Энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Gan-Ochir /Ган-Очир/" гэх фейсбүүк хаягаас цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглаж, мэдээлэл нийтэлсэн.

Иргэн Г.Ган-Очир нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдье хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм. 

Интерполоор олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир нь Франц Улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан тул түүнийг шилжүүлэн авах ажиллагааг олон улсын гэрээ конвенцын дагуу явуулж байна гэж Улсын Ерөнхий прокурорын газраас мөн өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. 

Тус мэдээлэлд Иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

  • бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан,
  • Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж,
  • Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 17.8 дугаар зүйлийн 3.1 /Эд хөрөнгө устгах гэмтээх/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/ зааснаар яллагдагчаар татагдсан байхдаа буюу 2022 оны 7 дугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан хэргээр буруутгагдаж буй.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 8 дугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байна.
Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Г.Ган-Очирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2 жил хорих ял оноосон талаар тус улсын Интерполын үндэсний төв товчооноос мэдээлэл ирүүлсэн гэжээ.

Тэгвэл аравдугаар сарын 3-нд Иргэн Г.Ган-Очир Үндэсний мэдээллийн төвд цахимаар уг хэргийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Би 2008 оноос Тагнуул болон эрүүгийн цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажилтан байсан ба хүн худалдаалах, хар тамхи мансууруулах бодис гээд эрүүгийн цагдаагийн байгууллагад ажиллах явцдаа олон гэмт хэрэг дээр ажилласан. Ингээд, хүн худалдаалах, охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх зэрэг хэргийг илрүүлсэн боловч Монголын прокурорын байгууллагаас холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгээгүй.

Миний төрийн тусгай албанд ажиллаж байснаа зарласан нь нууцын гэрээг зөрчиж байгаа хэрэг. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн бага хурал миний олон нийтэд мэдээлэл өгч буй сүүлийн боломж байх магадлалтай” гэсэн юм. Мөн тэрээр Монгол улсынхаа төлөө залуу нас, нөөц бололцоо бүх зүйлээ зориулсны эцэст хилс хэрэгт гүтгэгдсэндээ гомдолтой байгаагаа илэрхийлээд, цаашдаа ч энэхүү тэмцлээ үргэлжлүүлж, олон улсын хүний эрхийн байгууллагуудад төлөө гомдол гаргана" гэж Зууны мэдээ сонины цахим сайтад мэдээлсэн байв.