Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Мах, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхийн тулд малын өвчнийг бүрэн засах шаардлагатайг онцолж, "Эрүүл мал" аяныг зохион байгуулахаар төлөвлөснийг дурдсан юм. Энэ хүрээнд "Нэг сум-нэг мал эмнэлэг" хөтөлбөрийг ирэх наймдугаар сард Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна.

Өвчлөлийн нөхцөл байдлын хувьд САТ-1 өвчний вакциныг бүрэн туулгаж, тархалтыг зогсоожээ. Харин шүлхийн вакциныг энэ жил есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд тарьж дуусгахаар зорилт тавьсан байна. Цаашид мал эмнэлгийн салбарт хариуцлага чангаруулж, ажилдаа хариуцлагагүй хандсан хоёр аймгийн Мал эмнэлгийн газрын даргыг чөлөөлөхөөр тусгажээ.

Мөн жил бүр гадаадаас 30 гаруй тэрбум төгрөгөөр авдаг вакциныг орлох дотоодын туршилтын анхны тунг энэ оны аравдугаар сард гаргахаар төлөвлөсөн байна. Зургаан сарын хээрийн туршилтын дараа буюу 2027 он гэхэд шаардлагатай вакцинаа дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахаар зорьж байна" гэлээ.