Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа АТГ-т шалгагдаж дуусаагүй байхад ахлах зөвлөх Л.Гансүх нь төсвийн мөнгө завшсан хэрэгт холбогдон шалгагдаж эхлээд байна.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах газрын албаны дарга Д.Амарбат баасан гарагт мэдээлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гэр хорооллын иргэдэд зориулсан “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байна. Уг хэрэгт түүний туслах болон ах дүү, төрөл садангийн хэд хэдэн хүн оролцсон байж болзошгүй байгаа” гэсэн юм.

Ерөнхий сайдын охин А.Саранзаяад холбогдох хэрэг гурван сарын өмнөөс олон нийтэд ил болсон. Хэргийг шалгах ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байна. Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдох хэргийн талаар АТГ-аас мэдээлэхдээ “Ерөнхий сайдын охин А.Саранзаяа гэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байгаа. Түүнийг “Цэвэр агаар сан”-гийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаа нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Ямартай ч  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа, ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэрэг АТГ-т шалгагдаж байгаа нь үнэн гэдгийг албаны хүн дахин баталлаа. 2013 оны оны сүүлээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан хүргэн Г.Дэнзэн нь 17 тэрбумын хэрэгт холбогдон ажлаасаа чөлөөлөгдөж байсан билээ. Гэхдээ түүнийг ийнхүү ажлаас нь чөлөөлсөн ч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон байдаг.

Н.Алтанхуяг анх Ерөнхий сайдын сэнтийд залрахдаа хууль бус үйл ажиллагааг "үзэн ядна" гэдгээ хэлсэн. Ийм гэмт хэрэгтэй эвлэрч  чадахгүй шударга хүн гэдгээ ч тунхагласан. Гэтэл түүний хэлсэн үг, тунхаглал нь тийм ч хол явалгүй өөрийнх нь үнэн нүүр царайг олны өмнө ил болгоод байна.  Үнэхээр шударга бус үйлдлийг үзэн ядах байсан бол хүргэн Г.Дэнзэнгээ дахин албан тушаалд томилохгүй л байсан болов уу. 

Төсвийн мөнгөнд “шунасан” тойрон хүрээлэгчидтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёстой л “цайрна” гэгч болсон бололтой. Түүнээс биш  үр хүүхэд, садан төрлийнхөн нь албан тушаалыг нь ашиглан улсын мөнгө хувьдаа завшиж, татвар төлөгчдийн мөнгөөр наадаж байхад жишим ч үгүй суух Ерөнхий сайд дэлхийд байх болов уу.

 

Н.Чинзориг