.Нарванчин

ӨДРИЙН СОНИН