Д.Дугаррагчаа: Түүхэн, онцгой үеүдэд цэргийн ёслолын дэлгэмэл жагсаалыг хийдэг
2 цагийн өмнө

Долдугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд "Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёс-лолын жагсаал болно. Нэгдсэн парадын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, брига-дын генерал Д.Дугаррагчаатай ярилцлаа.
-Жил бүрийн долдугаар сарын 10 -нд “Төрийн далбааны өдөр”-өөр цэргийн ёслолын жагсаал болдог шүү дээ. Сүүлийн жилүүдэд болоогүй цэргийн ёслолын жагсаал болох нь гэж харагдаж байна?
-Тийм ээ. Энэ жил их онцлогтой жил болж байгаа. Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн тэгш ойнууд давхцаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр зэвсэг техниктэй, бүрэн дэлгэмэл жагсаал хийхээр шийдвэрлэсэн. Ер нь цэргийн ёслолын жагсаал гэдэг улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөөх баатарлаг тэмцлийн түүхийг хүүхэд залуус, иргэддээ ойлгуулдгаараа ач холбогдолтой. Нөгөө талаар эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, батлан хамгаалах хүч чадлыг илтгэдэг.
Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг техникийн хөгжлийг танилцуулах, төрт ёс, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг маш чухал үйл явдал. Тийм учраас өндөр ач холбогдол өгч бие бүрэлдэхүүн бэлтгэж байна. Улаанбаатар цэргийн хүрээнд байрладаг төрийн цэргийн болон хууль сахиулахын 4000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа. Үүнээс гадна морьтой салбар, техниктэй жагсаалд 500 гаруй цэргийн алба хаагч нэгдсэн бэлтгэл хийж байна. Харин хөдөө орон нутагт байрлаж байгаа цэргийн хүрээнүүдэд 4000 орчим цэргийн алба хаагч алхана. Ингээд энэ жилийн баяр наадмаар 8500 гаруй бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалд оролцохоор бэлдэж байна. Энэ жил тэгш ойнууд тохиож байгаа түүхэн онцлогтой жил учраас явган жагсаалтай, морьт болон техниктэй ийм дэлгэмэл бүрэн хэмжээний жагсаалыг зохион байгуулж байгаа. Хамгийн сүүлд 100, 101 жилийн ойгоор яг ийм цэргийн ёслолын жагсаал явагдсан.
-Нэгдсэн бэлтгэл сайхан жигдэрсэн үү?
-Энэ жилийн бэлтгэл маш сайн хангагдсан байгаа. Дөрөвдүгээр сарын эхний өдрүүдээс анги байгууллага дээрээ хүн нэг бүрийн бэлтгэл, эгнээний бэлтгэл, салбарын жигдрэлтийг хангасан. Зургадугаар сарын эхний өдрүүдээс нэг сарын хугацаатайгаар Буянт-Ухаа нисэх буудлын талбай дээр нэгдсэн бэлтгэлээ хангалаа. Өчигдөр өглөөнөөс эхлээд долдугаар сарын 2, 7, 9-нд шөнийн бэлтгэлдээ гарсан. Энэ бол Сүхбаатарын талбай дээр долдугаар сарын 10-ны 10:00 цагаас явах цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг газар дээр нь хийж үздэг гэсэн үг. Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд бид хөдөө орон нутгийн анги, салбаруудаас бие бүрэлдэхүүнийг татан авч, оролцуулж байгаа. Техникийн хувьд бид Зэвсэгт хүчний анги салбаруудаас гадна Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газруудаас зэвсэг, байлдааны нисэх онгоц, техник оролцож байна.
-Ёслолын жагсаалд морьт салбар байгаа гэж байна?
-Үндсэн 32 салбараас гадна түүхчилсэн хувцастай салбарууд жагсаалд алхана. Мэдээж Монголынхоо Зэвсэгт хүчний түүхийг харуулж, үе үеийн хувцас хэрэглэлтэйгээр алба хаагчид жагсана. Эндээс түүхчилсэн салбарууд харагдана. Түүнээс гадна морьт салбарууд байгаа. Морьт салбар бол үндсэндээ Их Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын хувьсгалт цэргийн түүх зэргийг жагсаалаар харуулна.
-Техниктэй парадын талаар та ярихгүй юу?
-Техниктэй парадад 500 орчим алба хаагч оролцож байна. Явган жагсаал яваад, дараа нь техниктэй жагсаал явна. Энэ жагсаалын араас байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг явна. Парадад Монгол Улсын Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг харуулна. Мөн Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэж буй байлдааны хуягласан хүнд болон хөнгөн машинууд, дронуудыг танилцуулна. Цэргийн урлагт өөрчлөлт авчирч байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
-Та түрүүн хугацаат цэргийн алба хаагчид оролцоно гэж хэллээ. Цэргийн ёслолын жагсаалд сонсогчид, хугацаат цэргийн алба хаагчид оролцоно гэдэг тэдний хувьд мартагдашгүй бахархалтай, хэзээд баярлаж огшиж явах нэгэн дурсамж үлдэх юм байна?
-Энэ жилийн явган цэргийн жагсаалд сонсогчид болон хугацаат цэргийн алба хаагчид 14 салбарыг бүрдүүлж оролцож байна. ҮБХИС, ДХИС-иудын сонсогч нар таван салбарыг бүрдүүлж, Зэвсэгт хүчнээс Хуурай замын командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга инженерийн удирдах газрын хугацаат цэргүүд жагсаж байгаа. Мөн төрийн цэргийн байгууллагуудаас Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабаас хугацаат цэргийн алба хаагчид оролцож байна. Баяр наадмынхаа өмнөх өдөр Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолын жагсаалд оролцоно гэдэг баяртай, азтай тохиол юм. Төр, ард түмэн, хүндэт зочдын өмнүүр жавхаа золбоотойгоор алхана гэдэг ховор хувь заяа. Бүхий л бие бүрэлдэхүүн гурван сарын турш бэлтгэлээ хангачихсан, одоо бол хөнгөн шингэн, жигдэрсэн. Тэд албаа хаагаад халагдсаны дараа насан туршдаа мартахгүй дурсамжийг өөрсдөдөө үлдээж байна гэсэн үг. Алба хаагчид маань 175-аас дээш, эмэгтэй нь 165-аас өндөртэй, анги байгууллага, салбарынхаа шилдэг цэргийн алба хаагчид оролцож байгаа.
-Цэргийн ёслолын жагсаалыг эмэгтэй алба хаагчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жагсаалыг чимж байгаа эмэгтэй алба хаагчид хаана хаанаас оролцож байна вэ?
-Тэгэлгүй яахав. Жагсаалыг эмэгтэй алба хаагчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зургаан салбарын эмэгтэй төлөөлөл оролцож байгаа. Тэр дундаа Зэвсэгт хүчний жанжин штабын эмэгтэй салбар эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойг сурталчилж энхийг сахиулах эмэгтэйчүүдийн төлөөлөл болж оролцож байгаа. Цэнхэр дуулгатай, яг ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх үеэр ямар байдаг билээ, яг тийм тоноглол, эрээн хувцастайгаа алхана. Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, ЦЕГ-ын эмэгтэй алба хаагчид ёслолын жагсаалыг чимж алхах гэж байна.
-Энэхүү цэргийн ёслолын жагсаалыг Монголын ард түмнээс гадна гадаад дотоодын жуулчид ихээр сонирхон үздэг?
-Сүхбаатарын талбайн өмнө хүндэт зочдоос гадна хоёр талд нь 1000 орчим сандал засагдаж байгаа. Гадаадын дипломат албаны хүмүүс, элчин сайдууд, хүндэт зочид үзнэ.Түүнээс гадна гадаад дотоодын хамтарсан сургуулийн төлөөллүүд ирж үзэх юм. Мөн ард иргэд маань жил бүр төв талбайдаа цугларч үздэг уламжлалтай.
-Та бол хэд хэдэн үеийн цэргийн ёслолын жагсаалд алхаж явсан 90-ээд оны бэлтгэгдсэн офицеруудын нэг. Өнөөдрийг хүртэл таны сэтгэлд тод үлдсэн цэргийн ёслолын жагсаал байдаг байх?
-Цэргийн ёслолын жагсаалд бэлдэнэ гэдэг амаргүй ажил байдаг. Маш олон хүний хүч, хөдөлмөр шингэдэг. Нэг ч цэргийн алба хаагч алдахгүй сүр жавхлантайгаар цэмцгэр, цэх шулуун алхана гэдэг хүн бүрээс хариуцлага шаарддаг. Хүн бүрийн бэлтгэлээс шалтгаалж, жагсаал маань бүхэл бүтнээрээ нийлж нэгдэж байж сайхан цогц болдог. Тэгэхээр миний хувьд энэхүү албандаа томилогдсон цагаасаа хойш сүүлийн тав, зургаан жилийн цэргийн ёслолын жагсаалыг бэлтгэхэд гол ажлыг хариуцаж байгаа. Анх 1996 онд ЦИС-ийн төгсөх курсийн сонсогч байхдаа Ардын хувьсгалын 75 жилийн ой, Их Монгол Улс байгууллагдсаны 790 жилийн ойн баяр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тэр жагсаалд оролцож, алхаж байснаараа бахархаж явдаг. Үүнээс хойш олон удаагийн цэргийн ёслолын жагсаалд оролцсон. Мөн Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150-р ангийн захирагч байхдаа Ардын хувсьгалын 90 жилийн ойгоор гурван салбартай батальоноо хариуцаж алхаж байлаа. Долдугаар сарын 10-ны өдөр тэгж жагсаалаа авч алхаад үдээс хойш нь “Хурандаа” цолоор шагнагдаж байсан сайхан дурсамж байдаг юм.
-Батлан хамгаалахын төв архивын түүхэн баримтад тулгуурлаж эрдэмтэн, судлаачдын олж тогтоосон цэргийн ёслолын жагсаалууд байдаг шүү дээ. Зарим түүхэн цэргийн ёслолын жагсаалаас та дурдахгүй юу?
-1920-иод оны сүүлчээс эхлэн жил бүрийн цэргийн наадам, Октябрийн баярын жагсаалд цэргийн зарим техник, түүний дотор манай ахмадууд өөрсдийн эзэмшиж байсан машин тэрэгтэйгээ оролцсон тухай дурссан байдаг. Анх Д.Сүхбаатар жанжны санаачилгаар 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр нийслэл хүрээнд анхны парад явагдсан байдаг. Үүнээс хойш 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн үеэр цэрэг техниктэй цэргийн ёслолын жагсаал болсон. Энэ бол их өргөн том цэргийн жагсаал байсан. Үүнээс хойш 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойгоор мөн техниктэй маш том цэргийн ёслолын жагсаал болсон байдаг. Энэ цэргийн ёслолын жагсаалууд бол түүхэнд бичигдэн үлдсэн түүхэн ёслолын жагсаалууд байсан.Тэр үеийн зэвсэг техникийн хөгжлийг харуулсан онцлог ёслолын жагсаал байсан. Энэ мэт түүхэн, цэргийн ёслолын жагсаалууд олон болсон.
Ер нь тэгш ойгүй жилүүдэд зэвсэг техникгүй цэргийн ёслолын жагсаалууд явагддаг. Энэ жилийнх шиг түүхэн онцгой үеүдэд ийм дэлгэмэл том цэргийн ёслолын жагсаалыг хийдэг. Энэ жилийн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалыг ард түмэн та бүхэн Сүхбаатарын талбайдаа хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Мөн Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэтгээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн мэндийг монгол түмэндээ хүргэж, хотол олноороо сайхан наадаарай гэж хэлье.
Б.НАНДИНЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН







Бат · 1 цагийн өмнө
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө