Саяхан УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар МҮЭХ-ны ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр Газрын тухай хуулийн төслийн завхарлын талаар танилцуулах үедээ "Миний очсон олон газраас хамгийн тэмцэгч нь Увс аймгийн Бөхмөрөн сумынхан.

Тэд газар нутгийнхаа төлөө тэмцэж чаддаг хүмүүс" хэмээн хэлж байсан. Тийм ээ, тэдний нэг манай сонины ууган идэвхтэн бичигч Ж. Самъяа улс орны хөгжлийн талаар санал бодлоо манайд ирүүлсэн юм. Хэл уран зохиолын багш, олон мянган шавьтай түүний хөдөлмөрийг үнэлж төр засаг Алтангадас одонгоор шагнасан.

АБТА, Боловсролын яамны Тэргүүний багш тэрбээр "Үндэсний бага сургууль" байгуулах хөтөлбөр боловсруулж зөвшөөрлийг нь авсан түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллаж байгаа ажээ.

Иргэний үүргийг тавиад туучихаж

Одоогоос 20 гаруй жилийн өмнө ч гэх юм уу, социализмын үед ч гэх бил үү. Цаг яасан сайхан байсан юм бэ? Тэр үед өдөр урт ч байсан юм шиг, уур уцаартай хүн байхгүй ямар нэгэн эрх ашгийг төлөө тэмцэлдэх асуудал байхгүй, агаар нь тунгалаг, ус нь ариун, ургамал нь хоргүй, хот нь "Азийн цагаан дагина" нэртэй. Хүмүүс нь нэгэн дэг жаягтай, хүүхдүүд нь бодот эрдэмтэй, сургууль нь төгс төгөлдөр байсан.

Бид ч жаахан хатуу гараар хүмүүжиж амьдрах ёстой хүмүүс дээ. Чингис хааны үеэс хууль цааз хатуу байсан байдаг. Иргэний эрх гэдэг үгийг хэлж хэрэглэхээсээ өмнө иргэний үүрэг гэдэг юмыг огтхон ч мартаж болохгүй байх. Үүргээ биелүүлж байж баймааж л тэр хүн эрхээ эдлэх ёстой. Энэ асуудал манайд бүр алдагдсан.

Нэг ёсондоо тэрийг тавиад туучихсан л гэсэн үг. Хөгжингүй орны жишгийг манай орон дуурайна гэвэл хэрээ галуу дуурайн хөлөө хөлдөөнө гэгчийн үлгэр болно байлгүй. Хөгжингүй орны хүмүүс нэг ёсондоо иргэний үүргээ биелүүлсэн хүмүүс байгаа шүү дээ. Ядаж хог хаяхгүй, хараалын муу муухай үг хэлэхгүй, хот хөдөөгүй эх орон, хот суурингаа, түүх соёлоо хайрлан дээдлэнэ гэдгийг төгс мэдсэн улс учраа арай л өмнөө байна байх.

Монгол маань цагтаа ноосон даавуу, эсгий гутал, гутлын үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэртэй байснаар барахгүй 70-ийн даавуу гэж маш сайхан даавуугаар бид чинь гоёдог байсан. Одоо тэр хаачсан болж байна аа гэх юм бол "ямар тэнэг хүн бэ" гэх болов уу даа.

Харин ч тэр үйлдвэрүүд улам хөгжиж, гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд нь хэрэглээний шаардлага хангаснаар Хятадаас меламинтай хуванцар сав аваад тэрэндээ хүнсээ хийж өөрсдийгөө алгуураар хордуулж байхаар өөрсдөө үйлдвэрээ эрчимтэй хөгжүүлж эх орон ард түмэндээ нэмэр болмоор.

Тухайн үед машин тэрэг цөөхөн, гар утас бүү хэл гэр утас ховорхон, салаалж хэрэглэнэ. Компьютер гэдэг юм сураггүй байсан. Цагийн урсгалыг дагаад эдгээр зүйлс маань шинэчлэгдэн хүн бүр гар утастай, унах машинтай, компьютер бүү хэл хөгжиж байна. Энэ нь ажил бүтээхэд амар байдаг.

Гэхдээ тэр олон мэдээллийн зүйлийг зөв хэрэглэхгүй бол хүүхдүүд нь наадаад гай болдог юмтай болж хараа нь муудах, тэрэндээ донтох элдэв муу муухай зүйлийг сурах нь элбэг болж дээ. Энийг ч гэсэн цэгцлэх цаг нь болсон юм шиг.

УИХ удам судар сайтай гэр бүл баймаар

1992 оны үед санагдаж байна. Нэгэн сэтгүүл дээр Ю.Цэдэнбал даргад 0.17 гр алт бэлэглэсний үнэн мөнийг олох гэж сурвалжпагч Филатова гуайгаас асуухад нь "би мэдэхгүй тэгсэн л гэж байгаа бол тэгсэн л юм байлгүй Хурцаас асуухгүй юу" гэж байсан гэж гарч байсан. Тэр мөн ч сүрхий цаг байсан байгаа биз.

Одоо бол тэр инээдтэй санагдах байх даа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эх орныхоо хөгжлийн төлөө ажиллаж чаддаг, ажиллаж амжилтанд хүрч байсан хашир туршлагатай хүмүүсийг төрийн толгойд томилон ажиллуулж байх юм. Хараад байхад манай оронд арай өөр юм уу даа.

Хэн мөнгөтэй нь төрд шургаж байна, төрд гарахын тулд зориулсан мөнгөө төрд гарсныхаа дараа хэд дахин нэмж олж авдаг ч юм шиг, улсын их хуралд хэд хэдэн удаа сонгогдсон улс төрч эх орончдыг хараад байхад дарангуйлагч ааштай, гар хуруугаа шоволзуулсан, хараал ерөөл урсгаж харагдах юм.

Сургуулийн нэг ангиар жишэхэд тэр ангийн атаман ч юм шиг харагдах болж дээ. Ер нь бид чинь хамгийн лидерүүдээ сонгож ард түмний төлөө эх орныхоо газар шорооны төлөө улс орноо хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах хүмүүсээ гаргасан гэж үзээд байдаг. Энэ нэг л биш ээ.

Эмэгтэй гишүүдийн тоо бага байна гээд арван нэгэн cop бүсгүйг Монголын эмэгтэйчүүд, ээжүүдийг төлөөлж их хуралд суулгасан. Эд маань ч ажил хийж л байх шиг байна. Шударгаар хэлдэг заримаа гадуурхаж байгааг монголчууд маань харж л байгаа. Энэ бас нэгийг хэлээд л байх шиг.

Улсын их хурлыг нэгэн айл гэж бодоход хамгийн шилдэг гэр бүл байх ёстой. Нэг ёсондоо удам судар сайтай гэр бүл баймаар. Хэрүүл тэмцэлгүй, сувдаг сэтгэлгүй, тайван дөлгөөн айл байх ёстой.

Тэр айлыг өнгөтэй өөдтэй, хэрүүл тэмцэлгүй, сайхан амьдралын төлөө тэмцэж чаддаг болгоход гэргий хүний үүрэг асар их байдаг даа. Улсын их хуралд ч ялгаагүй нэг эмэгтэй гишүүн зургаан эрэгтэй гишүүнтэй ний нуугүй ярилцаж намчирхан тэмцэхгүй өмнө нь тэгж байсан гэсэн өш хонзонгүй ажиллах арга барилд сургамаар санагдах юм.

Өнөө цаг үед өмнөхөө мартаж өнөөдрөөр сэтгэж, одоо цагт амьдарч, ажиллах нь л чухал. Өмнөх алдаагаа яаж засах, яаж ажиллавал болох талаар ярилцаж ажилламаар санагдсан шүү. Намчирхах манай улсад огт хэрэггүй.

Би сүүлийн үед хэд хэдэн төсөл хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо ярьж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын уулзалт хэлэлцүүлэг /НҮБ-ын хурлын танхимд/, Бэлгийн дарамтаас ангид ажлын байрны аюулгүй байдлыг бүрдүүлэх нь хэлэлцүүлэг /Хууль зүйн үндэсний хүрээлэнд/, Эхчүүдийн хамгаалал хэлэлцүүлэг /Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэхэд Иргэний танхимд/ эдгээр олон сайхан хэлэлцүүлэгт ердөө 18-20 хүн оролцох юм.

Оролцогчид сайхан санаа, санаачилга гаргаж байна. Хүмүүсийн оролцооны байдал өөр болсон нь ажиглагдаж байсан. Хариуцан зохион байгуулж байгаа нь аятайхан. Тэгэхдээ тэр хэлэлцүүлэгт улсын УИХ-ын гишүүдийг урьсан байдаг. Тэд ирж оролцохгүй доод, дунд шатны хүмүүсийн үгийг сонсохгүй, оролцсон ч 10-15 минут болно.

Зөвхөн оролцсон нэртэй, нэгийгээ магтаад, би хичээнэ, оролцоно, дэмжинэ, сэтгэл өндөр байна гэсэн хэдэн үг хэлээд гарч байх юм. Улсын их хурлын гишүүд хэлбэр хөөцөлдөөд, цаасан дээр бичээд яриад явдаг энэ үйлдлээ ажил болгомоор байна. Энийг ганц би биш монголын сонгогч олон мянган хүмүүс хэлнэ гэдэгт би эргэлзэхгүй. Ярьж амлаж байгаа зүйлээ ажил болгосон эсэх дээр тооцоо хийж дөрвөн жилийн хугацаанд тэрийгээ хийж гүйцээх л таны их хуралд орсны үүрэг бас гавьяа.

Боловсрол-гэгээрэл
Ардын уран зохиолч Тангадын Галсан боловсрол, гэгээрэл гэдэг хоёр үгийг яруу тодоор тайлбарлаж байхыг би сонссон. Тэр тайлбарыг дахин бичмээр санагдлаа.

Гэгээрэл гэдэг нь хүнийг гэгээрүүлэх, оюун ухаанд нь мэдлэг эзэмшүүлж хүмүүжүүлнэ гэсэн үг.
Боловсрол гэдэг нь хоол боловсруулах гэсэн утгатай.

Өөрөөр хэлбэл, амаар ороод, хоолойгоор дамжиж, ходоод гэдсээр дайраад гадагшилна гэсэн үг. Ингээд бодохоор нэрнээсээ л асуудад эхлээд байх шиг. Өнөө үед манай боловсролын дэг жаяг ямар маягаар явагдаж байна гэдэг бидний нүднээ тод харагдаж байгаа. Яг үнэнийг хэлэхэд боловсролын систем сүйрлийн ирмэгт байна гэсэн ч хэлсдэхгүй.

Эрт үеэс монголчууд зөв хүмүүжилтэй, зөв хүн болгохыг л эрмэлздэг байсан. Буруу зүйл хийсэн хүүхдийг бүгд нийлээд зэмлэдэг. Одоо бол хэлэх дуртай нь л хэлнэ, хэлсэн хүн нь ад үзэгдэнэ. ЕБС-д хүмүүжлийн ажил гэж долоо хоногийн нэг өдөр нэг цагийн ажил явагддаг байсан. Янз бүрийн хүнд ноцтой хэрэг ихээр гарч байна. Үлгэрлэн дуурайх хүмүүс зөв дууриалалтай байх нь зүгээрсэн.

Боловсрол-гэгээрэл

Хэлээд байгаа боловсрол гэдэг нь боловсрохоос өөр үйлдэл бага байж магад. Нэг л сайхан диплом, хөгжингүй орны диплом бичгийн нэг цаас л байдаг. Мастер, докторынх нь хуйлсан цаас шиг хайрцагт тэр гэрчлэх баримтыг хийж өгдөг. Манай улсад болохоор хадгалахад төвөгтэй том хатуу хавтас. Дипломын загварын шоу хийвэл маш олон загвар гарах байхдаа.

Доторх дүн нь A, В толгой нь тэр дүнгээ хамгаалахад хэцүү. Ер нь боловсрол чадварыг нь мэдье гэвэл толгойтой нь оролдвол зүгээр байх. Их дээд сургууль, ЕБС-ийн түвшинг тогтооход оюутан, сурагчдын мэдлэг чадвараар тогтоох, шинэ арга барилд шилжмээр санагдана. Хүүхдийн эрхийн асуудлыг жилд нэг удаа л дорвитой ярина тэгээд болох нь тэр.

Хүүхдийн эрхийг тогтмол хамгаалдаг байх. Тэднийг нас насанд нь тохирсон үүрэгтэй болгох гээд л жижиг юм шиг мөртлөө чухал зүйлээс эхэлвэл зүгээр. Сурах бичгийг өөрчилнө гэнэ, Тэрийг солих шаардлага байгаа нь үнэн. Нэмэлт өөрчлөлтийг хавсралт маягаар оруулж болно шүү дээ. Эдийн засгийн хямрал болсон энэ үетэй заавал давхцаад л ийм ажил хийх нь зүйд үл нийцнэ.

Янз бүрийн ном худалдах, мөнгө олох арга сургууль дээр явагдаж байдаг тэр тийм таатай зүйл биш байлтай. Сурагчдад давтлага өгөөд тэднээс мөнгө авна гэдэг тухайн багш хичээлээ ойлгуулж чадаагүйн улмаас гажгаа мөнгөөр гаргаж байна гэсэн үг шүү дээ. Бүх багш нарын цалин ажилласан жилээр ялгаатай.

Цалингийн тэгш систем үйлчлээд ч байх шиг. Хэн сайн сургаж, хүмүүжүүлж чадаж байна тэр багш л сайн цалин авч, хэн чадахгүй байна тэр бага цалин авдаг байх нь илүү оновчтой байж мэднэ.

Дээр үед төрөлх хэл гэдэг нэртэй сурах бичиг байсан. Гэтэл одоо монголын сургууль мөртлөө монгол хэл гэдэг нэртэй сурах бичиг байх жишээтэй. Хэл зүйн гэдэг нэр сайхан нэр шүү. Улс орон хөгжиж урагшлахад эрүүл ухаантай, эх орныхоо төлөө цохилох зүрх сэтгэлтэй хүмүүн болох нь ураг тогтохоос л эхлэх болов уу даа.

Малчин-цэрэг бий болговол малчид маань мөн ч их талархана даа

Улсын их хурлын гишүүд маргалдахаараа  оюутолгой, тавантолгой, ард түмний өмч гэж хэлэх юм. Бидний өмч юм бол бид тэрнээс чухам юу хүртээд байгаа юм бэ. Эрдэс баялаг ихтэй орны ард түмэн хачин сайхан амьдардаг л гэдэг юм билээ. Бидний цаг нь болоогүй юм байлгүй дээ. Тэнд зөвлөх юм уу, хувь эзэмшигч ч юм уу тэд л бидний өмнөөс өгөөш авдаг байх.

Тэр өгөөшөө хааяа ард түмэндээ хуваавал ядаж ажил нь бүтнэ дээ. Монголд шар алт /алт/, хар алт /нүүрс/, цагаан алт /ноос, ноолуур/ гурвуулаа байгаа. Дуусахгүй, барагдахгүй арвижих нь цагаан алт шүү. Малаа өсгөж л байвал ноос, ноолуур элбэг байна. Мал үржиж өснө, нөгөө хоёр алт нь арвижих юу л бол доо.

Дуусаж, хоосорч, цөлжиж, байгалийн тэнцвэр алдагдаж элдэв юм болох байх. Дэлхийд хамгийн ядуу Африк тивийг хар. Юунаас болоод тийм ядуу байгаа билээ. Өнгөрсөн түүхийг хэрхэвч мартаж болохгүй энэ бол сургамж. Мал сүргийг өсгөж үржүүлэх ажилд хөдөө, орон нутагт хүн хүч дутагдалтай байдаг. Оюутан-цэрэг гэдэгтэй адил малчин-цэрэг бий болговол малчид маань мөн ч их талархах байх.

Орон сууцжуулах хөтөлбөр

Нийслэлийн тохижилт сүүлийн хоёр жилд нүднээ тод харагдаж байна. Цэвэрхэн газар хүн хог хаядаггүй юм байна шүү дээ. Өмнө нь Сүхбаатарын талбайн урд зам, талбай хогоор элбэг, ариутгасан цаас нүүр арчаад л явахад хэцүү байсан одоо өөр болжээ. Ядаж сэтгэл тэнэгэр манай улс төрчид бие биеэндээ бага ч гэсэн урмын үг хэлж сурвал хойч үед үлгэртэй болно доо.

Дандаа хар шовгорыг нь олж харах юм. Хааяа цайвар цагааныг нь харж хэлж сурмаарсан. Орон сууцжуулах ажил эрчимтэй өрнөж байна. Энэ сайн хэрэг. Харин эхний ээлжинд тэр тохилог сууцанд амьдрагчдын нийгмийн асуудлыг дугаар нэг болгомоор байна.

Жишээ нь "Үйлдвэрчин хороолол" 2013 оны 11 сард ашиглалтад орсон 500 гаруй айл амьдарч байна. Хараад байхад ихэнх нь залуучууд тэд гэр бүлтэй, үр хүүхэдтэй л байгаа. Тэнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг байхгүй.

Машин тавих газар бүү хэл, гадаа суух сандал ч ховорхон. Гэтэл дэргэд нь 16 давхар хоёр байшин барьж байна. Бизнес плаза ч гэнэ үү монгол нэр нь юу гэдгийг нь мэдэхгүй. Тэнд сургууль цэцэрлэг, ясли, эмнэлэг байгуулах бүрэн боломж байна.

Тэр талбайгаа өгөөд зөвшөөрөлтэй хүнийг нь ажиллуулаад цалинг нь хангалттай өгөөд ашгийг нь ав л даа. Иргэд дуртай л байх болно. Хойшид баригдах байрандаа нийгмийн асуудлыг шийдээгүй байвал орон сууц болголтгүй гэдгийг хотын дарга нар мэдэх байлгүй.

Хөгжлөө хөдөөд явуулбал хот руу нүүх нь багасна

Сүүлийн хорь гаруй жилд хотын хүн ам сүрхий нэмэгдэж байна. Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр ажилгүй, залхуу, хүмүүжлийн доголдолтой, архичин, хулгайч гээд л хувь тавилангаа өөрөө бүтээгчид бусармаг аргаар амьдархын тулд их хөлийн газар ирж амь зуудаг ч юм шиг. Хөгжлөө хөдөөд явуулбал хот нүүх нь багасах байх.

Нарантуул гэж олон улсын худалдааны төв гэх сайхан том нэртэй дэгстүүлж хэлбэл хог ихтэй газар гэмээр. Ямар ч цэвэр тохилог орчин байхгүй, машины зам нь эвдэрхий, цоорхой, амьдралын төлөө тэмцэж буй хүмүүсийн эрүүл ахуйн шаардлагыг анхаараагүй тийм газар байх юм.

Зогсоолын мөнгө гээд 200 төгрөг авдаг байснаа 500 төгрөг болгосон байна. Өдөрт ойролцоогоор 1000 машин орж гардаг гэж бодъё /нэг өдөр 500 мянган төгрөг/ нэг cap 13 сая төгрөг. Энэ их мөнгөнөөс орчин тойрноо засаад тэнд байгаа хүмүүсээ тохь тухтай байлгаж болмоорсон доо.

Хөгжингүй оронд төв газраа өргөн хэрэглээний зүйл нь хачин үнэтэй байдаг. Хөдөөгүүр өргөн хэрэглээний юм нь хямд учир нүүх суух ажил байхгүй юм билээ. Үнийн бодлого гэдэг юмыг төр засаг барьж чадахгүй бол та бүхнийг сонгосон ард түмэн чинь хоёр идэхгүй хоосон хонох шинжтэй боллоо.

Саяхан нэг өдөр Баянхошуунд нэг талхыг хоёр айл хувааж авч байхыг би харсан. Энэ бол эмгэнэл. Монголчууд бид чинь асар хүлцэнгүй өөрсдийнхөө төлөө явдаггүй, аливаа зүйлд итгэж явсаар байгаад сурсан тэр л зангаараа шар өдөр бор хоногийг өнгөрүүлж байна даа. Хөдөлмөр гэдэг нь хөдөл, мөрөө гарга, мөрөөрөө яв гэсэн үг шүү дээ. Өнөө цагт хөдөлмөр хийсэн хүн сайхан амьдарч чадна.

Хүн, нохой хоёрын зорчих хөдөлгөөний оюуны чадавх нь солигдсон бололтой

Хотын замын хөдөлгөөнийг зохицуулж энэ олон машиныг чирэгдэл гацаагүй явуулах талаар аятайхан ажил хийж байна. Гэхдээ явган зорчигчдын асуудал сүүлийн үед жолооч нарын анхаарлын төвд байх боллоо. Учир юу вэ гэвэл тэд гарцаар гарахгүй, соёлтой зорчихгүй, хог хаях, хараалын үг урсгах гэх мэт.

Нохой, үхэр мэтийн амьтад гэрлэн дохиог хүлээж байгаад гарцаар гарч байхад хүн гуай зүгээр л явна шүү дээ. Эндээс харахад энэ хоёр амьтдын зорчих хөдөлгөөний оюуны чадавх нь солигдсон юм шиг. Нийтийн тээвэр болох автобус, микро, такси зэрэгт бүтэн нэг эгнээ чөлөөж өгөөд байхад дарааллаараа зогсож байгаад явах л тэдний үүрэг.

Ямар ч хөгжилтэй оронд энэ дүрмийг баримталдаг. Хоёр гуравдугаар эгнээнд зорчсон нийтийн тээврийн замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж тэдний торгох, жолоо барих эрхийг нь хасах зүйл байвал яасан юм бэ.

“Хөдөлмөр” сонин