УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ.

Эхний өдрийн сонсголын үеэр хэн, хэн юу өгүүлснийг  БАЙР СУУРЬ булангаараа онцлон хүргэе. 

 

2025.04.09-нд эдгээр тусгай зөвшөөрлийг стратегийн ордод хамруулжээ. Ингэснээр эдгээр ордын 34 хувийг төр эзэмших үү эсвэл энэ хувиа АМНАТ-аар орлуулах уу гэдгийг УИХ шийднэ. 
    
"Онтрэ" ХХК Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргах эрхтэй. Мөн "Оюутолгой" эдгээр тусгай зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын гэрээнд хамруулах хүсэлт гаргах эрх нь мөн нээлттэй гэж шинжээч танилцуулав.

Гэрчээр Ерөнхийлөгч асан, ҮАБЗ-ийн гишүүн асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Тэргүүн Шадар сайд асан Н.Алтанхуяг, "Эрдэнэс Монгол" компанийн захирал асан Т.Энэбиш, Хууль зүйн дэд сайд асан Б.Солонго, "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан, ОТ ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат нар гэрчээр оролцохоор иржээ.           

Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр: Би сайн санахгүй байгаа ч тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Хөрөнгө оруулалтын гэрээг ҮАБЗ-д хэд хэдэн удаа танилцуулсан С.Баяр улайрсан байдалтай байв. Би гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байсан тул эхлээд энэ төслийг дэмжсэн. 51/49 хувиар хувьцаа эзэмших санал гаргахад бүтэхгүй гэсэн. Тэгвэл аажмаар Монголын Засгийн газрын эзэмшлийг 51 хувьд хүргэе гэтэл бас боломжгүй гэхэд нь С.Баяр Ерөнхий сайдтай санал зөрсөн. Тэгвэл та өөрөө энэ гэрээг байгуул гэж надад хэлж байв. 

Манай улсад ашигтай гэрээ хийхгүй юм байна гэж бодоод би гэрээг буцааж байв. Би худлаа яриагүй. Тухайн үед "Онтрэ" гэж нэр огт гараагүй, энэ гэрээний нэг хэсэг байгаагүй.  

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Гуя дагаад хүзүү гэгчээр Оюутолгойг дагуулаад Онтрэ-г бид үнэгүй өгөх юм уу? 2007 онд Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг их сайн хуулийн төсөл боловсруулсан ч 2008 онд татан авсан юм билээ. С.Баярцогт сайд та одоо ном үзүүлээд загнаад байх хэрэггүй. Энэ тантай яах аргагүй холбоотой. Энэ асуудлын улмаас хэдэн жилийн дараа хэн нэгэн хариуцлагаа хүлээх байх. Онтрэ төсөл хэрэгжүүлэх чадвартай компани мөн үү? 

Н.Энхбаяр: Рио Тинтог шүүмжлэхээс илүүтэй бид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх ёстой. 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж, би ялагдаад энэ гэрээг байгуулсан. Би Ерөнхийлөгч байсан бол энэ гэрээг байгуулахгүй байв. Одоо нэгнээ буруутган, элдвээр хэлэхээс илүүтэй засъя.  Хөрөнгө оруулалтын биш Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь илүү зөв. Рио Тинто бол колонийн үед байгуулагдсан, олон жилийн түүхтэй компани. Тэдний ядуу орнуудад тавьдаг болзлыг бид хүлээгээд авчихсан нь бидний буруу.   

Сангийн сайд асан С.Баярцогт: Би энд маш олон зүйлийг ярьж чадахгүй байгаа. Яагаад гэвэл Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш олон зүйл байгаа. Үр өгөөжийн асуудлыг ярих үед би өөрийн санаж байгаагаа баасан гарагт хэлэх болно. Хаалттай хурал хийх ёстой. Тэгвэл би хаанаас ямар шахалт дарамт ирээд үүлэн чөлөөний нар шиг юман дундуур яаж бид энэ гэрээг баталсныг ярина. Өмнөх хоёр гэрээ яагаад унасан юм. Яагаад цаг алдаад байсан юм. Эс үйлдэл, үйлдэл хоёр хоёулаа үр дагавартай.

Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг: Тийм зүйл байсныг одоо сонсч байна. Тэргүүн шадар сайдад танилцуулагддаг Оюу толгойн асуудал тэр үед байгаагүй. Би бас мартсан байна. Д.Зоригт сайд миний хажууд байна, та бүхэн тодруулна биз. Би нэг зүйл хэлье. Би Оюутолгойн гэрээ байгуулагдаж байхад Тэргүүн Шадар сайдаар ажилалж байсан. Хувь хүний хувьд томоохон хөрөнгө оруулалт оруулж ирэхийг дэмжиж байсан. Гэхдээ хувь процентийг тал талдаа ярьж байгаад шийдсэн асуудал. 2012 онд Ерөнхий сайд болоод одоо Оюутолгойн гэрээ юу болж байна, 34 хувийн ашиг байна гэж асууж тодруулж байсан. Анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн байсан. Энэтэй холбоотой олон зүйл болсон. Би Ерөнхий сайд болоод хоёр сарын дараа захирамж гаргаад Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулъя, энэ дээр ажиллах ёстой гээд захирамж гаргаад дөрвөн сайд оролцсон ажлын хэсэг байгуулсан. Энэ бол ноцтой асуудал үүсгэсэн. Ингээд манай Засгийн газар руу гал ирж эхэлсэн. Дараа нь юу эхэлсэн бэ гэхээр 2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг суулгаж байгаад Их хурал дээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг тодруулъя, лицензтэй холбоотой маргаан үүссэн. “Онтрэ Гоулд” компанийн ашиглалтын лиценз хууль зүйн дагуу мөн үү гэдгийг тодруулах хэрэгтэй гэсэн. Ийм гурван асуудлыг чуулган дээр ярьж тавьсан.

Сангийн яамны ТНБД асан Ч.Хүрэлбаатар: 2007 болон 2009 оны гэрээ хоёр өөр нөхцөлд байгуулагдсан шүү гэдгийг хэлье. 2007 онд Миеэгомбын Энхболдыг Ерөнхий сайд байхад хэлэлцээр хийх ажлын хэсгийг Сангийн яамны ТНБД байхдаа ахалж байлаа. Богино хугацаанд Монгол Улсад хэрэгтэй хөрөнгө оруулалтын гэрээг оруулж ирсэн. Тэр үед дэлхийн эдийн засгийн өсөлт 4.4 хувьтай байлаа. Зэсийн үнэ ч 8000, 9000 гарчихсан байсан. Хэлэлцээр хийхэд таатай нөхцөл үүссэн байсан. Монголд ашигтай зүйлсийг шахаж оруулахад амархан байсан. Амархан ч юу байхав. 2007 оны гэрээнд 34 хувийг Монголын Засгийн газар үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах заалт байсан. Дээр нь зэс хайлуулах үйлдвэр барих. Харамсалтай нь, УИХ Хөрөнгө оруулалтын гэрээг унагаасан. Тухайн үеийн сөрөг хүчнийг би зарлаж чадна. Арай дэндүү байсан шүү. Зааланд оруулж ирээд биднийг элдэв бусаар л хэлж байсан. Би тэр үед ЗГХЭГ-ын дарга байгаагүй. Долгор гэдэг хүн байсан гэдгийг хэлье. Санжийн Баяр гэдэг Ерөнхий сайдтай байлаа. Зэсийн үнэ 3000 доош орчихсон хүнд үед оруулж ирж батлуулж байсан.

 

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Сонсгол хийх нь зүйтэй ч цаашид анхаарах ёстой зүйл байна. Энд 300 хүн дуудаад 17, 18 жилийн өмнөх асуултыг мэргэжлийн хүмүүс тавиад ямар ч материалтай танилцах боломжгүйгээр асуулт тавьж байгаа нь дутагдалтай байна. Та нарын ажилд нэмэр болох үүднээс энэ хүмүүс материалаа үзэж танилцаад хариултаа бэлддэг байвал та нарт хэрэгтэй. 20 жилийн өмнөх техникийн шинж чанартай асуултуудад урьдчилж материалтай танилцах боломж олгож байгаач ээ гэх хүсэлт байна.  2012 он дуусахад нэг өрхийн мөнгөн орлого 627 ам.доллар болж дөрвөн жилийн дотор нэг өрхийн мөнгөн орлого нэг бүтэн нугарсан.

Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн "Хэрэв Оюу толгойн гэрээ хийгдээгүй бол дэлхийн эдийн засгийн хямралд Монгол Улс ямар хэмжээнд өртөх байсан талаар урьдчилсан тооцооллыг тухайн үед та бүхэн гаргаж байсан уу?" гэх асуултад тэрбээр "2008 оноос дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрч байсан. Гэрээ байгуулж байсан 2009 онд эдийн засгийн хямрал ид өрнөж байсан цаг үе. Монгол Улсын эдийн засгийн өсөлт анх удаа 2009 онд хасах хувьтай гарч байсан. Ажлын байр, төсөв, татварын орлого гээд бүгд тасарч байсан. Биднийг ажил авч байхад 2008 онд нэг өрхөд ногдох мөнгөн орлого 326 ам.доллар байсан нь эрчимтэй буурч маш хүндэрч байх үед уул уурхайн томоохон төслүүд цааш явснаас хойш 2012 он дуусахад нэг өрхийн мөнгөн орлого 627 ам.доллар болж дөрвөн жилийн дотор нэг өрхийн мөнгөн орлого нэг бүтэн нугарч сайжирч байсан. 

Энэ гэрээнүүд хэрэгжээд хөрөнгө оруулалт нь орж ирж байсан болохоос биш төсвийн орлого нь орж ирээгүй байсан. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын төсвийн орлого 2 их наяд байсан бол өнөөдөр 30 их наяд болж 15 дахин өссөн байна. 

Тухайн үеийн эдийн засгийн байдал маш хүнд дэлхийн эдийн засгийн хямралтай тэр үед Засгийн Газар ажлаа аваад Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах үндсэн арга хэрэгсэл нь томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулаад эдийн засгийн өсөлтийг сэргээх ёстой гэсэн зорилгодоо хүрч байсан. 2011 онд 17.5 хувийн эдийн засгийн өсөлт гарч байсан" хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн, Хяналтын сонсголын ажлын хэсгийн ахлагч Э.Батнайрамдал: Хянан шалгах хороо хуралдаад 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Нийтдээ 12 удаа хуралдсан. Та бол анхны Монгол захирал, баяр хүргэе. Бид түр хороо мөртлөө байнгын хороо шиг 7 хоног болгон хуралдсан. Учир нь бидэнд маш олон асуулт байсан учраас бид нар хэлэлцэх асуудал ч их байлаа. Нийтдээ бид 28 орчим төрийн болон холбогдох байгууллагын төлөөлөлттэй уулзсан. Энэ дунд нэг байгууллагад 6 удаа санал тавьсан боловч хүлээж аваагүй. Парламентын хяналтын хороо дуудаж байхад ирэх ёстой. Парламентыг үл хүндэтгэнэ гэдэг байх ёсгүй зүйл. Оюу Толгой компанийг бид хүрэлцэн ирж албан ёсоор хариулт өгөөч ээ гэж дуудахад парламентыг үл хүндэлж ирээгүй. Яагаад ирээгүй вэ.

Энэ шийдвэрийг та гаргасан уу. Энэ талаар та тайлбар өгөх ёстой. Оюу Толгой-н орд бол ард түмний өмч. Ард түмний төлөөлөл болсон Хянан шалгах хороо дуудсан юм. Бид Хянан шалгах хорооны хурал дээр 92467 хуудас нотлох баримтыг бид цуглуулсан. Гэвч харамсалтай нь 54 хувь нь маш нууц, байгууллагын нууц, төрийн нууц гэсэн тамга дарагдсан учраас бид энэ талаар нээлттэй ярьж чадахгүй, өнөөдрийн сонсгол дээр ярьж чадахгүй байна. Яагаад хуудас болгон дээр нууцны тамга дарсан юм бэ. Ард түмний мэдэх эрхийг хангах ёстой. Та шинэ захирлаар ирээд хэд хэдэн мэдээлэл өгсөн байна. Тухайлбал, нэг сайтад өгсөн мэдээлэлдээ Оюу толгойн өр бол монголын өр биш гэж та ярьсман байна. Яагаад өр биш байдаг билээ. Таниас эдгээр асуултуудад хариулт авмаар байна.

“Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Би хоёр долоо хоногийн өмнөөс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон. Албан ёсоор 2-р сарын 1-ээс үүрэгт ажлаа хүлээн авна. Оюу Толгой-н төслийн 20 жилийн түүхийг би нарийн мэдэхгүй. Техникийн мэдээллийг нь бас сайн мэдэхгүй. Түр хорооны хуралдаанд яагаад ирээгүй вэ гэдэгт, компани дотроо хуралдаад багийн шийдвэр гаргасан. Яагаад оролцохгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн. Ингэхдээ

  • 1-рт, Онтрэ болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хэлэлцээр эхэлж байсан. Хэлэлцээрийн тактикт талуудын байр суурь, хэлэлцээрийг үр өгөөжтэй байлгах тал дээр Засгийн газартай хамтран ажиллахдаа олон газар мэдээлэл гаргахгүйгээр, буурь суурьтай байх үүднээс нээлттэй хурал дээр энэ талаар ярих нь зохисгүй юм болов уу гэдэг үүднээс шийдвэр гаргасан байгаа.
  • 2-рт, Компанид өөрчлөлт орж, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн. Мөн бидэнд тодорхойгүй зүйлүүд байсан учраас дотолд шалтгаанаар оролцох боломжгүй юм байна гэж үзсэн.
  • 3-рт, Компани дотор ажилд ирэх дуудагдах хүмүүст бас тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан зүйлүүд бий.

Манай ажилтнуудын зүгээс иргэний хувиар хурц үед телевизээр гармааргүй байна гэдэг байр суурь илэрхийлсэн. Хувь хүний ийм байр суурийг компаниас шахаагүй. Шинжээч нартай уулзаж, тулж бүх тооцоолол зэрэг олон асуултуудад хариулт өгөөд явсан. Компанид нээлттэй мэдээллүүд бий. Зарим нь олон нийтэд шаардлагагүй мэдээллүүдийг хэлж байгаа юм. Гэхдээ бидний зүгээс холбогдох бүх бичиг баримт болон шаардлагатай материалуудыг өгсөн.

Э.Батнайрамдал: Танай дотоод үйл ажиллагааны асуудал байж болно. Гэхдээ Хянан шалгах хорооны ажилд энэ нь хамаарахгүй. Бид өнгөрсөнд болсон үйл явдал дээр ажиллаж байгаа болохоос ирээдүйд болох асуудалд оролцох гээгүй шүү дээ. Бид гол нь Хянан шалгах түро хорооны хурал дээр ирээд Оюу толгой компанийн байр суурийг илэрхийлээч ээ л гэсэн юм. Бүр болохгүй бол та бүгд рүү тусгай хамгаалалт явуулах уу гэж хүртэл ярьсан.

Гэтэл олон нийтийн төлөөлөл болж байгаа парламентын Хянан шалгах хороог үл хүндэтгэж байгаа нь дараагийн 30 жилдээ партнер болж ажиллахад ус асгаад байна л гэж харлаа. Сүүлд нь нэг сонсгол дээр ирж байна. Уг нь хэн нэгэнтэйгээ муудалцах гээд байгаа асуудал биш юм шүү. Бид бол Оюу Толгой-г эзэмшээд явж байгаа хоёр талын л төлөөлөл. Компанийн дотоод асуудлын хүрээнд 35 мянган хуудас материал нууц хэвээр үлдэж байгаа юм байна гэж ойлголоо. Тэр байтугай хянан шалгах хорооны даргад илгээсэн захидал дээрээ хүртэл “НУУЦ” гэж тамга дарах шаардлага байсан уу. Шаардлагагүй юмыг нууцлах хэрэг байсан уу.

“Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Яагаад нууцын тамга дарчихсан юм бэ гэж та сая асуулаа. Учир нь энэ бол компанийн дотоод баримт бичиг байгаа. Компанид олон нийтэд мэдээлэх зүйл, олон нийтэд мэдээлэх шаардлагагүй мэдээлэл гэж бий. Тэгэхээр энэ бол нууц гэхээсээ илүү олон нийт мэдээд шаардлагагүй мэдээлэл юм. 

"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: С.Мөнхсүх захирал хүч түрсэн шийдвэрийг ОТ ТУЗ гаргадаггүй гэж өнөөдөр үдээс өмнө хэлсэн нь худлаа. "Онтрэ"-гийн хоёр тусгай зөвшөөрлийг ОТ руу шилжүүлэх тогтоолыг хүч түрэн гаргасан. Арбитрын шүүх эдгээр лицензийг ОТ руу шилжүүлэх шийдвэрийг яг нэг жилийн өмнө гаргасан. Ингэхдээ Монгол Улсын хуулийн дагуу байх ёстойг шүүгч онцолсон. Тэр шүүх хуралд Монголын Засгийн газрын төлөөлөл оролцоогүй. Шүүгч нь гайхаад "Нэг нь лицензээ өгөх, нөгөө нь авах хүсэлтэй юм бол яагаад та нар шүүхэд хандав" гэсэн юм.   

"Хайгуулын хоёр лицензийг сунгах, ашиглалтын лиценз болгохдоо хууль зөрчсөн гэдэг ноцтой мэдээллийг би өнөөдөр харж байна" гэж С.Мөнхсүх захирал хэлсэн нь бас л худлаа. Би энэ асуудлаар удаа дараа хэвлэлд ярилцлага өгсөг. Компанийн асуудлыг ил тод гаргалаа хэмээн Оюутолгой Засгийн газарт гомдол гаргасан байсан. Монголчууд эдгээр лицензийг ярилцах, мэдэх эрхтэй гэв.

УИХ-ын гишүүн Э.Болормаа "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн даргад хандан дараах асуултыг тавив. "Онтрэ" компанийн хоёр тусгай зөвшөөрлийн тухай шүгэл үлээсэнд нт та хорсож, Э.Баясгаланг ТУЗ-ийн гишүүнээс татах албан бичгийг Засгийн газар руу явуулсан уу?  
-Би ТУЗ-ийн дарга болохоос өмнө ТУЗ-ийн гишүүн зарим мэдээллийг ил болголоо гэсэн гомдлууд ирсэн байв. Тэдгээрт нэр дурдаагүй байв. ТУЗ-ийн бүх гишүүнд биеэ зөв авч явахыг сануулсан агуулгатай байв. 

         

Дашрамд дуулгахад,  Өнөөдөр сонсгол болохгүй. Энэ долоо хоногийн лхагва болон баасан гарагуудад үргэлжлээд дуусахаар товлогдсон юм.

  • 2025.12.10-ны өдөр буюу лхагва гарагт: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар;
  • 2025.12.12-нд буюу баасан гарагт: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл) болно.

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байгаа билээ.