О.Хангай аварга бөхийн өргөөний 30 дахь түрүүгээ хүртлээ
2024/02/11
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан тун сонирхолтой, үзүүштэй болж өндөрлөлөө. 256 бөх хоёр өдөр дамнан үнэн хүч, уран мэхийг уралдуулснаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай түрүүлж, бөхийн өргөөний 30 дахь түрүүгээ хүртэж, түрүүлж үзээгүй барилдаан бараг үгүй болов.
Өдгөө 33 настай отгон аваргын тухайд өмнө нь хоёр ч удаа бага наадмын үзүүр түрүүг булаалдаж байсан ч түрүүлж чадаагүй явсан юм. Тухайлбал, 2014 онд аймгийн арслан цолтойдоо улсын гарьд Д.Рагчаад, 2017 онд мөн аймгийн арслан цолтойдоо улсын аварга Ч.Санжаадамбад тус тус өвдөг шороодсон түүхтэй. Тэгвэл өнөө жил нутгийн бөх улсын заан Б.Пүрэвсайханыг давж, түрүүллээ.
О.Хангай аваргын зургаагийн давааны барилдаан тухайн өдрийн шилдэг барилдаанаар тодорч, гэрэл зураг нь ч цахим орчинд ихээхэн эрэлттэй байлаа. Тус даваанд аварга М.Лхагвагэрэл зааныг амлан авч, бүхий л бөхийн төрлөөр цэвэр дарсан гэдэг. Харин долоогийн даваанд Ерөнхийлөгчийн цомын эзэн улсын начин Д.Амарсайханыг давж, өнгөрсөн барилдааны хариугаа авч, үзүүр түрүүнд үлджээ.
Зочин · 2024/02/12
XUSLEER XNAAD ZYGAATSI80955877
Зочин · 2024/02/12
S DYYDLGN80955877