Амралт зугаалгын улиралд залилах гэмт хэргүүд янз бүрийн хэлбэрээр ихэсдэг байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Ш.Жамъяндоржоос тодрууллаа.


-Зуны улиралд залилах гэмт хэрэг ихэсдэг гэдэг. Ямар төрлийн залилангууд гардаг вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг өөрөө улирлын чанартай ч гэдэг юм уу, эсвэл цаг хугацаа ч юм уу, байнга шинэчлэгдээд байдгаараа содон. Энэхүү шинэ содон байдалд хүмүүс хууртагдаж залилагдах магадлал өндөр болдог. Өнгөрсөн жилээс харахад иргэд зуны улиралд аялал зугаалгатай холбоотой залилах гэмт хэрэгт өртөх нь их байсан. Гадаад, дотоодод ийш тийш аялуулна гэсэн зар болгонд итгэж болохгүй. Өвлийн улирлуудад ч энэ залилан гардаг. Өнгөрсөн зун мөн хусдаг сугалаа гарч ирж байсан. Тэр үедээ шинэ төрлийн залилан байв. Одоо хүмүүс зөв мэдээлэл авдаг болсон болохоор харьцангуй энэ төрөлд залилуулах нь багассан байх. Залилах гэмт хэрэг бол улирал хамаарахгүйгээр явагдаж байдаг гэдгийг иргэд мартаж болохгүй. Тэр тусмаа интернэт орчинд бүр ихээр үйлдэгддэг. Жишээ, арилжааны банкуудтай холбоотой хуурамч линкүүд, сүлжээ ресторан, аяллын компаниудыг дуурайж худал мэдээлэл цацах, хиймэл оюун ухааны тусламжтайгаар олны танил хүний дуу хоолой, зохиомол дүрс ашиглаж иргэдийг хохироож залилах гэмт хэргүүд гарсаар байна. Энэ жилийн тухайд спорт, урлагийн том фестивалиуд, олон улсын хурлуудын арга хэмжээ олон байгаа. Энэ жил гадны жуулчид ч долоо, наймдугаар саруудад онцгой ихсэх болов уу.

Үүнтэй холбоотойгоор томоохон газруудын линкийг дуурайлган хийх байдлаар янз бүрийн зар онлайнд тавигдах магадлалтай. Наад зах нь тасалбар худалдана гэсэн хуурамч зар онлайн орчинд тавьж иргэдийг залилах магадлал өндөр. Иргэд албан ёсны баталгаат, гэрээт байгууллагад хандах хэрэгтэй. Мөн баяр наадам дөхөж байна. Хүй долоо худаг дээрх арга хэмжээ, наадмын тасалбарын залилан жил бүр л яригддаг. Үүн дээр иргэд анхааралтай хандаж албан ёсны тасалбар борлуулах газарт ханддаг байх хэрэгтэй. QR кодоор тасалбар авахад нэг тасалбарыг олон хүнд зэрэг зарах тохиолдол бас гарч байсан. Тиймээс баталгаат газарт хандах, эсвэл биет билет авахыг сануулъя.

-Цагдаагийн байгууллагын нэрийг барьж залилсан хэрэг гарсан уу?

-Өнгөрөгч долоо хоногт цагдаагийн нэрийг барьж залилах тохиолдлууд гарсан. Энэ нь ямар нэг зохиомол дугаар үүсгэж, “Цагдаагийн байгууллагаас ярьж байна. Таны дансыг битүүмжлэх гэж байна. Та энэ данс руу одоо дансны үлдэгдлээ шилжүүлээрэй” гэж иргэдийг залилж байгаа хэргүүд гарч байна. Цагдаагийн байгууллага хэзээ ч хувь хүн рүү хандаж данснаас нь мөнгө авах, шилжүүлэх эрх байхгүй. Тийм боломжгүй. Ер нь иргэддээ анхааруулахад эдгээр залилагч нар албаны мэт харагддаг итгэл төрүүлэхүйц дугааруудаас залгаж байгааг анзаарч нягталж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Иргэд өөрсдөө зөв мэдээ мэдээлэлд ойр байх хэрэгтэй байгаа юм. Хэрвээ залилах гэмт хэрэгт өртсөн бол Цагдаагийн байгууллагад их, бага хэмжээтэй гэлтгүй хандаж сурах хэрэгтэй байна. Эхний ээлжинд мэдээлэл өгөх шаардлагатай. Тэгээд заавал Цагдаагийн байгууллагад биеэрээ очиж хэзээ, яаж хохирсон нотлох баримтуудаа өгч байх ёстой. Тэгж байж энэ хэрэг дээр ажиллана. Дутуу мэдээлэл дээр Цагдаагийн байгууллага ажиллах боломжгүй. Тэрийг л иргэд маань сайн ойлгох хэрэгтэй байна.

-Та түрүүн хэллээ. Зуны улиралд аялал зугаалгатай холбоотой хуурамч аяллын компаниудын залиланд иргэд өртөх магадлал өндөр болж байна гэж?

-Тийм. Аяллын үйл ажиллагаатай хувь хүн, бааз, компанийг хуурамчаар дуурайн бүх зүйлсийг онлайнд хийж иргэдийг залилж байгаа тохиолдол байна. Явах, ирэх зардал, үзвэр үйлчилгээ, байрлах байр гэх мэт зарцуулах бүх төрлийн зардлыг нь авчихдаг. Тэндээ очингуут ямар ч хөтөлбөр байхгүй, хүний нутагт орхигдох явдал байна. Сошиалаар явагдаж байгаа аяллын компаниудыг сайн нягталж судалж баталгаат газрыг сонгож үйлчлүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар ЦЕГ, Монгол Улсын Засгийн газар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Мэргэжлийн аялал жуулчлалын холбоо хамтраад энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ, сургалтууд зохион явуулах гээд байж байна.

-Зуны улиралд лагерын байшин түрээслэх зар хуурамч байх магадлалтай байдаг гэсэн мэдээлэл бий?

-Тийм залилангууд гардаг. Түрээслэх газруудын дунд маш хямд үнэтэй, эсвэл бусдад давхар түрээслүүлсэн залилах гэмт хэргүүд гарч эхэлдэг. Энэ тал дээр иргэд өөрсдөө маш сайн баталгаатай, найдвартай хувь хүмүүс болон байгууллагатай хамтрах хэрэгтэй. Мөн Их, дээд сургуульд зуучилж оруулж өгнө гэх залилах гэмт хэргүүд энэ үед их гардаг. Ямар нэгэн зуучлахаар орж ирсэн 2 дахь, 3 дахь зуучлагч нарыг маш сайн нягталж шалгадаг байх хэрэгтэй. Заавал гэрээ хийж, албан ёсны байгууллага, хувь хүмүүст хандаж байвал иргэд залилуулах эрсдэлээс өөрсдийгөө хамгаална.

 

Б.НАНДИНЦЭЦЭГ

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

 

ӨДРИЙН СОНИН