Эцэг эхийн эс нийлэх хормоос эхлэн үр хөврөл өсөж төлжсөөр хүүхэд төрөх, өсөж бойжсоор хүн болж, зуу орчим жил амьдрах процесс бол биологи, физиологийн үүднээс эцэслэн танин мэдэхэд ч бэрх, нарийн нийлмэл үзэгдэл юм.

Хүний биеийн бүрдэл хэсгүүд, тэдгээрийн үүрэг, ач холбогдол, харилцан нөлөөлөл гэхэд л бишрэхээр нарийн холбоо, шүтэлцээтэй ажээ. Чухам тиймээс хүнийг бурхад бүтээсэн гэж үзэхэд хүргэжээ.

 

Амьтан нэг бүр л өөрийгөө тэтгэгч, өөрийгөө хамгаалагч, тусгаар тогтносон гэхээр, амьдрах, орших эрх ба бололцоотой гэхээр биеэ даасан тогтолцоо юм. Амьтан нэг бүр амьдрах эрхтэй, энэ эрхээ бүгд л хэр чадлаараа хамгаалдаг. Гэхдээ амьтан нэг бүрийн амьдрах эрхэд халдлага хаа сайгүй гардаг. Хүмүүсийн хувьд ч мөн тийм...

 

Сансар хорвоогийн хэмжээнд үзэх аваас огторгуй дахь амьгүй эрхэс нэг бүр биеэ даан тусгаар тогтносон, оршин байх аргаа олсон өвөрмөц тогтолцоо, элдэв хувьсалд орсоор байдаг битүү систем юм. Амьгүй атлаа амьдарч буй мэт сэтгэгдэл ч төрүүлдэг нь сонин. Жишээ нь манай дэлхий. Дэлхий маань өөрийн гэсэн орон зай, цаг хугацаатай, өөрийн гэсэн явах замтай, бас дагуултай, агаар, ус, хөрс шороон мандалтай, гравитаци болон соронзон хүч “эзэнтэй”, дотоод ба гадаад энергийн эх сурвалжтай, дээрээ амьд байгальтай, олон тэрбум жилийн түүх, намтартай, яах ч аргагүй тусгаар битүү систем, бие даасан үлэмж биет. Хүмүүс бидний хувьд бол сансрын хөлөг л гэсэн үг. Хэрэв хүний зохион бүтээсэн сансрын хөлөг биеэр жижиг ч гэсэн яг л дэлхий мэт юм юмтай бол, битүү систем бол, гадны нөлөөнөөс хамгаалагдсан бол хүмүүс бид галактик дотроо хэдэн ч зуун жилийн туршид “тэнүүчлэн” явах, зорчих боломжтой юм. Хүний хэрэглэдэг бүх зүйлс нэг төлөв байдлаас нөгөөд шилжин хадгалагдаж, нөхөн үйлдвэрлэгдэж байдаг болохоор хүмүүс сансрын хөлөг дотор хэрэглэсэн бүхнээ (амьсгалсан агаар, идсэн хоол, уусан ус) хэд ч дахин эргэлдүүлэн хэрэглэх боломжтой. Шээсээ цэвэршүүлж ус бэлдэх, өтгөнөө боловсруулж бордоо бэлдэх, хөлөг дотроо хүнсний ногоо ургуулах, амьсгалах агаараа бэлдэх, хэрэглэх энергиэ ч бэлдэх арга, технологи одоо ч гэсэн байгаа шүү дээ. Сансрын хөлөг нь жижигхэн дэлхий мэт байх боломж бодитой юм. Тусгаар байдлаа хадгалах чадвартай, өөрийгөө бүрэн хангах чадвартай, биеэ даасан битүү систем – “Хиймэл дэлхий” ирээдүйн сансрын хөлөг байх болно.

 

Ихэнх ургамлын хатуу үр, буурцаг, будаа, үр тариа олон зуун жил хадгалагдах, ургах чадвартай. Хатаасан мах, хуурай сүү, ааруул, бяслаг, сахар ч гэсэн хэдэн арав, зуун жилээр хадгалагддаг. 6-8 мянган жил хадгалагдсан үр тариа, буурцаг, хүнсний зүйл Египетийн пирамидуудаас гарсан юм. Тэд бүр ургах чадвартай байжээ.

 

Усыг задалж хий болгож (хүчилтөрөгч, устөрөгч), хийг нэгдүүлж ус болгож болно. Матери устаж үгүй болдоггүй болохоор хэдэн тонн ус, шингэрүүлсэн хий, хэдэн тонн хөрс нөөцлөөд, цөөн хэдэн хүнийг хэдэн арван жил хүнс, агаараар хангаад байж чадна. Нэг тонн усыг дан уур болгоод ашиглаж болно. Дан мөс болгоод ч ашиглаж болно. Бас дан цас болгоод ч ашиглаж болно. Хүмүүс уугаад ялгарсан шээсийг нь эргүүлээд цэнгэг ус болгоод ч дахин ууж болно. Материаллаг бүх юмсыг энэчлэн эргэлдүүлэн ашиглаж болно. Матери болон энергийн шилжих хадгалагдах чанар нь ингэхээр хоосон чанарын чанар болж байгаа юм. Дэлхийг яг таг дуурайлгаж мини дэлхийнүүдийг бүтээгээд сансрын аль нэгэн эрхсүүдэд дагуул болгон байрлуулах аваас тэдгээр нь хамгийн найдвартай тур баазууд болох биз ээ. Загасыг дуурайлгаж завь, хөлөг онгоц, шувууг дуурайлгаж нисэх онгоц зохион бүтээсний адилаар сарыг дуурайлгаж, дэлхийг дуурайлгаж сансрын хөлгүүд бүтээж болно оо доо. Хүмүүс бид олон гэр оронтой амьдрах хувьтай. Дэлхий гэж нийтийн том гэр байна. Улс орон гэгдэх удаах гэр байна. Унасан газар, угаасан ус, эцгийн гэр гэж байна. Удалгүй өөрийн гэртэй, үр хүүхэдтэй болдог. Цаана нь нарны систем гэх гэр буй. Томоор яривал манай галактик гэх гэр байна. Сансар хорвоогоор хөлөг онгоц мэт аялах биеэ бүрэн даасан, битүү, том хөлгүүдийг бүтээж чадвал хүн төрөлхтний үр удам мөнхөд үлдэх, амьдрах боломжтой болно. Ийм цаг ирнэ.

 

Хүн амьдрах боломжтой эрхсүүдийг удаа дараа, угсран залган нээцгээх байх. Амьдрах орон зай, нутаг усаа булаацалдах шаардлага үүрд устана. Дайн, дэлхийн дайны тухай дурсамж домог болж үлдэнэ.

 

Хүмүүсийн мөнхөд үлдэх, амьдрахын үндсэн, зайлшгүй нөхцөл бол сансар хорвоогийн бусад эрхсүүдээр тархан байрших явдал юм. Нэг гариг, эрхэс дээр хүн төрөлхтөн аюулд өртөж сөнөлөө гэхэд өөр гариг, эрхсүүд дээр үлдэж, хоцорч л байх ёстой. Тэгж байж л амьдрал, оршлоо мөнхөд үргэлжлүүлнэ. Дэлхий маань ч мөнх настай биш. Дэлхий дээрх нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болно. Хүн амьдрах аргагүй болчих аваас бид дэлхийг сөнөхөөс өмнө сөнөнө. Яг л динозаврууд устсан шиг. Ингэхлээр “запаас дэлхий” заавал хэрэгтэй. Аль болохоор л эртхэн запаасаа олох, бэлдэх, нэг хэсэг нь тэнд амьдардаг байх ёстой. Олон запаастай болж байж л хүн хэмээх оюун ухаантай амьтан мөнхөд үлдэнэ. Гэтэл өнөөдөр бид дэлхийгээс 400.000 орчим километрийн алсад байгаа ганц дагуул болох сар дээрээ ч гэр оронтой болж чадаагүй байна. Энэ бол том дутагдал. Нарны дагуул болсон гараг болгон дээр гэр оронтой, лабораторитой, бүр тур баазуудтай болох хэрэгтэй. Зарим дээр нь мэдээжээр ингэх боломжгүй байх л даа. Гэхдээ мөрөөдөхөд мөнгө төлдөггүй, мөрөөдөл бол бүхний эхлэл болдог...

 

Материаллаг ертөнцөд мөнхийн зүйл гэж үгүй. Үүсэх ба эвдрэх, орших ба устах процесс бүхий л биет, бүх системд мөнхөд үргэлжилдэг. Ингэхлээр манай нарны систем ч мөнх бус, нар өөрөө ч мөнх бус. Дэлхий маань ч мөнх бус. Дэлхий мөхөхөөс өмнө шилжин нүүдэллэж эс чадваас хүмүүс ч бас устана. Тэдний бүтээсэн бүхэн ч мөн устана.

 

Хүн хэмээгдэх биологийн нэгэн зүйл амьтан гагцхүү оюун ухааныхаа хүчээр, нэг гараг, эрхсээс бусад руу нь шилжин байрших аргаар л амьдрал, оршлоо мөнхөлж болох юм. Үүний тулд бурхдад байдаг мэтээр ойлгодог тэр хүч чадал, ид шидийг хүмүүс өөртөө буй болгох хэрэгтэй. Энэ хэрэгт хүмүүст зөвхөн шинжлэх ухаан л тусалж чадна. Тэгэхлээр шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгт өндөр боловсролтой олон хүн, их хэмжээний хөрөнгө мөнгө байнгад шаардагдах нь тодорхой байна. Өнөөдөр болон маргаашийнхаа л хэрэглээ, хэрэгцээ, сонирхолд хөтлөгдсөн амьдралаар бүх үеийнхэн насаа элээгээд байх аваас хүн төрөлхтний ирээдүй гагцхүү мөхлөөр л төгсөх нь тодорхой. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ өөр галактикаас, өөр гарагаас оюун ухаант амьтад (хүмүүс) ирээд бидний хувь заяа хачин сониноор эргэж бас болох юм. Энэ тохиолдлыг үгүйсгэх аргагүй билээ. Харь гарагийнхны талаар хүмүүсийн дэгдээдэг цуурхал одоохондоо бүгд л худлаа л даа. Харин алс ирээдүйд бид жинхэнээсээ харь гарагийнхантай уулзаж болно. Тэд ирж биш бид очоод уулзаж ч болох юм.

Судлаач, профессор Д.Чулуунжав