Герман, Бразилын шигшээ шөвгийн 4 багаар тодорлоо
2014/07/04
ГЕРМАН 1:0 ФРАНЦ
И.ЛЁВИЙН УДИРДСАН ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ ХАМГААЛАЛТЫН ГАЙХАЛТАЙ ТАКТИКИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭНЭ ДАШТ-ИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТЫГ ҮЗҮҮЛЖ БАЙСАН БАГУУДЫН НЭГ ФРАНЦЫН БАГИЙГ ТЭМЦЭЭНЭЭС ХАСЛАА. ГЕРМАН 4 ДЭХ ДАШТ-ДЭЭ ДАРААЛЛАН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРСАН АНХНЫ ШИГШЭЭ БАГ БОЛЖ БАЙНА.
Европын хамгийн шилдэг 2 багийн тулаанд Герман давамгайлж, хагас шигшээд шалгарлаа. Тоглолтын цорын ганц гоолыг 13 дахь минутанд Германы багийн хамгаалагч Матс Хюммельс оруулсан юм. Тони Кроосын хийсэн чөлөөт цохилтонд тэрээр залуу хамгаалагч Рафаел Варанег илүүрхэн, мөргөсөн нь энэ байв. Францын баг тоглолтын төгсгөлд энэ тэмцээнд авчирсан 3 довтлогчоо бүгдийг нь талбайд гаргасан ч юу ч хийж чадсангүй.
ОНЦЛОХ МӨЧ
Мануэл Нойерийн Бенземагийн цохилтыг хаасан нь. Тоглолтын төгсгөлд буюу шүүгчийн мэдлийн цагт Карим Бензема өөрийн гайхалтай ур чадвараа гарган, Жирутай нэгийн хүрэлтээр дамжуулалт хүлээж аван, улмаар тун эвгүй цохилт хийсэн. Гэвч түүнийг нь Нойер төвөггүйхэн, гэхдээ хаах хаахдаа бүр нэг гараараа зогсоож чадсан юм. Түүний өөртөө итгэлтэй байдал, байр эзлэлт нь Германы багийг аварсан нь энэ байлаа.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ
Матс Хюммельс. Германы шигшээгийн хамгаалагч өмнөх тоглолтыг ханиадны улмаас өнжсөн Дортмундын хамгаалагч энэ удаад талбайд эргэн ирж, гайхалтай мөргөлтөөрөө багтаа ялалт авчирсан юм. Түүний оруулсан гоол энэ тоглолтыг шийдснээс гадна түүний мэдрэмж, байр эзлэлт болон биеийн хүчний чадварыг бүрэн харуулсан. Зөвхөн гоол оруулснаас гадна хамгаалалтын үүргээ ч төгс мэт гүйцэтгэж, хэд хэдэн чухал хаалт, таслалтуудыг хийснийг онцлох хэрэгтэй. Тоглолтын төгсгөлд Бенземагийн Ламыг дарж хууран, цохисныг хаасан нь энэ тоглолтын онцлох хаалтуудын нэг байсан юм.
ОНЦЛОХ СТАТИСТИК
Германы шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд 4 тэмцээн дараалан шалгарсан түүхэн дэх анхны баг боллоо. Тэд 2002 онд мөнгө, 2006 онд хүрэл, 2010 онд мөн хүрэл медаль хүртсэн билээ. Харин Францын шигшээ баг Германд 1982, 1986 онуудад дараалан дийлдэж байгаа нь энэ юм.
БРАЗИЛ 2:1 КОЛУМБ:
ДАШТ-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БРАЗИЛЫН ШИГШЭЭ БАГ ХАГАС ШИГШЭЭД ТИВ НЭГТ КОЛУМБЫН БАГИЙГ 2:1-ЭЭР БУУЛГАЖ АВСНААР ШАЛГАРЛАА. ТҮҮХЭН АМЖИЛТАА ҮЗҮҮЛЖ БУЙ КОЛУМБЫН БАГААС ХАМЕС РОДРИГЕС 6 ДАХЬ ГООЛОО ОРУУЛЖ, ТЭМЦЭЭНИЙ МЭРГЭН БУУЧДЫН ЖАГСААЛТЫГ ИТГЭЛ ТӨГС ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ.
Бразилын шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд төвийн хамгаалагчид болох Тиаго Силва болон Давид Луйз нарын гоолын ачаар шалгарлаа. Тоглолтын дөнгөж 7 дахь минутанд Колумбын багийн хамгаалалтын алдааг ашиглан Тиаго Силва булангийн цохилтоос гоол оруулсан бол дараа нь 69 дэх минутанд Давид Луйз 30 гаруй метрээс хаалттай цохилтоос оруулсан гоолоороо тоглолтыг шийдсэн юм. Хэдийгээр тоглолтын төгсгөлд Колумбын багийн тоглолт илт сэргэж, багийн лидер Хамес Родригес торгуулийн цохилтоос гоол оруулан тооны харьцааг ойртуулсан ч энэ нь тэдний сүүлчийн амжилт байв.
Бразилын шигшээ баг хагас шигшээд Германы багтай таарч тоглох боллоо.
ОНЦЛОХ МӨЧ
Нэймарын гэмтэл. Энэ ДАШТ-д Бразилын шигшээ багийг манлайлан, 4 гоолыг оруулж, багаа өдий хүртэл чирж байсан Нэймар тоглолтын төгсгөлд гэмтэл авсан нь олон хүний сэтгэлийг зовоосон нь гарцаагүй. Колумбын багийн хамгаалагч Хуан Сунига бөмбөг хүлээж авах гэж байсан Нэймарын нуруу луу тун эвгүй жийж зогсоосон нь түүнийг сэлгээнд суухад хүргэсэн юм. Сэлгээнд суухдаа тэрээр дамнуургаар цэнгэлдэхээс гарахдаа уйлж байсан нь түүний гэмтэл хэр ноцтой вэ гэдгийг харуулах эхний дохио байлаа. Хэрвээ Нэймар байхгүй бол Бразилын шигшээ багийн цаашдын хувь заяа ихээхэн эргэлзээтэй болох нь гарцаагүй.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ
Давид Луйз & Тиаго Силва. Бразилын шигшээгийн төвийн хамгаалалт энэ тэмцээнд оролцож буй багуудаас хамгийн шилдгүүдийн нэгт тооцогдох нь гарцаагүй. Түүнийгээ ч тэд сүүлийн үед үзүүлж буй тоглолтоороо батлан харуулж, чухал мөчид багаа аварсаар байна. Зөвхөн хамгаалалтын үүргээ ягштал биелүүлж, Колумбын эрчтэй довтолгоог харьцангуй ширүүн тоглолтоороо зогсоохоос гадна уг 2 тоглогч энэ тоглолтын 2 гоолыг оруулсан юм. Ялангуяа Давид Луйзийн гоолыг магтаад баршгүй. Маргаангүй энэ ДАШТ-ий шилдэг гоолуудын нэг.
ОНЦЛОХ СТАТИСТИК
Уг тоглолтын үеэр нийт 51 алдаа гарсан нь энэ ДАШТ-ий хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Хамес Родригес ДАШТ-ий эхний 5 тоглолтонд тоглолт бүрд гоол оруулсан 2002 оны Ривалдогоос хойшхи эхний тоглогч боллоо.
Зочин · 2014/07/05
сонирхолтой мэдээ
Зочин · 2014/07/05
Герман