Хөдөөгийн сургуулийн дотуур байрны унтлагын өрөөнд камер суурилуулсан гэх ноцтой зөрчил илэрчээ
2024/04/11
Хангайн бүс дэх хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймаг хүний эрхийн дараах асуудалд анхаарах шаардлагатай байгааг Архангай аймаг дахь референт С.Мөнхзаяа онцлов.
Хангайн бүсийн аймгуудын хувьд
- Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаар, орчны бохирдол
- Хүүхдийн сурч боловсрох эрх буюу сургуулийн дотуур байрны хүрэлцээ түүний орчин нөхцөл
- Мал бүхий иргэд, туслах малчин болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн асуудал нэн тулгамдаж байгааг тэрбээр дурдав.
Мөн "Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болоод буй.
Тухайлбал Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд ундны цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын усаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж байна.
Мөн Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймагт хүхэрлэг хийн хэмжээ стандартаас 1.2-2.5 дахин их байна.
Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багт байрлах аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилгын газар болон ойр орчмын газрын хөрс их хэмжээгээр пестицидээр бохирдож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөх нөхцөл бүрдсэн" хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн "Хангайн бүсийн зургаан аймагт үйл ажиллагаа явуулж буй 150 дотуур байрнаас 22 байранд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар барилгын насжилт дууссан, цаашид ашиглах боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Түүнчлэн
- Зориулалтын бус, галын болон ослын стандарт шаардлага хангахгүй
- Ундны цэвэр усны хүрэлцээ дутмаг, боловсон ариун цэврийн өрөө болон усны өрөөгүй
- Унтлагын өрөөнд камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн.
Түүнчлэн малчин өрхийн хүүхэд сургуульд суралцах үед гэр бүлийн хосын аль нэг нь хүүхдээ дагаж, суурин газарт амьдрах шаардлагатай болдог. Үүнээс үүдэн гэр бүл салах, үл итгэлцэл үүсэх, өрхийн зардал нэмэгдэх, малчин эмэгтэйчүүдийн тоо буурах зэрэг сөрөг үр дагавар бий болж байгаа юм.
Орон нутагт мал аж ахуй эрхлэхэд жендэрийн тэгш байдлын харьцаа алдагдаж, ганц бие малчин эрэгтэйчүүд олширсон.
Үүний гол шалтгааныг охидыг хөвгүүдээс илүү боловсрол эзэмшүүлж гэрлэхэд боловсролын ялгаатай байдал нөлөөлөх, нөгөө талаар зургаан настай хүүхдээ сургуульд ороход нь ээжүүд хамтдаа аймаг, сумын төвд амьдарч байгаатай холбоотойгоор гэр бүл салалт ихсэж буй гэв.
Зочин · 2024/04/12
AXX UILCHLI80955877
Зочин · 2024/04/12
SEXSDI80955877