МАН-ынхан өнгөрөгч зургадугаар сард айхтар алдаа хийсэн юм. Өмнөхөө унагаад өнөөгийн Ерөнхий сайдыг сонгохдоо УИХ-ын гишүүн биш хүнийг томилсон. Олон гишүүн болон улстөрчид: УИХ-ын гаднаас Ерөнхий сайд томилох нь тогтвортой Засгийн газрыг бүрдүүлж чадахгүй гэж хэлж байсан. МАН-ынхан энийг: Муусайн юмнууд муулж байна гэж үзсэн байх. Г.Занданшатар ч тэгсэн биз.

Гэлээ чиг цаг хугацаа явах тусам тэр үг үнэн байсныг нотолж байна. Г.Занданшатарын рейтинг тэрүүхэн томилогдох үедээ өгсөж ирээд дан уруудаж байгааг судалгаанууд харуулсаар. Тэрийг нь дагаад МАН-ын рейтинг уруудсаар. Маргааш сонгууль болвол МАН унана. МАН унавал энд Ерөнхий сайд хийж байгаа Г.Занданшатар буруудахгүй. Тэнд УИХ даргалж байгаа Н.Учрал буруудаж хариуцлага үүрнэ. Хачин хамаарал биш гэж үү. Ядаж л: Г.Занданшатар ЕТГ-ын даргаас Ерөнхий сайдын суудал руу аваар осолгүй харайгаад томилогдохдоо аятайхан ам өгч байснаа биелүүлэхгүй байна.

Нэр дэвшигч Г.Занданшатар 25 оны 6 сарын 13-нд УИХ-ын чуулган дээр:

-Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг эн тэргүүний зорилтоо болгож шударга, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллана.

-Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийж, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлж буй татварын дарамтыг багасгах, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой хэсгийн татварыг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргаа дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

-Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийнэ.

-Халамжаас хөдөлмөр гэсэн уриаг хэрэгжүүлж, хөдөлмөр хийж буй бүхнийг дэмжинэ.

-Хөдөлмөрлөж буй иргэд, ажлын байр бий болгож байгаа баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

Мөн ч гоё амлалт. Тэрнээс хойш 6 сар өнгөрч. Хэдийг нь хэрэгжүүлсэн байна вэ. Энэ хэдийг дүгнэхэд л эсрэгээрээ шахуу явчихсан нь харагдана.

Эдийн засаг ийм болоод байтал томилгооноос өөрийг хийхгүй байгаа учир АН сануулга өгч, шаардлага гардуулсан. Сөрөг хүчний л ажил үүрэг. Гэвчиг: Г.Занданшатар тэрийг өөрт ашигтай улс төр болгохыг оролдов. Сошиалаар нэг: Манай дарга мад тавилаа гэдэг мэдээг битүү цацлаа. Улс төрийг харж явдаг хүний хувьд энэ санаандгүй гарчигнууд биш. Гэлээ гэхдээ: Гарчигт гомдоод ач холбогдол өгөөд байгаа хэрэг биш. Ерөөс: Г.Занданшатарын ажлын арга барил, улс төрийн хийц нь нэг л биш. Алив асуудлыг хүчээр шийдэж, бяраар ааглаад явчих санаатай. Тийм байж хийж гавьсан ажил алга. Томилгоог л тултал хийлээ. Эдийн засаг сэхээнд орлоо. Монгол хүн: Хүмүүний үндсэн хэрэгцээ, эрх гэж ярих нь мөрөөдөл мэт болов. Тийм байж: Хүний өөрийн намын улстөрчидтэй даргархаад, даапаалаад, эгээ л тэнгэрт байгаа амьтан шиг дээрээс харьцах болсон. Хэний хүчээр, юуны тулаасаар Ерөнхий сайдын суудалд тээглэж байгаагаа мартсан.

Тиймийн учраас: Үндсэн чиг үүргийн яамдынхаа дэд сайд нарыг үлдээгээд бусдыг нь явуулъя гэж ХЭГ-ын даргаараа хэлүүлээд л. Энэ бүгд Г.Занданшатар АН-ын шаардлагыг ажил хэрэгчээр хүлээж аваагүйг харуулж байна. Тэрнээс гадна өнгөрсөн бүх цаг үед МАН-ын ямар ч дарга удирдлага АН-тай ингэж тохуурхан даапаалж, тоглож наадаж байгаа шиг дүр гаргаж байгаагүй. О.Цогтгэрэл үүнийг анзаарч. Ерөөс: МАН-ын дархлаагүй Ерөнхий сайдад даапаалуулдаг АН-ын дарга гэж юу байхав дээ. АН-ын дарга О.Цогтгэрэл өнөө цаг үед УИХ-д 42 суудалтай хүчтэй сөрөг хүчнийг даргалж байгаа. Тэрнээс гадна: Заавал АН-ын даргадаа бус УИХ-ын гишүүн л бол АН-ын ч, МАН-ын ч байсан Г.Занданшатарыг шаг мад тавих чадалтай. Учир юм нь Г.Занданшатар УИХ-ын гишүүн биш, намынхаа дарга ч биш. Тиймийн учраас тэр улс төрийг аргадаж хийхээс өөр гарцгүй. Энэ шигээ даргалж, даапаалаад хол явахгүй.

Тиймийн учраас: Одоо огцруулах санал дахин амилна. Анхааруулсан. УИХ руу орно. УИХ дахиад л: Огцруулъя гэчих магадлалтай. Уулаасаа УИХ-ын гишүүн хүн Ерөнхий сайд болж, Ерөнхий сайд нь намын дарга байх нь дархлаа юм гэдгийг л харуулж байгаа хэрэг.

АН-ын 42 юм уу тэрнээс бага ч хамаагүй гишүүд намын даргынхаа бланк дээр зурна. Өнгөрөгч долоо хоногийн АН-ын бүлгийн хурал дээр намын дарга, бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хэдүүлээ бүгдээрээ гарын үсэг зурах нь сөрөг хүчний үүрэг. Гарын үсэг зураагүй гишүүдээ нийтэд зарлаад явна. Би АН-ын хувь заяагаар наймаа хийхгүй гээд гуйх гуядахын завсраар өөрийгөө ойлгуулжээ. Тэр тууштай явах нь. Гэх нь ээ УИХ-ын шинэ жилийн баярын үеэр АН-ын нэг хэсэг нь: Бид ер нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан болоод, Г.Занданшатар дахиж үлдэхээр тохирчих уу. Уулаасаа аль аль талдаа улс төрийн хий гаргахгүй бол болохгүй болоод байна. Нийгэм, намынхан шахаж байгаа шдээ гэсэн санал гарч. Энэ нь намын дарга О.Цогтгэрэлийгээ ацан шалаанд хийгээд байгаа сонстоно.

Базах нь ээ: Ямар ч гэсэн АН-ын даргын бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах санал зурагдаад эхэлсэн. УИХ руу орох эсэх нь тодорхой бус байх нь. Хэрэвзээ УИХ руу орохдоо тулбал намынхнаас нь гадна МАН-ын эсэргүү 30-аас гарын үсэг зурна. Эсэргүү 30 гэж Г.Занданшатарын МАН-ын дарга болох гэж, Ерөнхий сайдтайгаа үлдэх гэж гүрийсэн нэг сарын хугацаанд бий болсон бүтэц юм. Тэр үед МАН-ын хуваагдал ил цагаандаа гарсан. Г.Занданшатарын хоёр даргын суудлыг хамах гэж байгаад арай гэж нэгтэй нь үлдэх хүртэлх дайнд 30 гишүүний дийлэнх яггүй шарх авсан. Тэдний шарх ойрдоо эдгэх байтугай анихгүй. Сошиалд нэр хүндээр нь шал арчсан. Шоронд хүртэл хийхээр зэхэж байгааг ард нийтээрээ мэднэ. Өнөөхөндөө юунаас ч болсон юм, түр зуур нам болчихоод байна. Тэрнээс биш эсэргүү 30 гишүүн нь эерэгшсэн юм огт байхгүй гэдгийг улс төрийн орчныхон мэдэж байгаа. Тиймийн учраас тэд: Цаг нь болохоор… гэдэг шиг эв нь ирвэл тэр 30 бүгд биш гэхэд голдоо тултал гомдогсод нь босоход бэлэн байгаа нь ойлгомжтой.

 

Ө.Билэг

Эх сурвалж: www.DNN.mn