Жүжигчин Б.Хулан МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа
2014/08/15
14 настайдаа Монголын анхны фото мисс болж, "Х Түц" продакшны жүжигчнээр ажиллаж байсан жүжигчин Б.Хуланг уншигч та бүхний эчнээ танил болсон. Дунд ангиасаа л жүжигчин болохыг хүсч байсан учраас тэмцээн уралдаанд алгасалгүй ордог нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэдэг. Багадаа олон тэмцээн уралдаанд орж байсны нэг нь фото миссийн тэмцээн. 1997 онд анх эгчтэйгээ"Үнсгэлжин"-д хамтдаа оролцож, эгч нь загвар зохион бүтээгчээр гранпри, харин Хулан шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан.
Долдугаар ангиасаа эхлэн урлагийн тэмцээн уралдаанд орох болсон. Тэр цаг үеэс л урлагийн сайханд улам ихээр татагдаж жүжигчин мэргэжлийг сонгосон аж. Сургуулиа 2006 онд төгсөөд л “Х Түц” хамтлагт жүжигчнээр ажиллаж эхэлсэн.
Тэрбээр "Ийм нэгэн дурлал кино”, “Хориотой жүжиг”-ээрээ олны танил болж урлагийн тогоонд царайлаг, сайхан гэх тодотгол хүртэх бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн өсч яваа залуу жүжигчин. Шинэхэн дэлгэцийн бүтээл болох "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны кинонд Сараа гэх эмэгтэйн дүрийг бүтээжээ. Түүний тоглосон уг кино өчигдөр Өргөө, Тэнгис кино театруудад нээлтээ хийсэн билээ.
Нээлтийн үеэр жүжигчин Б.Хуланд Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамнаас түүний урлагт хүчин зүтгэж буйг нь өндрөөр үнэлэн МУСТА цол тэмдгээр шагналаа.
Шинэхэн МУСТА-даа уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргээд, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Д.Ана
Зочин · 2014/09/01