Эх хүүхдэд тун “ээлтэй” УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Г.Эрдэнэчимэг гишүүн хаачив. Тэрбээр ам нээвэл эх хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд сурч боловсрох сургууль, цэцэрлэгийн төлөө ярьж байдаг нэгэн.

Энэ ч утгаараа ард түмнээс чамгүй оноо цуглуулж чадсан хатагтай. Нийгэмд болж бүтэхгүй байгаа архи, тамхины зохисгүй хэрэглээг багасгах хууль санаачилж хэрэгжүүлсэн гэдгээрээ нэгэн үе энхийн цагаан тагтаа байв. Гэтэл өнгөрсөн жилээс түүний нэр сэвтэж эхэлсэн. Тухайлбал, Тамхины тухай хууль хэрэгжүүлж эхэлснийхээ дараахан тамхинаас гаргах наалт импортоор оруулж ирэн “Монос”-ын эмийн сангуудаар худалдаалсан. Дараа нь Архины тухай хуулийн төсөл болосруулж байх үедээ “Домог” нэртэй 28 градус бүхий сархад үйлдвэрлэж эмчилгээний зориулалттай хэмээн тайлбарлаж байв. Өөрийнх нь боловсруулалцсан Архины тухай хуульд 28 градусаас дээш архийг тусгай цэгт борлуулахаар тусгасан юм. Эдгээрээс өөрийн бизнесээ дэмжсэн бодлого боловсруулаад байна уу гэж хардахад хүргэсэн. Хамгийн сүүлд түүний нэрийг сэвтүүлсэн асуудал нь 16 хүүхэд “Монос”-ын эмийн сангаар худалдаалж байсан фенобарбитал эмнээс хордов. Одоогоор ЭХЭМҮТ-д сэтгэцэд нөлөөлдөг финобарбитал эмийн тунг хэтрүүлж хэрэглэсэн хүүхдүүдээс хоёрынх нь биеийн байдал тун таагүй байгааг албаныхан дуулгаж байна. Тархины даралттай нярай хүүхдэд ихэвчлэн бичиж өгдөг фенобарбитал эмийг эмчийн бичсэн жор, тогтсон цагийн хуваарийн дагуу уулгахад хүүхэд тайвширч, 3-4 цаг унтаж амардаг аж. Тархины даралттай хүүхэд нийслэлд төдийгүй, орон нутагт ч олон төрөх болсон. Даралттай хүүхэд тасралтгүй уйлж эцэг эхээ багагүй сандаргадаг. Мөн төрөөд удаагүй хүүхдийн бие шарлалттай бол өрх, дүүргийн эмч нар уг эмийг уулгахыг зөвлөдөг. Хамгийн гол нь хүчтэй антибиотик учраас тунг нь тааруулах нь чухал. Гэтэл энэ удаад эмийн санч маш өндөр тунгаар ууж хэрэглэхийг зөвлөснөөс хэрэг мандав. Тухайлбал, хариуцлагагүй албатаас болсон гэж нэг талаас харж болно. Нөгөө талаас төрөөд дөрөв хоносон нярайгаас эхлээд зургаан насны 16 хүүхдийн амьдрал дээсэн дөрөөн дээр байхад өнөө эх, хүүхдийн төлөө энэлэн шаналж, дуу хоолой нь болж байдаг Г.Эрдэнэчимэг гишүүн яагаад дуугарахгүй, бараа нь ч харагдахгүй байна вэ. Ээж хүн, УИХ-д эмэгтэйчүүдийг төлөөлж суусан эмэгтэй хүний хувьд өнөөдөр алдрай бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө огшиж суух хүн бус уу. Тархины цусан хангамж сайжруулах үүрэгтэй тус эмийг том хүний тунгаар ууж хэрэглэснээс нярай хүүхдүүд амь тавин сэхээнд байна. Гэтэл “Монос”-ын удирдлагууд “Эм зүйчийн цэвэр хариуцлагагүй ажиллагаанаас болсон. Манай компани энэ талаар нэгдсэн мэдээлэл хийнэ” гэж асуудлаас бултаж байгаа юм. “Монос” хэдийгээр ийн хэлж байгаа ч тухайн эм нь Монгол Улсад ямар ч бүртгэлгүй эм байсныг МХЕГ баталж орхив. Ийм байхад буух эзэн, буцах хаяг нь “Монос”- ынхон буюу Г.Эрдэнэчимэг гишүүн байхаас өөр сонголтгүй. Гэтэл тэрбээр холбогдох утсаа хаагаад сураг алдарчээ. Үүнээс харахад хариуцлагаас бултаж, харин өөрийн бизнест нөлөөтэй хуулийн төсөл өргөн барихдаа уриалгахан нэгэн болж харагдаж байна. “Монос” групп бол Монголын эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдааны салбарын 50-иас илүү хувийг дангаараа эзэмшдэг томоохон аж ахуйн нэгж. Уг монополь байдлаа ашиглаж импортын эмийг, хэвлэл мэдээллээр ижил дасал болтол сурталчилдаг компани бол яахын аргагүй “Монос” юм. Эрүүл мэндийн салбарыг бизнес болтол цэцэглүүлсэн “Монос”-ын Г.Эрдэнчимэгийн шунал эцэстээ тулж алдрай бяцхан хүүхдүүдийн амь насанд заналхийлж эхлэв үү гэх олны хардлага газар авч байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 262 сая төгрөгийн эд хөрөнгөтэй гэж мэдүүлсэн тэрбээр “бенз” Г.Эрдэнчимэг болтлоо хөрөнгөжиж, үүгээрээ цахим ертөнцөд сайрхаж байсан нэгэн. Тэгвэл түүнийг ийнхүү хөрөнгөжүүлсэн салбар нь “Монос”-ын эмийн сангууд. Мөн эрхэм гишүүн Польшийн хорих ангид зочилж ирээд хорих ангийн стандарт ярьж, хоригдлуудын эрүүл мэндийн төлөө санаа зовниж байгаагаа дуулгаж байсан. Гэтэл “Монос” улсын бүртгэлгүй эм борлуулж, тархины даралттай бяцхан хүүхдүүд ууж хэрэглэдэг дээрх эмийг монополь байдлаа ашиглаж худалдаалж байсны урхаг ийн илэрлээ. Цаашлаад “Монос” Монгол Улсад зөвшөөрөлгүй эмийг нярайд өндөр тунгаар хэрэглэх заавар зөвлөгөө өгдөг эм зүйчтэй байна гэдэг энэ том компанийн түүхэнд хар толбо үлдээхээс өөр аргагүй болж таарав. МХЕГ иргэдийг эм худалдаж авахдаа сонор сэрэмжгүй байгаагаас ийм байдалд хүрч байгааг шүүмжилж байна. Бид эмийн санчид итгэхгүйгээр өөр хэнд итгэх болж байна. Гэхдээ энэ удаад зургаан сартай хүүхдийн аав дээрх эм өндөр тунтай байгааг “Монос” компаниас лавласан байдаг. Гэтэл өөрийгөө тус компанийн эмч гэж танилцуулсан эрхэм “Ямар нэгэн эрсдэлгүй” гэдгийг хэлсэн байгаа юм. Ингээд хүүхдэдээ уулгасан гэдгийг хэлсэн. Харин маргааш нь мөн ийм гомдол ирсэн учраас дээрх эмийг худалдаж авсан иргэдтэй “Монос”-оос холбогдож “Эм авсан бол уулгаж болохгүй, уулгасан бол яаралтай хордлого тайлах эмчилгээ хийлгэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байдаг. Хэвийн хэмжээнээс 9-13 дахин их тун хэрэглэсэн хүүхдүүдийн тархинд цус харвах, уушгины хүнд хатгалгаа тусах, цаашлаад дотор эрхтэн гэмтэх урхаг шинжтэй гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Мөн энэ хариуцлагагүй үйл явдлын үеэр Эрүүл мэндийн сайд С.Удвал ам нээсэнгүй. Харин дэд сайд Ж.Амарсанаа нь “Мэргэжлийн хяналтын байцаагч нар нь мэдэхгүй байхад би яах ч билээ” гээд сууж байх жишээтэй.

 Д.Баярболд: ФИНОБАРБИТАЛЫГ УЛС ОРОН ДАЯАР ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БАЙГАА 

“Эм бүртгэлгүй” гэсэн мэдээллийн мөрөөр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос тодрууллаа. 

-Хэвлэлээр “Монос”-ын эмийн сангаар худалдаалж байсан фенобарбитал эм нь зөвшөөрөлгүй байсан гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар тодруулна уу? 

-“Гурван гал” эмнэлгийн урд байрлалтай 78-А байранд үйлчилгээ явуулдаг “Монос”-ын эмийн сангаас эм худалдаж авсан иргэдийн гомдлын дагуу асуудал илэрсэн . Сэтгэцэд нөлөөлдөг эмийг жороор өгөх хуультай. “Монос” компанийн хувьд тус эмийн сангаа сонгоод сэтгэцэд нөлөөлдөг уг эмийг худалдаалахаар зохион байгуулсан юм билээ. Тухайн үед юу болсон гэхээр эмийн жор баригч эмийн тунг андуурч өгснөөс үүссэн. Нийт 23 хүнд тус эмийг өгснөөс 16 нь хэрэглэсэн, долоо нь хэрэглэж амжаагүй байсан. Эцэг эхчүүдээс гомдол ирсэн даруйд “Монос” компанийнхан эм авсан иргэдтэй холбогдож хэрэглэхгүй байхыг сануулсан. Одоогоор хоёр хүүхэд ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байна. Нэг нь нярайн тасагт, нөгөө нь нярайн дотрын тасгийн сэхээнд эмчлүүлж байна. Эмийн сангаар худалдаалж байсан фенобарбиталын хувьд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй байсан. Аливаа эмийг эмийн үйлдвэр бүртгүүлж байж зах зээлд нийлүүлэх ёстой. Ерөнхийдөө манайд дотоодын эмийн үйлдвэрийн эмийг бүртгэх ажил төдийлөн хангалттай биш байдаг. Үүнээс үндэслээд МХЕГ- ын А0108 буюу Монгол Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар долдугаар сарын 21-нд гарсан. Албан даалгаврыг аваад эмийн сан, эмийн үйлдвэрүүд, эм ханган нийлүүлэх байгууллагуудад эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдаалахыг хориглож, үйлдвэрлэхийг ч мөн зогсоох арга хэмжээ авч эхэлсэн . Байцаагч нар шалгалтаар гарчихсан явж байна. Ингээд аравдугаар сарын 1-нээс эмийн бүртгэлд бүртгүүлээгүй эм худалдаалсан аль ч эмийн сангийн үйлчилгээг бүрэн зогсооно. Уг албан даалгавар дөнгөж гараад удаагүй байтал хүүхдүүд эмэнд хордсон асуудал гарсан нь том цочроо боллоо. 

-Дээрх эм өмнө нь худалдаанд гарч байсан биз дээ. Эм зүйч буруу тун хэлж өгснөөс болсон гэсэн үг үү? 

-Эмийн хувьд олон жил үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглэчдэд аль хэдийнэ танил болсон. Хуучин 100 мг- аар савласныг хүүхдэд дөрөв хувааж хэрэглэх заалттай байсан. Хэрэглэгчид люминал гэж нэршиж заншсан. Гэтэл саяхнаас тус эмийн тунг нь жижигрүүлж 50 мг-аар савласан байгаа юм. Хүүхдийн биеийн жинд тохируулж хэрэглэх ёстой. Нэг килограммд таван мг байхаар бичиж өгдөг. Гэтэл сая тун андуурч өгснөөс болж хүүхдүүд 9-13 дахин их тун хэрэглэсэн. 

-“Монос” ХХК үйлдвэрлэдэг гэсэн үг үү? 

-“Эмийн үйлдвэр” гэж тусдаа компани үйлдвэрлэсэн. Үүнийг “Монос”-ын эмийн сан худалдаалж байсан. Ерөнхийдөө бусад эмийн сангуудад ч худалдаалж байгаа. Иймээс зөвшөөрөлгүй эмүүдийг манай байцаагчид татаж авахаар ажиллаж байна. Эмийн үйлдвэр, эм ханган нүүлүүлэх байгууллагууд зөвшөөрөлгүй эмүүдийг худалдаанаас татаж аваад манай байцаагч нарт тоолуулж устгах ёстой. 

-Танайхаас хүүхдүүд хордсонтой холбогдуулж орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудтай цахим хурал хийсэн гэсэн. Ямар үүрэг даалгавар өгсөн бэ? 

-Бүх аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынханд үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд дээрх эмийг буцаан татаж байгаа. 

-Өмнө нь хүүхэд олноороо хордож байсан тохиолдол бий юу? 

-Дээрх эм сэтгэцэд нөлөөлдөг гэдэг утгаараа тун ихэдсэн тохиолдол гарч байсан. Үүнийг холбогдох хууль журмын дагуу зохицуулж ирсэн. Тэгэхээр өнөөдөр эмийн бодлого барьж байгаа байгууллагууд эмийн санд ажиллаж байгаа боловсон хүчнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй.
 

Б.Цэцэгдэлгэр