Өнөөдөр Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Монголынхоо бүх эрэлхэг эрчүүддээ баярын мэндийг дэвшүүлээд уг өдрийн үүсэл түүхээс сонирхуулан хүргэе.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ.

 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Дамдины Сүхбаатарын байгуулан удирдсан Ардын цэрэг Хиат хотыг чөлөөлжээ. 1921 оны 3 дугаар сарын 1-нд Монгол Ардын нам байгуулагдаж 3 дугаар сарын 6-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурал хийж Хиагт хотын чөлөөлөх шийдвэр гарсан байна.

Сүүлд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Маршал Хорлоогийн Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсаны дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгох болжээ.

Харин 2003 оны арван хоёрдугаар сарын 18-нд Монгол Улсын УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.

2021 оны 3 дугаар сарын 18-нд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулан Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, ёслолын буудлага хийж байжээ.