УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хуулийн төсөл болон “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боловсруулж байгаа билээ.

Уг хуулийн төсөл нь мөн чанартаа бол “Казиногийн хуулийн төсөл”-ийн нэрийг өөрчилж, зарим заалтыг нь шинэчилсэн хувилбар аж.

Өөрөөр хэлбэл 2022 онд өргөн баригдсан “Казиногийн тухай хуулийн төсөл”-ийн “Казино” гэх нэр томьёог “Бооцоот таавар, хонжворт сугалаа”-ны тухай хууль хэмээн нэрлэх замаар олон нийтийг хуурчихаж болно гэж үзсэн хэрэг.

 

Тэгвэл Монголд казино Монголд хэрэгтэй гэж үү?

 

Анх Казиногийн тухай хуулийг УИХ 1998 онд баталсан. Хуулийг санаачилж, батлуулсан УИХ-ын гурван гишүүнийг казиногийн лицензийг хууль бусаар олгосон хэрэгт сэжиглэж байсан тул 1999 онд уг хуулийг хүчингүй болгосон.

1998 онд батлагдсан Казиногийн тухай хуулийг эсэргүүцэж байсан УИХ-ын гишуун Т.Шаравдорж 2007 оны дөрөвдүгээр сард гэнэт Засгийн газарт Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг гадаадын "Морин нуур" цогцолбор компани" (АНУ) компанид ашигтайгаар санаачилсан гэж хардаж байсан юм. Хуулийн төсөлд олон хачирхалтай заалтууд байсан ба жишээлбэл, З0 жилийн дотор Казиногийн онцгой бүсээс 300 километрийн зайд ойр казино байгуулж болохгүй гэх мэтээр монополийг дэмжсэн байв.

2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав Казиногийн хуулийн төслийг дахин өргөн барьсан. Түүнийг Хан Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа казино байгуулахын тулд "Морин нуур" цогцолбор компани" (АНУ) компанид нууцаар газар олгосон гэх яриа ч гарч байсан. Үнэхээр ч Д.Загджав "Маху ресурс" компаний төлөөлөгч Аллен Гинсбергтэй уулзаж, хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Казиногийн тухай хуулийн төсөл өргөн барьсан Д.Загджав гишүүнийг авлига авсан гэж олон нийт хардаж байсан ба хуулийн төсөл дэмжлэг авч чадаагүй юм.

Үүнээс хойш 2015, 2016 онд казино байгуулах саналыг Засгийн газраас дэвшүүлж байсан ч ажил болоогүй.

 

Казино байгуулах гол зорилго нь эдийн засгаа сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэдэг гэдэг. Гэвч инфляцийн өсөлт, валютын нөөцийн хомсдол, төгрөгийн ханш үргэлжлэн сулрах зэрэг эдийн засгийн хямралыг даван туулахад казино үнэхээр тусалж чадах уу?

 

Казино үндэсний эдийн засагт төдийлөн хувь нэмэр оруулдаггүй. АНУ-ын Рокфеллерийн хүрээлэнгийн онцолсноор урт хугацаанд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанаас тус улсад авчирсан орлогын өсөлт удааширч, бүр буурч байжээ.

Мөн зарчмын хувьд казино нь эдийн засгийн шууд бус өгөөжөөс гадна ресторан, баар, жижиглэнгийн худалдааны дэлгүүр зэрэг бусад төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Гэхдээ эдгээр холбогдох үйлчилгээний салбарыг казинотой харьцуулахад зөвхөн туслах салбар гэж үзэж болно. Зочид бусад чөлөөт цагаа өнгөрөөх үйл ажиллагаанаас илүү казинод мөрийтэй тоглоом тоглоход илүү их цаг зарцуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн казино нээгдсэний дараа бусад үйлчилгээний газруудад хүмүүc бага мөнгө зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, казино байгуулснаар эдийн засгийн үр өгөөж нь зөвхөн тодорхой компани л хүртэх боломжтой ба уул уурхай, мал аж ахуй зэрэг Монгол Улсын үндэсний эдийн засгийн тулгуур салбаруудад ашиг тусаа өгөх боломжгүй.

 

Түүнчлэн казинотой орнуудын оршин суугчид нь өөрсдөө мөрийтэй тоглоомд донтох эрсдэл эрс нэмэгдэх, гэмт хэргийн гаралт нэмэгдэх, нийгмийн хэв журмыг ноцтой алдагдуулах сөрөг үр дагавар дагуулдаг.

 

Мөн казино бол мөнгө угаах хамгийн тохиромжтой газар байдаг.

2022 оны б-р сард Австралийн казиногийн хамгийн том "Star Entertainment Group" их хэмжээний мөнгө угаасан хэргээр 62 сая долларын торгууль төлсөн аж. 2022 оны аравдугаар сард Мьянмарын казино нь криптовалютын луйвар, хүний наймаа зэрэг үйл ажиллагаанд оролцдог тул тус улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хар жагсаалтад оруулсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. 2023 оны гуравдугаар сард АНУ-ыін Вашингтон мужийн казинонууд хар тамхины бүлэглэлүүдэд нэг сая доллар угаахад тусалсан хэрэг гарч байв.

 

Өөрөөр хэлбэл П.Сайнзоригийн санаачилсан "казиногийн хууль" Монголд сайн биш саар үр дагавар авчрах нь илэрхий байгаа бус уу?

 

С.Сарнай

sonin.mn