Монгол улсад олон улсын төлбөрийн картын системийг анхлан нэвтрүүлж байсан Голомт банк монголын болоод олон улсын санхүүгийн нэр хүндийг тодорхойлогч байгууллагуудаас “ШИЛДЭГ” гэсэн алдрыг зүй ёсоор хүртсээр ирсэн, шинийг санаачлагч, тэргүүлэгч банк юм. Голомт банкны хамт олон энэ амжилтаа улам бататгаж,  American Express байгууллагатай хамтран, Монгол улсад анх удаа “American Express®Gold Card”-ыг  2014.06.26-ны өдөр нэвтрүүллээ.  

 
Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг тодорхойлогч Голомт банк 2008 онд American Express картыг Монгол Улсад хүлээн авагч цор ганц банкаар сонгогдож байсан бол, 2013 онд тус картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх цорын ганц эрхтэй банкаар тодорсон нь  Монголчууддаа дэлхийд нэр хүндтэй American Express картын эзэмшигч болох эрхэм боломжийг  нээж өгсөн юм.   
 
American Express нь өндөр нууцлал хамгаалалт бүхий зээлийн эрхтэй карт бөгөөд санхүүгийн уян хатан, эрх чөлөөт амьдралыг эрхэмлэгч харилцагчиддаа дээд зэрэглэлийн тансаг үйлчилгээ, сэтгэлд нийцсэн хөнгөлөлт, урамшууллыг олгодогоороо харилцагчдынхаа талархалыг хэдийн хүлээжээ.  Тодотговол,  Голомт банкны American Express®Gold Card эзэмшигч  нь American Express-ээс гаргасан хамгийн таатай урамшууллын нэг болох “Membership Rewards™” хөтөлбөрт хамрагдан, картаар хийсэн гүйлгээ бүхэндээ  урамшууллын оноо цуглуулж, цуглуулсан онооныхоо үнийн дүнтэй дүйцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ, гэнэтийн бэлгийг авахаас гадна “Selects” буюу олон улсын хөнгөлөлтийн сүлжээнд  нэгдсэн  дээд зэрэглэлийн ресторан, зоогийн газар, зочид буудал, брэндийн дэлгүүр зэрэг  байгууллагуудаас VIP үйлчилгээ, онцгой хөнгөлөлт урамшуулал, давуу эрх, олон төрлийн боломжийг авдагаараа онцлогтой.
 
Түүнчлэн American Express  карт нь таны үнэнч туслах байх үүргээ хором мөч бүхэнд нэр төртэйгээр биелүүлдэг төдийгүй, аяллын даатгалын үйлчилгээгээрээ дамжуулан таныг эрсдэл бүхнээс хамгаалдаг учир та хэдийд ч хаашаа ч зорчсон  амгалан  тайван байдлыг мэдрэх болно. 
 
Бас нэгэн таатай боломж нь та дэлхийн 100 гаруй орны 700 гаруй нисэх онгоцны буудлын VIP хүлээлгийн танхимаар үйлчлүүлж, тав тухтай тохилог орчинд тухлах эрхтэй.Санхүүгийн энэхүү хүчирхэг эрх чөлөөг Монголчуудад авчирч буй   American Express®Gold Card-ын  АНХНЫ ГҮЙЛГЭЭГ American Express байгууллагын Хамтран ажиллагч байгууллагуудын Бизнесийн хөгжил хариуцсан Дэд захирал ноён Майк Трайтлс болон Голомт банкны гүйцэтгэх захирал ноён Г.Ганболд  нар хийж, монголын банк санхүүгийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. 
 
Хүндэтгэлийн ёслолын үеэр: 
 
Ноён Майк Трайтлс  /American Express-ийн Хамтран ажиллагч байгууллагуудын Бизнесийн хөгжил хариуцсан Дэд захирал/: 
 
Бид Голомт банктай хамтран  American Express® Gold Card-ыг Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлж байгаадаа туйлын их баяртай байна. American Express байгууллага нь Голомт банктай хамтран дээд зэрэглэлийн үйлчилгээг өндөр түвшний үнэнч харилцагчиддаа хүргэх гэж байна. Энэ шинэ карт нь санхүүгийн уян хатан байдал болон оноо цуглуулж урамшуулал хүртэх зэрэг олон төрлийн давуу талыг олгох  ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.
 
Ноён Г.Ганболд /Голомт банкны Гүйцэтгэх захирал/:
 
“Банк санхүүгийн салбарын хамгийн хүчирхэг брэндийг сонгож, American Express картын эзэмшигч болсон мөчөөс эхлэн тухайн хүн нэгэн онцгой гэр бүлийн  гишүүн болдог бөгөөд энэхүү гишүүн нь  хаана ч хэдийд ч өндөр сэтгэл ханамж, нэр хүнд, хүндлэлийг байнга мэдэрч байдаг”  гэсэн юм. 
 
Ийнхүү Монголын төлбөрийн картын зах зээлд ямагт анхдагч болоод шинэчлэгч байж ирсэн Голомт банк салбартаа тэргүүлэгч байр сууриа улам бататгаж,  American Express картыг  Монгол Улсад анх удаа  амжилттай нэвтрүүлснээр,  American Express®-ийн Gold Card  ирэх сарын нэгнээс  харилцагчдын гарт очиход бэлэн болоод байна.