МАХН-аас мэдэгдэл гаргав
2014/08/10
монгол АРДЫН Хувьсгалт НАМЫН мэдэгдэл
Улс төрийн зорилготойгоор дээрээс өгсөн даалгаврыг хууль хяналтын байгууллагын зарим ёс суртахуунгүй ажилтан хэрэгжүүлэхийн тулд илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг МАХН эсэргүүцэж дараах мэдэгдлийг гаргаж байна.
Сүүлийн үед нам нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, улс орны байгалийн баялгийг урьд нь гадаад, дотоодын олигархуудад тарааж өгсөн хууль бус, ёс суртахуунгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, энэхүү явуургүй зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөд нь “саад” болж болзошгүй гэж үзсэн улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагааг идэвхжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.
МАНАН бол:
-сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол,
-шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироож, өөрсдөө өндөр албан тушаалд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл,
-Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл,
-үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо,
-авлига улам нэмэгдэн гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс,
-хууль хяналтын байгууллагууд авлигатай бодитойгоор тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болон хувирч, эзэндээ үнэнч гэдгээ харуулахын тулд нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж шударга бус аргаар өндөр албан тушаалд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, тэд нарынхаа улс төрийн өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг бусармаг үйл ажиллагаа,
-Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан,
-монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ.
Өнөөдөр МАХН монголын ард түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээж, УИХ-д сонгогдон, хамтарсан Засгийн газарт орон ажиллаж байна. Бид МАНАН хэмээх хорт үзэгдэл Монголын улс төрд дахин амилахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, энэхүү аюулт үзэгдлийн хор хөнөөлөөс ард иргэдээ аврахын тулд үйл ажиллагаа явуулж байна. Харин бид олонхи биш тул Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийг үндсээр нь өөрчлөн шударга ёсонд нийцүүлэх, байгалийн баялгийг ард иргэддээ хамгийн өгөөжтэй байдлаар хүртээх аргыг нэвтрүүлэх, хээл хахуулийг бүрмөсөн арилгах, эгэл жирийн монгол хүн эх орондоо эзэн суух нөхцлийг цогцоор нь хангах, хүмүүсийн эрх, эрх чөлөөг ёсоор нь эдлүүлэх зэрэг ажлыг санаснаараа хэрэгжүүлэх боломж бололцоо байхгүй байгааг манай орны жирийн иргэд сайн мэдэж, ойлгож байгаа.
Гэхдээ хамтарсан Засгийн газарт орж ажилласан энэхүү богино хугацаанд нэгэн зүйл онцгой тодорхой болсныг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Энэ бол МАНАН-г сэргээхийг санаархсан нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэл оршсон хэвээр байгаа явдал юм.
Тэд:
-шударга бус сонгууль явуулж гаршжээ,
-тэд хууль хяналтын байгууллагуудыг гартаа хийжээ,
-тэд авлигатай тэмцэх нэрийдлээр жинхэнэ шалгах ёстой хүмүүсийг мэдэхийн дээдээр мэдэж, харахын цаагуур харсаар байж цаадуул нь өөрсдийнх нь бүлэглэлд багтдаг тул хажуугаар нь үл харсан мэт өнгөрч, харин гэм зэмгүй хүмүүсийг өөрсдөөс нь хараат байдалд орсон хууль хяналтын байгууллагадаа даалгавар өгч онилон “намнаж” сурчээ,
-тэд байгалийн баялгаас ард түмэндээ хувь хүртээх биш өөрсдөө хувь хүртэж амташжээ,
-тэд Монголын бизнесменүүдийг дарамталж, өмч хөрөнгөд нь хууль бусаар халдаж, хүчээр тулган ял оногдуулж, эрх чөлөөг нь хохироож, эхнэр хүхдээр нь оролдож, нийгэмд айдас хүйдэс бий болгон тоглож сурчээ.
Гэхдээ өнөөдрийн байдал тэдэнд яг МАНАН-гийн ноёрхлын үед байсан шигээ “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байх” бололцоо олгохгүй байгаа учир тэд ямар ч хамаагүй үнэ цэнээр Засгийн газрыг унагаах, дахин МАНАН-г байгуулахыг зорьж байна. Тэрхүү бохир зорилгодоо хүрэхийн тулд өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдал хүнд байгаа, зарим алба тушаалтны үйл ажиллагаанд алдаа дутагдал байгааг ашиглаж, иргэдийн бухимдлыг өдөөж, хамтарсан Засгийн газар руу чиглүүлж байна.
Гэтэл үнэн хэрэг дээрээ тэд саяхан хүртэл өөрсдөө бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байсан, одоо ч тэдний төлөөлөл болсон хүмүүс өндөр аблан тушаалд заларсан хэвээр байгаа, тийм учир өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал одоогийн Засгийн газрын алдаатай үйл ажиллагаа гэхээсээ илүү МАНАН-гийнхны өөрсдийнх нь алдаатай бодлого, үйл ажиллагаанаас шууд үүдэлтэйгээр тарьсан балаг мөн гэдгийг мэдэхгүй дүр царай эсгэж, бүх бурууг ганцхан одоогийн Засгийн газарт тохож, ил далд элдвийн муу аргаар увайгүй дайралтуудыг хийж байна. Өнөөдөр тэд хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрийн бүрэн эрх мэдлийг янз янзын аргаар тогтоосныгоо ийнхүү ашиглан нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байна.
Өнөөгийн Засгийн газарт шүүмжлэлтэй хандах асуудлууд бий гэдгийг МАХН мэдэж байгаа. Мэдээд зогсохгүй энэ талаар хамтран ажиллаж байгаа Засгийн газар, түүний удирдлагад хэлж анхааруулж байгаа. Тэр тусмаа манай намаас томилогдон ажиллаж байгаа сайдуудын үйл ажиллагаанд ч шүүмжлэлтэй хандах асуудал бий, тэдгээр алдаа дутагдлыг нэн даруй засахыг шаардаж байгаа, шаардлагатай бол өөрчлөх хүртэл арга хэмжээ авч болно, тэгэж ч чадна гэдгээ мэдэж байгаа. Бид ийм зарчмын байр суурь баримтлан ажиллаж байгаа, цаашид ч энэ зарчмыг хатуу баримтлах болно.
Гэхдээ тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдгийг улс оронд улс төрийн тогтворгүй байдал бий болгох, Засгийн газрыг ганхуулан унагах, МАНАН-г сэргээх явдал биш хэмээн ойлгож, тийнхүү улайран зүтгэх нь яавч зөв зүйтэй бодлого, үйл ажиллагаа биш хэмээн үзэж байна. Бид МАНАН-г мөрөөдсөн улс төр бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын зарим ажилтанд санаархлаа хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа хүчин бол өнөөгийн МАХН-ын удирдлага мөн гэсэн ойлголт байдгийг ч бид мэднэ. Тэд өөрсдийнх нь тухай бидний мэддэгийг баталж, хорон санаархлаа хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн МАХН-ын удирдлага руу улайран дайрах, тэдний нэр хүндэд халдах, үндэслэлгүйгээр зохиомол хэрэгт холбогдуулан шалгах нэрийдлээр хэлмэгдүүлэх, улмаар МАХН руу бүхэлд нь дайрах, үйл ажиллагааг нь саармагжуулан зогсоохын тулд элдвийн бусармаг ажиллагаа зохион байгуулж байна.
МАХН-д үнэ цэнэтэй зүйл олон бий. Бид тэдгээрээрээ бахархдаг, хайрлан хамгаалж байдаг. Тэдгээр нь Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө туулж ирсэн зам, МАХН хэмээх ард түмний зүрх сэтгэлд байнга хадгалагдаж байдаг нэр, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, өнөөгийн МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хүнд зэрэг юм.
МАНАН-г мөрөөдсөн улс төр-бизнесийн бүлэглэлийнхэн ч манай намын эдгээр үнэт зүйлийг сайн мэдэж байгаа тул тэд хамгийн түрүүн МАХН-ын үнэт зүйл рүү улайран дайрч байна. Тэд МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н. Энхбаярыг 600 орчим цагдаа илгээж, илт хууль зөрчин баривчилж, хилс хэргээр буруутган шүүж, зохиомол ял хүчээр тулган оноож байсныг бид ч, монголын ард түмэн ч мартаагүй.
Гэтэл Н.Энхбаяр бол хэлснийгээ хэрэгжүүлдэг хариуцлагатай улс төрч, Монгол Улс, Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай тэмцдэг төрийн зүтгэлтэн мөн юм. Тэрээр:
-11,7 тэрбум ам долларын хэмжээтэй Их өрийн асуудлыг Монгол Улсад нэн ашигтайгаар шийдвэрлэх ажлыг удирдан зохион байгуулсан,
-МУ-ын иргэдэд газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхийг санаачилж, хуульчлан баталгаажуулсан,
-“Хүүхдийн үдийн цай” хөтөлбөрийг анх санаачилж хэрэгжүүлж эхэлсэн, энэ хөтөлбөрт одоогийн байдлаар 300 орчим мянган хүүхэд хамрагдаж байгаа,
-Мянганы сорилтын сангийн шугамаар 285 сая ам.доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг АНУ-аас Монгол Улсад олгох асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн,
-НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа, түүн дотор Иракийн сэргээн босголтын ажиллагаанд монголын цэрэг дайчдыг оролцуулах асуудлыг шийдвэрлэхийг санаачлан хэрэгжүүлсэн,
-“Мянганы зам”-ын төслийг хэрэгжүүлэх ажлыг санаачилж эхлүүлсэн,
-Монгол төрийн мэлмий нээгдсэнийг билэгддэг Мигзэджанрайсиг бурханыг бүтээн залах ажлыг удирдан зохион байгуулсан,
-Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть цувралыг монгол хэлээр орчуулан хэвлүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан,
-Төрийн албыг тогтворжуулан бэхжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан,
-“Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг батлан гаргуулах, хэрэгжүүлэх ажлыг санаачлан зохион байгуулсан зэрэг гавъяат үйл бүтээсэн хүн билээ. Энд түүний хийж бүтээсний зөвхөн заримыг нь дурдлаа. Ийм их юм хийж бүтээсэн төрийн зүтгэлтэн манай түүхэнд хэд байдгийг хэн хүнгүй бодож, нэг л хүн рүү бүх муу муухай юмыг чихэж, түүнийг хэлмэгдүүлснээр нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн оронд олны анхаарлыг өөр зүйлд хандуулдагаа муу аргаасаа салах цаг хэдийнээ болжээ.
МАХН-ын дарга, Монгол Улсын З дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хүнд ард иргэдийн дунд өндөр байгаа, түүнийг гадаадад биеэ эмчлүүлж дуусаад эх орондоо эргэн ирж, өнөөгийн нийгэмд тулгамдсан улс төр, нийгэм, эдийн засгийн хүндхэн асуудлуудыг зөв зүйтэй шийдвэрлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой гэсэн хүсэл нийгэмд нэмэгдэж байгаа нь зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлыг боддог, ард иргэдээ нэг бол гоё үгээр хууран мэхэлдэг, эсхүл албан тушаалын сүр хүчээр айлган сүрдүүлдэг зарим өндөр албан тушаалтан, нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийнхний айдасыг төрүүлж байна.
Тэд өнөөгийн Засгийн газрыг унагаах, дахин МАНАН-г сэргээн байгуулах, ингэснээр МАНАН-гийн ноёрхлын үед явуулж байсан хорон үйл ажиллагаагаа сэргээн эрчимжүүлэх санаархлаа хэрэгжүүлэхийн тулд МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дахин зохиомол хэргээр буруутгах хууль бус ажиллагаагаа эхлүүлжээ. Энэхүү бусармаг ажиллагаагаа явуулахдаа Монголын хөгжил дэвшил гэхээсээ илүү өөрсдийн явцуу эрх ашиг сонирхлын хойноос улайран хөөцөлдөж буй гадаадынхантай нийлж хийхийг оролдож байна. Тэд түүнд “залилан”-гийн хэрэг зохион тохох гэж оролдож, цаагуураа МАХН-ын үйл ажиллагааг саармагжуулан идэвхгүй болгохыг санаархаж байна.
Одоогийн МАХН-ын түрээслэн үйл ажиллагаагаа явуулж буй байрыг намын хамт олны хүсэлтээр МАХН-ын дарга Н.Энхбаяр тухайн үед гадаадын хүмүүсийн мэдэлд байсныг нь гэрээний дагуу худалдан авч, намдаа түрээслүүлж, тогтвортой бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцлийг бурдүүлж өгсөн билээ. Айл гэр орох оронтой болвол жинхэнэ айл болдог шиг МАХН “Цагаан байшин”-даа нүүн орсноор үйл ажиллагаагаа тогтворжуулж, идэвхжүүлсэн юм.
Гэтэл МАНАН-г сэргээхийг санаархсан нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдийн гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ажилтнуудад хууль бус даалгавар өгч, Монгол Улсад казино байгуулж, монголчуудыг шулахыг санаархсан, одоо газрын лиценз эзэмшиж, Монголын байгалийн баялгийг авах гэж улайрч байгаа гадныхантай хуйвалдаж, МАХН-ын “Цагаан байшин”-г булаан авахыг оролдож, тийнхүү бусармаг зорилгодоо хүрэхийн тулд МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг үндэслэлгүйгээр гүтгэж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, түүний дүүгийн гарын үсэг хуурамч байна гэсэн ёстой хуурамч дүгнэлт урьдчилан гаргаж, түүнийг дахин хэлмэгдүүлэх гэж санаархаж байгааг эрс эсэргүүцэж, энэхүү бусармаг ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. Зүгээр шаардаад зогсохгүй хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн тулд МАХН нь өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Хамгийн ихээр дэврүүлж бодоход иргэний маргааны шинжтэй асуудлыг зориуд бүр эрүүгийн хэрэг болгохын тулд улайрч байгаагийн цаана МАНАН-г сэргээх гэсэн улс төр-бизнесийн бүлэглэл МАХН-аас, түүний дарга Н.Энхбаяраас ямар ихээр айн сандарч байна вэ гэдэг нь тод харагдаж байна.
Өнөөгийн Монгол улсад тулгамдсан өөр асуудал байхгүй юм шиг аягалж, Монголынхоо нэгэн шилдэн хөвгүүнийг дахин дахин хэлмэгдүүлж байхын оронд МАНАН-г сэргээх гэсэн бүлэглэлтэй үндэслэлгүй зүйлээр үгсэн хуйвалдаж, хуурамч гомдол гээчийг гаргаж, Монголын улс төрийн дотоод зөрчлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэн хожихыг санаархан тоглож байгаа гадаадынхны гар хөл болохоо нэн даруй зогсоож, харин тэд яагаад илт хуурамч гомдол гээчийг гаргав, яагаад гэм зэмгүй хүмүүсийг илт гүжирдэж хэрэг тохох гээд зүтгэн явж байна вэ гэдэгийг шударга ёсонд нийцүүлэн шалгаж үнэнийг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна.
МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-д хэн нэгнийг залилахын тухай ямар ч бодол санаархал байхгүйг тэмдэглэж байна. Тэр тусмаа гадныхныг залилах тухай огт санаж бодоогүй зүйлийг ийнхүү хүчээр тулган хэлмэгдүүлж байгаа нь онцгой эгдүүцлийг төрүүлж байна. Монголчууд бид цөөхүүлээ нэг ч Монгол хүн, нэг ч нам гадаадынханы дохио зангаагаар хэлмэглэж болохгүй эсвэл эх орон нэгтнээ хэлмэгдүүлж болохгүй гэдэг нь Монголчуудын хэлмэгдүүлэлт дундуур тэсэж гарахдаа авч гарсан том сургамж мөн гэдэгийг сануулж байна. Ер нь Монголынхоо түүхийг аваад үзвэл бид өөрсдөө гадныханд залилуулж ирсэн байдаг болохоос биш гадныхан монголчууд бидэнд залилуулсан явдал байдаггүй билээ. Монголчууд бид дотоод зөрчил, эв нэгдэлгүй байдал, шунал зэрэгтээ хөтлөгдөн залилууж байсан гашуун түүхээс сургамж авч, МАНАН-г сэргээх гэсэн бусармаг санаархлын хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ын эсрэг хийж буй нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагуудын зарим ажилтны явуургүй үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж, гоё гоё үг ярих нэг хэрэг, харин хэлсэн үгэндээ эзэн болж, хуулийн хүрээнд ажиллаж, улс орноо хөгжүүлэх бол өөр хэрэг мөн гэдгийг хариуцлагатайгаар анхааруулан сануулж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН нь цаашид ч улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн, шударга ёсыг тогтооход чиглэгдсэн, Монгол хүн гадныхны гар хөл бололгүй эх орондоо эзэн сууж, эв найртай, эрх чөлөөтэйгээр амьдрах нөхцлийг цогцоор нь хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Бид юунаас ч айхгүй. Бидэнд албан тушаалаас илүү ард түмний дэмжлэг хүч өгнө. МАНАН-г сэргээх гэсэн нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагуудын зарим ажилтны увайгүй үйл ажиллагааг таслан зогсоохын тулд тууштай тэмцэж, дүр эсгэсэн ардчилалыг халж жинхэн ардчилалыг сэргээхийн тулд бусад улс төрийн хүчинтэй хамтран, хүний эрх, эрх чөлөөг нандигнан эрхэмлэдэг Монголын ард түмнийхээ дэмжлэгийг хүлээж тууштай тэмцэх болно.
Энэхүү шударга тэмцэлд хамтран нэгдэхийг нийт намын гишүүд дэмжигчид, бусад намууд, монголын нийт ард түмэндээ хандан уриалж байна.
МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧОО
2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр. Улаанбаатар хот.
Зочин · 2014/08/13
ийм тэнэг утга учиргүй магтаалаар дүүрэн нэлийсэн мэдэгдлийг хэн уншиж сонсох вэ мах намынхаан
Зочин · 2014/08/11
Зочин · 2014/08/11
TERBUSDABAG mahn iig hagaralduulj baina. NAMIIN darga bolj 16 ond listeer ih huraliin gisvvn boloh sanaatai. Iim yum hiij baigaa hvn TERBUSDAVAG munuus mun. Ded dargaas ogtsruuliii
Зочин · 2014/08/11
Eruugiin gemt hereg hiisen bol 3 dahi eronhiilogch baina u,Dorj dulmaa baina u adilhan l shslguulah heregtei .Yum l bol zohiomol hereg uls toriin zorilgotoi gej yarihaa bolih heregtei .Eruugiin hergiig zugeer l duraaraa ***lgadaggui.Notloh barimt ,gomdol,gerch geh met huuliin mash olon portsetur hiigdddeg .Enhbayar bol dendej baisan bugd l medne shu de.Harinch ***lgahgui baina.