Энэ оны нэгдүгээр сарын 24-ний 00:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Тухайн зодуулсан цэргийн ээж Ч.Батчимэг хүүгийнхээ биеийн байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байна. Эрүүндээ гурван хугаралтай, яаралтайгаар хагалгаанд орохоор өнөөдөр төлөвлөгдсөн. 

Хоол унд идэж чадахгүй, гуурсаар шингэн зүйл ууж байгаа. Тухайн үед дөрвөн сард татагдаж ирсэн түрүүч цолтой хал цэрэг нь юу ч ярихгүйгээр ухаан алдтал цохиод, эрүүг нь гурван удаа хугалсан байна. Би маш их гомдолтой байна, гомдлоо барагдтал явна.

Өглөө цэргийн ангийн гурван хүн ирж уулзсан, цэргээ хагалгаанд оруулаад эрүүл болгоно гэсэн. Эрүүл саруул байсан миний хүүг эрүүл болгоно гэж ярилаа. Харин эмч нар нээлт хийж байж хадаж болох эсэхийг шийднэ гэсэн. Хагалгаа амжилттай болоосой гэж найдаж байна. 

Өнөөдөр миний хүүхэд 05 дугаар ангид зодуулж хүнд гэмтэл авлаа, маргааш хэний хүүхэд ямар гэмтэл авахыг үгүйсгэхгүй. Цэргийн ангийн дарга нарт үнэхээр гомдолтой байна. Энэ хэрэг Баасан гарагийн шөнө болсон. Манай дүүд Бямба гарагийн 12:00 цагийн үед хэлсэн. Эрүүл хүүхдээ авчирч өгөөд өнөөдөр ийм байдалтай харахаар хэний ч сэтгэлд хэцүү.

Миний хүү спортлог, хүмүүжилтэй оюутан байсан. Цаашдаа төрийн албанд ажиллана, ганцхан жилийн чөлөө аваад цэрэгт яваад ирье гээд өөрийнхөө хүсэлтээр явсан. Гэтэл энэ ангид ирээд эрэмдэг болчихлоо" гэв.

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1594981964863851