“Нанжин-2014” наадмаас Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ
2014/08/26
БНХАУ-ын Наньжин хотноо дэлхийн залуучуудын II наадам өчигдөр 14-дэх өдөртөө үргэлжилж, өндөрлөв. Дэлхийн 204 улсын 3600 гаруй өсвөрийн тамирчид спортын 28 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
"Нанжин-2014" дэлхийн залуучуудын II наадамд манай улсаас хөвгүүдээс жүдогийн Ц.Цогтбаатар, охидоос чөлөөт бөхийн Б.Дөлгөөн, жүдогийн Ц.Хулан, хийн урт бууны Н.Ангирмаа, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг нарын таван тамирчин оролцлоо. Мөн ширээний теннисний тэмцээний шүүгчээр Э.Мөнхбилэг ажиллав.
Тус наадмаас Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж, М.Анхцэцэг IV байрт, Ц.Хулан VII, Н.Ангирмаа VIII байрт шалгарлаа. Хэдийгээр таван тамирчин оролцсон ч нэг мөнгөн медаль хүртэж, шагналт байранд гурван тамирчин шалгарлаа.
Чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд барилдсан спортын мастер Б.Дөлгөөн Болгар, Алжир, Венесуль улсын бөхчүүдийг ялж, БНАСАУ-ын бөх Ким Сонянд ялагдан мөнгөн медаль хүртэв. Түүний багш Д.Мөнхбаяр залуучуудын хоёр наадам дараалан медальтан төрүүлсэн багшаар тодорч байна.
Монголын баг нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар өнөөдрийн (өчигдөр) байдлаар 71-р байрт бичигдэж байна. 86 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ 35 алт, 10 мөнгө, 13 хүрэл, нийт 57 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ (22+18+11), АНУ (8+2+6), Украин (6+8+8), Итали (6+8+6), Унгар (6+6+11) улсын баг удаалж байна. Азийн орнуудаас Япон (5+8+5) VIII, Өмнөд Солонгос (4+5+5) XII, Тайвань (3+3+2) XV, Тайланд (3+2+3) XVII, Хойд Солонгос (3+2+0) XVIII байрт бичигджээ.
Д.Ана