Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: П.Наранбаяр сайд та хөрсөн дээр ажиллаж байгаа багш нартайгаа уулзмаар байна. Хэдэн тоог хэн ч цээжлээд яриад байж чадна. Яг ажиллаж байгаа хүмүүстэйгээ уулзаад өгөөч. Миний хувьд 23 жил багшаар ажиллаж буцалсан хүний хувьд танд үнэтэй зөвлөгөө өгнө. Гэтэл тантай уулзъя гэхээр та уулздаггүй, намайг харахаараа доошоо хараад хулмалзаад алга болдог. П.Наранбаяр сайд яг тэгж байгаа.

Би сургууль болгоны төлөөлөл 200 багш цуглуулъя. Тэгээд та яг өөдөөс нь харж сууж байгаад уулз. Ийм урилга танд хүргүүлж байна. Намайг та шоолоод байх шиг байна. Өмнө нь чуулганы хуралдаанд хоёр удаа танаас асуулт асуухад та нэлээн дооглонгуй, шоолонгуй өнгө аяс гаргаж хүмүүсийн дургүйг нэлээн хүргэж байсан.

Боловсролын сайд П.Наранбаяр: Би хулмалзаад хүнээс зугтаад байдаг хүн биш. Тийм зүйл байхгүй. Та надад уулзъя гэдэг хүсэлтээ албан ёсоор тавьж байгаагүй. Та надад албан бичгээр асуулт ирүүлдэг. Хуульд заасан хүрээнд би хариултыг нь өгдөг.

Шаардлагатай бол багш нартай уулзана. Би сургууль, цэцэрлэгийн төлөөллүүдтэй уулзаад явж байгаа.

Би багш, та ч багш. Хоёулаа багш хүмүүс байж бие биеэ үгээр идээд яах вэ дээ. Таныг үгийн сонголтоо жаахан бодоосой гэж хэлмээр байна.