Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, улсын төсөв өдийн төдийгөөр тасрах болсонтой холбоотойгоор төр засгийн үйл ажиллагаанд тэвчиж болох зардлыг танаж, төсвийн мөнгийг хэмнэхийг засгаас анхааруулсаар байгаа энэ үед ямба нь дэндсэн албан тушаалтнуудын үрэлгэн зангаас өдий төдий өмч хөрөнгийг хий хоосон шамшигдуулсаар байгаа нь тогтоогдож олны анхаарлыг ихээр татах боллоо.

 

     Тухайлбал 2011-2013 онд Төсвийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт, шагнал, урамшил, гадаад, дотоод аялал, гадаад томилолт, тээврийн хэрэгслийн ашиглалтын судалгааг Үндэсний аудитын газрын тайлан дүгнэлтийг гаргаж, нилээдгүй зөрчил дутагдал илрүүлсэний дотор хачин жигтэй зардлууд ч цөөнгүй байна.

 

      Тэгвэл эдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа тансаглал нь Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг зөрчиж автомашин хэрэглэх эрхгүй албан тушаалтнуудад 222 албан ажлын суудлын автомашин хэрэглэглэж байсан явдал юм.

 

      Судалгаанд хамрагдсан байгууллагын 4013 автомашины 92.3 хувийг газар, хэлтэс, албадууд, 2.1 хувийг автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд, 5.6 хувийг автомашин хэрэглэх эрхгүй албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байжээ.

 

     Тодруулбал “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор баталсан “албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-д ороогүй албан тушаалтнууд буюу тэргүүн дэд болон дэд дарга нарт 39, газар, хэлтэс, албадад 183, нийт 222 албан ажлын суудлын автомашин хэрэглэгдэж байсан аж.

 

     Түүнчлэн Автомашины ашиглалтын зардалд 2013 оны гүйцэтгэлээр нийт 19,710.8 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд шатахуунд 13,294.5 сая, сэлбэг хэрэгсэлд 5,894.0 сая, тээврийн хэрэгслийн даатгалд 522.3 сая төгрөгийг тус бүр зарцуулж байсан нь жилд дунджаар нэг машины ашиглалтын зардлыг 4.9 сая төгрөгт хүргэжээ

 

     Харин энэ нь сүүлийн 3 жилд өндөр үнэтэй, шатахуун зарцуулалт ихтэй, туулах чадвар өндөртэй суудлын автомашин худалдаж авсантай холбоотой гэдгийг тайланд дурдсан ба Судалгаанд хамрагдсан байгууллагуудын нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж, нэг машины шатахууны дундаж зардалд 3.3 сая төгрөг гаргасан ба 100 км тутамд дунджаар 17 литр шатахуун тус тус хэрэглэсэн байх аж.

 

     Мөн судалгаагаар жилд дунджаар нэг машин 23.3 мянган км буюу ажлын хоногт шилжүүлбэл хоногт 90.3 км явсан нь эдгээр албан тушаалтнууд хууль журманд заагдсан норм, хэмжээг хэтрүүлэн албан ажлаасаа гадуур хувийн хэрэгцээндээ ашиглаж байсныг тогтоожээ.

 

     Тэгвэл өнгөрөгч 2011-2013 оны хооронд эдгээр байгууллагууд нийт 197 ширхэг суудлын автомашиныг 20,505.7 сая төгрөг буюу дунджаар нэг бүрийг нь 100-аас дээш сая төгрөгөөр худалдан авч, алба амьныхаа хэрэгцээнд тансагласан байх аж.

Б.Баттулга