Энэ хаврын тэсрэлт “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны кино 3 дугаар сарын 7-ноос эхлэн бүх кино театраар гарах болсон. Үүнтэй холбогдуулан Фантастик Продакшны жүжигчин, найруулагч Б.Тамиртай ярилцсаныг хүлээн авна уу.

Ярилцлагыг видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү.

зураг

 

- Юуны өмнө ЗУРА III киногоо нээх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Ярилцлагаа ЗУРА төсөл эхэлсэн түүх болон нэрийн утгын талаар эхэлье.

- Баярлалаа. ЗУРА төслийн гол зорилго нь нийгэмд буй асуудлыг хөндөж, аль болох судалгаатайгаар гаргаж ирэн үзэгчдэд дохио өгөх юм. Зохиол маань анх “Тоглогч” гэдэг нэртэй байсан ч яг цацахын өмнөхөн “Тоглогч” нэртэй ном гарч, бид өөр нэр өгөх хэрэгтэй болсон юм.  Яг юу гэж нэрлэх тухай их удаан ярилцсаны эцэст “дайчин” гэсэн утгатай санскрит үгийг сонгосон нь одоогийн ЗУРА. Анхаарал татахуйц, чихэнд хоногших бөгөөд төслийг эхлүүлсэн зорилгыг маань утга төгөлдөр илэрхийлж байна гэж үзсэн.

Ийнхүү цоо шинэ нэршлээ илүү сайн таниулах, хоногшуулах зорилгоор ЗУРА шоуг хийж байсан. Нэг үзэгч маань бүр хүүхдэдээ Зура гэдэг нэр өгөөд, гэрчилгээг нь надад үзүүлж билээ.

- ЗУРА анхнаасаа цогц төслөөр төлөвлөгдсөн үү, эсвэл явцдаа дараагийн ангиудаа хийх болсон уу?

- ЗУРА-г гуравдугаар анги хүртэл хийнэ гэж огт төсөөлөөгүй ээ. Анх хэлсэнчлэн эхний анги маань нийгмийн асуудлыг хөндөж хийгдсэн. Өнөөдрийн Монгол улсад болж буй зарим үйл явдалд бидний сэтгэл их эмзэглэдэг бөгөөд үүнээс л шинэ уран бүтээл төрөн гарч байгаа. Ийнхүү үргэлжилсээр “ЗУРА II: Цурам ажиллагаа” уран сайхны кино бүтсэн. Харин хоёрдугаар ангийн төгсгөлд Баяраа, Алдар бид 3 гарч ирснээр ЗУРА III хийгдэх нь тодорхой харагддаг. Бид тухайн кинонд гарсан асуудалтай хуулиас гадуур үзэлцэж, нийгэмд “цэвэрлэгээ” хийх нь ЗУРА III: Цэвэрлэгээ киноны гол санаа болсон.  

- ЗУРА III өмнөх ангиудаасаа юугаараа онцлог болов?

- Фантастик Продакшн нь аливаа уран бүтээлдээ шинэ туршлага хуримтлуулж, Монголын кино урлагт урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ алхам хийхийг зорьдог. Бид өөрсдийгөө сорих дуртай.  Гаднынхан кино зураг авалтын үеэр элдэв осол эндэгдэл гарлаа гэхэд түүнийг нь PR маркетинг гэж боддог байсан юм. Гэтэл үнэхээр аз сорьсон, эрсдэлтэй хэсгүүд тохиодог юм билээ. ЗУРА III зураг авалтынхаа үеэр ч мөн айж, болгоомжилж байсан явдал цөөнгүй тохиосон. Гэхдээ бэлтгэлээ сайн хангасан учир даваад л гарсан. Монгол уран бүтээлчид чаддаг гэдгийг баталж, бага багаар шат ахиж байгаадаа баяртай байна.

- Кино багийнхан ямар техник ашигласан бэ?

Б.Т:  ЗУРА II дээр зодооны хэсэгт цонхоор үсрэхэд камер дагаж үсэрдэг. Тэр бол тухайн үедээ урьд өмнө хийгдэж байгаагүй алхам байлаа. Бид туршсан, үзсэн, чадсан. Энэ удаад бас арай өөрөөр, цоо шинэ техникээр машинтай зураг авалтыг гүйцэтгэсэн. Нэг л эвгүйтвэл бүх зүйлээ алдах эрсдэлтэй, хийх процесс нь амаргүй байсан ч цоо шинэ шийдлээр хэрэгжүүлж чадсан. Аливаа уран бүтээлдээ арын баг хамт олондоо шинэ туршлага болж үлдэх ажил шингээхийг зорьдог.

- Дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?

- Энэ удаад кинонд маань МУСТА Н.Ялалт, МУГЖ Б.Золбоот, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Тодгэрэл зэрэг уран бүтээлчид шинээр оролцсон. Мөн уран бүтээл болгондоо залуу жүжигчдийг дэмжин ажилладгийн хүрээнд шинэ дүр төрх болох Ганболорыг оролцуулсан байгаа. “ЗУРА III: Цэвэрлэгээ” киноны тийзер трейлэрийг үзсэн зарим үзэгчид маань Бархүү ахыг ямар ширүүн өнцгөөс харуулсныг гайхаж байсан.

- Үзэгчдийн зүгээс Фантастикийг кинон дээрээ л эх оронч гэсэн зэмлэл ирдэг. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Хүмүүс биднийг талбай дээр гарч жагс гэдэг. Уг нь бид чинь уран бүтээлээрээ дамжуулж үгээ хэлээд, нийгмийг цочроох зорилготой ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Хятад, Солонгос зэрэг гаднын кинонууд өдөр бүр зурагтаар гарч, үзэгчдэд гаднын соёл, бодлогыг түгээж байна. Гэтэл түүнээс гадна Монгол уран бүтээлчид ч бас чанартай бүтээл хийж чаддаг, Монгол үзэгчид түүнийг нь хүлээж авдаг болмоор байна. “Халтар царайт” гардаг байх үед хүн бүр гэртээ киногоо үзээд, гудамж талбай хоосордог байлаа. Фантастик Продакшн “37-р точка” цувралаа хийхдээ яг л тийм зорилго тавьж байсан, түүндээ ч хүрч чадсан.

Түүнээс гадна манай ихэнх кино эх оронч сэдэвтэй. Үнэхээр бид эх оронч биш байсан бол ийм сэдэвтэй кино хийхгүй. Хүн бүрийн тэмцэх арга барил өөр бөгөөд бидний арга барил бол уран бүтээл юм гэдгийг үзэгчид маань ойлгоосой гэж хүсдэг юм.  

 

- ЗУРА II цацагдсаны дараа ямар нэгэн улс төрийн санхүүжилттэй, хэн нэгний захиалгаар хийсэн кино байна гэж цөөнгүй үзэгчид үзэл бодлоо хуваалцсан байсан. Ер нь олон нийтээс ирж байгаа сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Хүн бүхэн хардах эрхтэй. Гэвч бид нэг бүрчлэн үнэн худлыг тоочиж тайлбарлах албагүй. Аливаад баримт, ул суурьтай хандаж, мэдээллийг шүүлтүүртэй хүлээж аваасай гэж л хүсдэг. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, нэг хүний хэлсэн үгээр үг хийгээд явдаг бүлэг хүмүүс бий. Жишээ нь, “37-р точка” киноны ардчиллын хэсгийг харуулсан зураг авалтын үеэр ахмадуудыг цуглуулаад олны хэсгийг авч байсан юм. Гэтэл тэр үед нэг хүн: “Энэ Элбэгдоржийн кино байна” гэсэн чинь бүгд тараад алга болчихсон. Зураг авалтын үед хэцүү л үйл явдал байсан даа. Уг нь энэ яриа ямар ч баталгаагүй, баримтгүй л явган яриа байсан юм.

- ЗУРА III кино сонгуультай жил нээлтээ хийж байгаа болохоор үзэгчдээс улс төртэй холбоотой таамгууд харагдаж байсан. Кино цацагдсаны дараа ч энэ сэдвийг үргэлжлүүлэн ярилцсаар байх төлөвтэй байгаа. Та юу гэж бодож байна?

- Сонгууль болох гэж байна, хэнд саналаа өгөхөө сайн бодоорой гэж мянган удаа давтаж хэлэхийн оронд сонгуулийн өмнө киногоо гаргаж байгаа нь хангалттай гэж бодож байна. Та бүхэн саналаа өгөхөөсөө өмнө хэрхэн “Цэвэрлэгээ” хийх талаар тунгаан бодоорой.

- Оюуны өмч, хулгайн киноны талаар Фантастик Продакшн маш их дугардаг. ЗУРА III гарсны дараа хууль бусаар тараах оролдлого багагүй гарах байх, үүнтэй холбоотой олон нийтэд өгөх сануулга, уриалга юу байх вэ?

- Хэрэв энэ камерыг хэн нэг хүн зөвшөөрөлгүй аваад явчихвал хулгай. Гэтэл киног хуулбарлаж түгээхийг хулгай гэж үзэхгүй байгаа. Хүмүүс ер нь гарт баригдах биет эдийг л хөрөнгө гэж үзээд, контент буюу гарт баригдахгүй хийсвэр зүйлсийг эд хөрөнгө гэж тооцдоггүй юм байна.Тиймээс ч хүний оюуны бүтээлийг буюу кино контентыг хууль бусаар тарааж буйгаа хулгай гэж ойлгохгүй байх шиг. Киногоо алдчихлаа гэхэд баригдсан хүн нь улсад торгууль төлөөд, харин уран бүтээлчид бид хохироод л үлддэг. Үүн дээр бас дэлгэрэнгүй зохицуулалт хэрэгтэй л байна.  

- ЗУРА IV хийгдэх болов уу? Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?

- Яг одоогоор дараагийн анги хийнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, цаг үеийн байдлаас л шалтгаална. Үргэлжлүүлэн хиймээр байгаа өөр кинонууд ч бидэнд цөөнгүй бий. Тухайлбал, “Маш нууц”, “37-р точка” гэх мэт. Энэ жилийн хувьд “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны киноноос гадна тайзны уран бүтээл амжуулахаар төлөвлөж байна. Мөн өөр нэгэн том төсөл бий. Фантастикийн залуус удахгүй тэр ажил руугаа ханцуй шамлан ороод, усанд хаясан чулуу шиг алга болох байх даа.

- Цаг гарган ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа. Нээлтээ хийх гэж байгаа кинонд нь амжилт хүсье.