Автомашин худалдан авахад улсын дугаартай болох шиг амархан зүйл үгүй байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр иргэдэд улсын дугаар авах шиг хүндрэлтэй зүйл алга. Яаж ч бодсон бараг үнэгүй авдаг байсан улсын дугаарт одоо 800.000 төгрөг төлдөг болчихоор иргэд бухимдах нь аргагүй.

Тиймээс бодит нөхцөл байдлыг тодруулахаар автомашины худалдан авалт ид өрнөж байдаг “Да Хүрээ” захыг зорилоо. Хүний хөл тасардаггүй энэхүү зах намуухан, сэлүүхэн байна. Энд машины ченжүүдээс өөр хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй байх.

Ингээд “Да хүрээ” захын ченжүүдийн байр суурийг сонслоо.


-Улсын дугаар авахад 800.000 төгрөгөөс эхэлж байна уу?

-Үгүй ээ. Сарын өмнө 800.000 төгрөгийн үнэтэй байсан. Одоо бол 1.000.000 төгрөгөөс эхэлж байгаа. Зүв зүгээр, үнэгүй шахуу өгдөг байсан номерыг ийм ханштай болгочихлоо. Энэ шийдвэрийг манай оронд хэрэгжих боломжтой гэж бодсон хүмүүс үнэхээр бодит амьдралаас тасарчихсан байдаг бололтой. Өмнө нь улсын дугаар авахад хамгийн ихдээ 30 минут хүлээдэг байсан бол одоо авч чадахгүй болчихсон. Сүүлдээ бид арга ядаад номер худалдан авах мөнгийг нь машины үнэдээ шингээгээд заръя гэхээр манай тэрэгнүүдийг шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй байна гээд шууд буцаадаг. Нөгөө улсын дугаар олгоход хангах ёстой гээд найман шалгуур үзүүлэлт гаргачихсан даа. Тэр шинээр гаргасан шалгуур үзүүлэлтэд нь манай захын нэг ч машин тэнцэхгүй. Хятад машин л тэнцэнэ шүү дээ. Хамгийн наад зах нь гэхэд манай машинуудын жолооны хүрд нь тэнцэхгүй гээд бод доо. Хятад машины жолооны хүрд зөв талдаа болохоор биднээс түрүүлээд номероо авчихдаг. Тэгэхээр энэ чинь монголчууд чанартай, баталгаатай, бат бөх машин унахгүй ээ гэсэн үг. Монголоос бусад бүх орон Хятадын чанар муутай машиныг оруулахгүй байхад манайхан тэдэнд зориулж хууль гаргаад байх юм. Одоо хүний амь нас эрсдэхэд хүргэсэн машинуудын бичлэгийг фэйсбүүкээр үзэхээр бүгд урдаас орж ирсэн тээврийн хэрэгслүүд байх жишээтэй. Одоо бол хятад машин зах зээл дээр хамгийн гүйлгээтэй байгаа. Хамгийн хурдан номер авдаг учраас тэр шүү дээ. Үүний араас “Таван богд”-ын машин орно. За, ингээд энэ хоёрын араас бол ямар ч машин номер авч чадахгүй шүү дээ. Буцаагдана. Хүлээгээд л байна. Хэзээ түүнд нь тэнцэж номертой болох юм бүү мэд.

-“Да хүрээ” бол хүний хөлд дарагддаг тоотой хэдхэн захуудын нэг. Улсын дугаарын үнэ ханшаас үүдэн иргэдийн худалдан авалт багассан уу?

-Одоо иргэд энд ирэхээс бүр залхсан. Ганцхан улсын дугаарт мөнгө төлөхгүй шүү дээ. Жишээ нь, чи 1.000.000 төгрөгийн номер авлаа гэж бодъё. Өмнө нь нэг л гэрчилгээнд мөнгө тушаадаг байсан. Гэтэл одоо тухайн таван төрлийн гэрчилгээнд мөнгө төлдөг болчихлоо. Нэг гэрчилгээ нь гэхэд 48000 төгрөгөөс эхэлж байгаа юм. Тэр таван гэрчилгээ бол угтаа өмнө нь байсан нэг гэрчилгээг хэсэг, хэсэг болгоод хуваачихсан хэрэг. Мөнгө олох арга нь юм уу, бүү мэд. Хэдэн ченжүүд нь бие биенээ хараад л өдрийг авч байна даа. Одоо удахгүй өдөр уртас на. Цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл яадаг байгаа юм. Иргэн хүнийхээ хувьд санал бодлоо хэлэхэээр “Хэдэн халтар ченжүүд юугаа мэддэг юм” гээд авч хэлэлцэхгүй. Бидний тооцооллоор ирэх дөрөвдүгээр сар гэхэд улсын дугаарын үнэ 1.5 сая болох нь.

Иргэн А.Батаас дээрх асуудлын талаар тодруулав.


-Өмнө нь улсын дугаар авахад ямар байсан бэ?

-Амархан байсан. Ерөөсөө л 30 минутын ажил байлаа шүү дээ.

-Тэгвэл одоо хүндрэл хэр байна вэ?

-Одоо бол бидэн шиг хүмүүст номер олдохгүй болсон. Уг нь машин худалдаж авах санаа байгаа ч давхар өөр зүйлд мөнгө төлөх болохоор харзнаад байна. Өмнөх шигээ хэвийн болчихдоггүй юм болов уу гээд бодох юм. Гэтэл яг эсрэгээрээ өдрөөс өдөрт улсын дугаарын үнэ тэнгэрт хадаад байдаг. Яг автомашин худалдаж авах гэхээр таван гэрчилгээ, дугаарын үнэ зайлшгүй төлөх ёстой. Бүр цаашилбал, улсын дугаар олдохгүй болох нь. Энэ хэдэн ченжүүдийн машин нь шалгуур үзүүлэлтэд нь тэнцэхгүй гэнэ. Тэгээд хаанаас орж ирдэг, ямар машин тэнцдэг юм бол доо. Үнэхээр бухимдалтай байна. Уг нь бидний ажлыг хөнгөвчлөх ёстой байтал улам хүндрүүлээд байх юм хэмээв.

Өдөр дундаа орж байхад машин сонирхсон хүмүүсийн тоо ихсэхгүй л байв.

А.Даваадулам