Монголын рок поп урлагт өөрсдийн гэсэн байр сууриа аль хэдийнээ эзэлж, хамтлагийнхаа нэрийг тунхагласан “хөвгүүд”-ийн хамтлаг бол “Камертон”. Тэд өөрсдийн залгамж халаагаа бэлдэж, шинэлэг өнгө, аясыг рок поп урлагт төрүүлэх зорилготойгоор “Камертон-2” шоуг зохион байгуулсан.

Энэхүү шоунаас одоогийн “Бид-4” хамтлаг төрөн гарсан гэдгийг уншигч та бүхэн андахгүй сайн мэднэ.  Тус хамтлагийн шинэ цомог худалдаанд гараад удаагүй байгаа билээ. Өнөөдөр  "HI-FI" рекордсын төв салбарт 12:00 цагаас цомгийн нээлт боллоо.

Шинэхэн цомгийн өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний азтай, одтой 40 зочинд "Бид 4" нэртэй цомгоо бэлэглэлээ. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн залуучуудтай дуучин Б.Замбалгарав, Д.Зоригт, Б.Оргил, Б. Баярмандах нартай зургаа хамтдаа авахуулж цагийг дурсамжаар дүүрэн өнгөрөөсөн юм.

Энэ үеэр тус хамтлагийн ахлагч, дуучин Б.Замбалгаравтай цөөн хором ярилцсанаа та бүхэндээ хүргье.

-"Бид4" хамтлагийн ахлагч Б.Замбалгарав: Бид дөрөвийн эхлэл ийнхүү эхэлж байна-

-Анхны цомгийн өдөрлөгөө хийж байна. Сэтгэгдлээсээ уншигчдтайгаа хуваалцвал?

-Өнөөдөр зургадугаар сарын 27-ны өдөр.  "Бид 4" хамтлагийн анхны "Бид4" нэртэй цомгийн нээлт болж байна. Бид дөрөвийн хувьд энэ өдрийг маш их хүлээсэн сэтгэл их өндөр байна. Шинэ цомгоо сонсогчддоо хүргэж байгаадаа баяртай байна. Залуучууд маань их идэвхитэй оролцлоо. Бид4 улам их хичээх болно. Хүрэлцэн ирсэн бүх залуустаа баярлалаа. Мөн ажилтай байгаад ирж амжаагүй сонсогчддоо дуулгахад шинэ цомог маань Soul R&B чиглэлийн нийт таван дуунаас бүрдсэн. Чанарын өндөр түвшинд хийгдсэн гэдгийг хэлье. Цомог 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

-Сая нэгэн сонсогч цэцэг бэлэглэлээ. Ямар сэтгэгдэл төрөв?

-Бид дөрөвийг "Камертон-2"  шоунаас эхлээд дэмжиж байсан залуус бий. Тэр залуустаа болон цэцэг бэлэглэсэн сонсогддоо маш их баярласнаа илэрхийлье. Одоо ингээд хамтлагийнхаа шинэ цомгийг олны хүртээл болгоод эхний ажлаа хийгээд явж байна. Өнөөдөр ажлын өдөр тохиосон болохоор ажилтай байгаад ирж амжаагүй биднийг дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа гэж энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх.

-Танай хамтлагийг тоглолтоо хэзээ хийх бол гэсэн хүлээлт үүссэн байна. Тоглолтын төлөвлөгөө?

-Мэдээж анхны бие даасан тоглолтоо бол хийнэ. Гэхдээ цаг хугацаа нь хараахан болоогүй байна. Цомгийнхоо бүх дууг дүрсжүүлэх ажилдаа орсон. Гуравдахь дууныхаа клипээ хийсэн. Одоо хэдхэн хоногийн дараа дараагийн дуугаа дүрсжүүлнэ. Бид дөрөв энэ зун амш завгүй ажиллана. Намраас шинэ дуунуудаа сонсогчддоо хүргэнэ.

-Өөрсдийн зохиосон уран бүтээлээ хэзээнээс сонсогчддоо хүргэх төлөвлөгөөтэй байна?

-Бид дөрөвийн хоёрдахь цомог ирэх намраас гарна. Энэ цомогтоо оруулана даа. Бид 4 цомгийг бүтээхэд ивээн тэтгэж, хамтран ажиллаж бүх хүмүүстээ баярласан талархсанаа хэлье. Цомгийг “Скайтел”, “B production” ивээн тэтгэсэн.  Цомогт багтсан бүх дууг  Монгол улсын төрийн соёрхолт, “B production”-ийн захирал, продюссер Д.Болдоо ах маань хийсэн. Хөгжмийн найруулга дээр Н.Баярхүү ах, Халиун ах маань ажилласан.  Дуунуудын шүлэг дээр  Quiza ах, Нарангэрэл, Золзаяа буюу ZZ ажилласан. Микс мастерийг Оросын “Виво” гэж студид Максим Комов гэж чадварлаг  хүн хийсэн.  Хэвлэлтийг “B production”-той хамтарч ажилладаг Солонгосын маш сайн студид хэвлэгдсэн.  Мөн Creative Motion студийн хамт олондоо баярлалаа.

Бид дөрөвийн эхлэл ийнхүү эхлэж байна.

-Цаашдынхан уран бүтээлд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

 

Х.Даваанаа