Хөтлөгч Б.Тамирын АНУ-д бэлтгэсэн аялалын нэвтрүүлэг тун удахгүй
2014/06/26
Монголын телевизийн урлагийн сор болсон эрэгтэй хөтлөгчдийн нэг, ETV болон Шинэ дэлхий телевизийн нүүр царай болж явсан, ирээдүйн Цоодол хэмээгддэг хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Тамир өдгөө АНУ-д мэргэжлээрээ сурахын зэрэгцээ ажиллаж амьдарч яваа билээ.
Авъяаслаг уран бүтээлч залуу маань сурч боловсрохын зэрэгцээ өөрийн мэргэжлээрээ “6500 миллийн аялал” хэмээх аялалын нэвтрүүлэг бэлтгэн үзэгч түмнээ хүргэхээр хэдийнэ ажилдаа оржээ. Тус нэвтрүүлгээрээ Лос анжлест ажиллаж амьдарч буй Монголчуудтайгаа уулзан тэдний эгэл амьдралын тухай болоод аж амьдрал, ажил хөдөлмөр, байрны түрээс, хэрэглээний зардал гэх мэт олон сонирхолтой баримтуудын сурвалжлагыг дэлгэрэнгүй хүргэх гэнэ.
Тус нэвтрүүлгийн зорилго нь ирээдүйд АНУ-ыг зорьж сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөх гэж буй элэг нэгтнүүддээ үнэн бодитой, үнэ цэнэтэй зөвлөгөөг хүргэхэд оршиж байгаа аж.
Ийнхүү хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Тамираа “6500 миллийн аялал” хэмээх нэвтрүүлгээ тун удахгүй цэнхэр дэлгэцээр болон онлайнаар цацаж АНУ-ын Лос анжлес хотноо ажиллаж амьдарч буй монголчуудыгаа эх орондоо суугаа ахан дүүстэй нь уулзуулах нь ээ. Ингээд та бүхэндээ хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Тамирын 4000 метрийн өндөрөөс шүхрээр бууж буй нэвтрүүлгийн сонирхолтой хэсгийн фото сурвалжлагаас хүргэе.