Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах багийг сонголоо.

Тодруулбал, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан “Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байна. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг холбогдох албаныханд санууллаа.

Өнгөрсөн жилийн баяр наадмын арга хэмжээний гүйцэтгэлд алдаа дутагдал их гарсан учраас бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар боллоо. Түүнчлэн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулах асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар гаргаж, төсөвт өртөгтөө багтааж зохион байгуулахыг салбар хороодын дарга нарт даалгалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын бэлтгэлийн явцтай зургаадугаар сарын 15-нд танилцахаар тогтлоо” гэв.