Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 63 оюутан, 3 багш авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаад байна.

Хуулийн байгууллагаас оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан гэж үзэж байгаа гэнэ. Зарим оюутан давтан авлига өгсөн хэрэгт холбогджээ. Энэхүү хэрэг нь 66 шүүгдэгч, 36 өмгөөлөгчтэй ба хэргийн гэрч, сэжигтнүүдийн ар гэрийнхнийг оролцуулаад шүүх хуралд 200-гаад хүн оролцохоор байгаа гэнэ.

Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн даваа гаригт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болох байсан ч өмгөөлөгч, холбогдогчдын ирц бүрдээгүйгээс энэ сарын 23 хүртэл хойшилжээ.

Дүнгээ засуулахаар багш нартаа мөнгө өгсөн гэгдээд байгаа энэхүү хэрэгт эрүүгийн хуулийн 268,269, 270-д заасны дагуу  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд шүүгдэгч тус бүрт 5-8 жилийн хорих ял төлөвлөөд байгаа ажээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид "1937 оны онд нэг өдөрт 64 хүнийг буудан хороож байсан. Түүн шиг Монгол улсын ирээдүй болсон залуусыг нэг дор  яллах гэж байгаа нь залуусын хүсэл зорилгыг дарж байгаагаас өөрцгүй хэрэг" хэмээн мэдэгдэж байна. 

С.Отгон