Энэ долоо хоногийн эхээр зохион байгуулагдсан Miss Japan тэмцээнд Украинд төрсөн модель Каролина Шийно хэмээх бүсгүй түрүүлжээ.

26 настай Шийно нь украин эцэг, япон эхтэй бөгөөд сүүлийн 20 гаруй жил Японд амьдарсан, Япон улсын иргэн юм байна. Тэрбээр таван настайдаа ээжийн хамт Японд ирж суурьшсан бөгөөд ээж нь япон хүнтэй дахин гэрлэж байжээ.

Гэвч түүний кавказ царай төрх ямар хүнийг япон хүн гэж үзэх талаар маргааныг сошиал орчинд дэгдээгээд байгаа юм байна.

Японы хүн амын өсөлт зогсож, төрөлт буурсан тул эрх баригчид гадаадын иргэдэд үүд хаалгаа нээх бодлого баримталж эхлээд байгаа.

Даваа гарагт нулимс дуслуулан шагнал авахдаа Шийно “Би япон хүн шиг амьдардаг ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх тохиолдолтой олон удаа тулгарч байсан. Өнөөдөр намайг япон хүн гэж хүлээн зөвшөөрсөнд би маш их талархаж байна” гэж япон хэлээр цэвэрхэн ярьж байв.

зураг

 

Гэсэн хэдий ч түүнийг Япон улсын нүүр царай болж чадах эсэхэд эргэлзсэн хүмүүс үзэл бодлоо сошиал сүлжээнд илэрхийлсээр байна.

Зарим нь "иргэний харьяалалтай болсон хүн бүр Япон улсыг төлөөлөх эрхтэй" гэж эргэлзэгчидтэй маргалджээ.

2015 онд Miss Universe тэмцээнд Япон улсыг төлөөлөх эрхийг африк-америк гаралтай эцэг, япон ээжтэй Ариана Миямото гэдэг бүсгүй авахад бас ийм маргаан дэгдэж байв.

Гэхдээ Шийно хүмүүс удахгүй түүний гадаад царай төрхөд анхаарал хандуулахаа болино гэдэгт найдаж байна. Тэрбээр өөрийгөө “харагдах байдал өөр ч оюун санааны хувьд цэвэр япон хүн” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Japan Today