Муусайн хятад тахианаас болж монгол тагтаанууд хохирч байх шив. Бүр өлбөрч үхэж ч магадгүй нь. Хятадад тахиа, шувууны вирусээр 13 хүн амиа алдаж, 60 гаруй хүн халдвар авсантай холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдийг гар дээрээс тагтаа хооллохыг хоригложээ.

Гандангийн хэдэн тагтаанууд ямар буруутай юм бэ. Тэд Хятадаас ирээгүй, бас тийшээ явахгүй. Хүүхэд хөгшдийн зардаг 100 төгрөгийн будааг цементэн шалан дээгүүр цацлаа гээд вирусээр өвчлөх нь юу л бол. Та яг ингэж бодож байна уу. Тэгвэл тагтааг гар дээрээ суулгаад ч юм уу, алган дээрээсээ хооллоход вирус халдаж магадгүй гэж манай ЭМЯ-ныхан бол­гоомжилж, ард иргэдээ өв­чин тусчих вий гэж сэрэмжлүүлж байгаа байлгүй. Ийм шийдвэр гаргасных нь төлөө ажлаа сайн мэддэг, үнэхээр хариуцлагатай сайн ажиллаж байна гэж магтмаар. Бас сэрэмжлүүлгийг маш сайн өгч байгаад нь талархмаар. Манай улс тодор­хойгүй хугацаагаар Хятадаас тахианы мах, өндөг импортлохыг хориглосон. Бас ХӨСҮТ-д мэргэжлийн баг гарчихсан, 50 ор бэлдчихээд халдвар авсан хүн ирэхийг хүлээгээд байж байна. Бэлэн байдалд ажиллаж байна гэсэн үг. Үнэхээр янзтай. Өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг гэдэг. Яг үнэн. Хятадаас N7H9 вирус хил даваад хий­сээд л ороод ирнэ. Хэнд ч бариг­дахгүй, харагдахгүй. Тэгээд хамгийн олон шувуу цугларсан газар руу “дов­толж” мэднэ. Ноомой номхон болохоор нь мэдээж Гандан хавийн хэдэн тагтаа руу л вирусээ “савах” вий. Үхэж үхэж үлдсэн ганц гэдэг шиг хятад, солонгосчуудын “тогоог тосолсоор” байгаад хэдүүлхнээ үлдсэн хэдэн муу тагтаа руу маань шүлсээ үсчүүлж, өвчнөө халдаачихаж мэднэ. Юмыг яаж мэдэх вэ. Гандангийн хэдэн таг­таагаа гараар бус газраас хооллохгүй бол болохгүй нь. Хуулиа л дагана гэдэг шиг ЭМЯ-ны шийдвэрээ л дагана даа. Гандангийн хэдэн тагтаа өлбөрч үхнэ үү, байна уу, маньд ер нь ямар хамаа байна аа. Манай Монголын шувууд ч эрүүл агаарт “амьдардаг”, эрүүл зөв хооллолтоор “хичээллэдэг” юм чинь барагтай бол вирустэхгүй л дээ, уг нь. 

 

Б.Оюунгэрэл