О.Хангай аварга 31 дэх түрүүгээ хүртлээ
2024/02/26
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрллээ.
Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н. Золбоо нар шалгарлаа. Наймд улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв.
Тус барилдааны "Улсын цолд ойрхон бөхийн шагнал"-ыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээд, "Уран барилдаантай бөхийн шагнал"-ыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүүд тус тус олгосон юм.
Мөн түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан бол уг барилдааныг зохион байгуулагч Тогтохын Сампилын үр ач нараас барилдсан 128 бөх, жаяг дэгийн багийнханд гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа.
Өнөөдөр/2024.02.26/үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.
- 26-нд 15:45 цагаас Орхон – Өмнөговь
- 26-нд 19:45 цагаас Увс – Завхан
- 27-нд 15:45 цагаас Сүхбаатар – Архангай
- 27-нд 19:45 цагаас Булган – Баян-Өлгий
- 28-нд 15:45 цагаас Төв – Дорноговь
- 28-нд 19:45 цагаас Ховд – Баянхонгор
- 29-нд 15:45 цагаас Говьсүмбэр – Өвөрхангай
- 29-нд 19:45 цагаас Хөвсгөл – Сэлэнгэ